Домогт хөлбөмбөгчин Пелегийн биеийн байдал муудсан гэх мэдээлэл цацагдлаа

XX зууны шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн дэлхийн гурван удаагийн аварга домогт хөлбөмбөгчин Пелегийн биеийн байдал нь муудсан байна. Өнгөрсөн мягмар гарагт  Бразилийн Сан-Паулу хотын эмнэлэгт хүргэгдсэн түүний биеийн байдлыг тогтвортой байгаа гэж эмч нар өмнө нь мэдээлж байсан ч, түүнийг химийн эмчилгээнд хариу үзүүлэхээ больж, хөнгөвчлөх эмчилгээнд орсон гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ.

Хөнгөвчлөх эмчилгээ гэдэг нь эмчилгээ авах найдлагагүй болж, амьдралын төгсгөлийн шатанд орсон хүнд өвчтэй хүн болон ар гэрийнхэнд нь сэтгэл санааны тусламж үзүүлж, өвчтөний өвдөлт, зовиур шаналлыг хөнгөвчлөхөд чиглэсэн асаргаа, сувилгаа, эмчилгээг хэлдэг байна.

Гэхдээ энэ мэдээлэл хэвлэлээр цацагдсаны дараа Пелегийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлгээс түүний биеийн байдлыг тогтвортой байгаа гэсэн мэдэгдлийг хийжээ.  

Түүнчлэн Пеле биеийн байдал нь сайн, ДАШТ-д багаа дэмжиж эрч хүч авч байгаа гэж өчигдөр орой өөрийнхөө цахим хуудастаа бичжээ.

Гэхдээ энэ жил 82 настай домогт хөлбөмбөгчин Пелегийн биеийн байдал муудсан гэх мэдээлэл цацагдсантай холбоотойгоор Пелегийн төлөө залбирч, хурдан эдгэхийг хүссэн зурвас дэлхийн өнцөг булан бүрээс ирж байна.

Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе “Хөлбөмбөгийн хаан”-ыхаа төлөө бүгдээрээ залбирцгаая гэж бичсэн бол Английн шигшээгийн ахлагч Харри Кейн “Пелегийн өвчний талаарх мэдээллийг сонсох бидэнд маш гунигтай байна. Тэр  бол урам зоригтой гайхалтай хүн. Түүнд хурдан эдгэхийг хүсье” гэжээ.

ДАШТ–ийг зохион байгуулагч Катар улс Пелег дэмжиж буйгаа илэрхийлж “Хурдан эдгээрэй” гэсэн үгтэй Пелегийн зургаар барилгыг гэрэлтүүлсэн байна. Түүнчлэн Лусаи цэнгэлдэх хүрээлэнд болон Халифа цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх Аспайр цамхагт Пелегийн алдарт 10 дугаартай өмсгөлтэй зургийг байршуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)