О.Цогтгэрэл: 30 жилийн өмнө л тог хязгаарлана, цахилгаан тасална гэж ярьдаг байлаа

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонсож байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Засгийн газраас урьдын адил асуудал дүүрэн мэдээллээ сонсголоо. Цахилгаан дулаан, уур, ус хангамж гэдэг бол эдийн засгийг хөдөлгөгч. 30 жилийн өмнө л тог хязгаарлана, цахилгаан тасална гэж яригддаг байлаа. Гунигтай нь одоо энэ яриаг яриад эхэллээ. Бид арагш ухарч байна. Бизнес эрхлэхэд хамгийн ихээр саад болж буй зүйл нь эрчим хүч болж хувирлаа. Эрчим хүч, дэд бүтэцгүйгээсээ болж улсаараа ганц хонхор руу чихэлдсэнээс энэ түгжрэл, утаа үүдэлтэй. Улсын нийслэлийн төв цэг энэ танхимаас хойшоо хоёрхон километрт иргэд усаа зөөж, нүүрсэн халаалт, модон жорлон хэрэглэн амьдарч байна. Хомсдсон, хүрэлцээгүй мөртлөө эрчим хүч нь маш хямдхан. Энэ чухал салбар өдгөө хомс, хямд, хөгжилгүй гэсэн чөтгөрийн тойрогт орчихлоо. Энэ бүхэн улс төрийн системийн хамтын бүтээл. Чөлөөт эдийн засгийн харилцаанд алхмын төдий ч шилжээгүй, төрийн өмч хэвээр үлдсэний хар гай. Сүүлийн 30 жилд эрчим хүний хэрэглээ 2.2 дахин өсөж байхад импортоор авдаг эрчим хүч 11 дахин өсжээ. Бид бусдаас улам хараат болж байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)