Г.Отгонтамир: Жолооч нарыг торгохоос илүүтэй иргэдийг түргэн шуурхай зорчуулах үүднээс хяналт тавин ажиллаж байна

Нийслэлд нийтийн тээврийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэл цагдаа нар гарч, замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг л зорчуулж байгаа юм. Ингэхдээ ачаалал ихтэй оргил цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж ажиллаж байгаа цагдаагийн 100 гаруй алба хаагч дээр нэмэлтээр 400 гаруй алба хаагчийг 2 ээлжээр 200 гаруй хяналтын цэгт нэмэлтээр ажиллуулж байна. Энэхүү замын хөдөлгөөн зохицуулалт, ямар үр дүнтэй байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа. Тэрээр "Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх үйл ажиллагааны хүрээнд нийт 327 цэгийг хяналтад авч, 400 гаруй албан хаагч, 44 албаны автомашин, 17 ачигч, чирэгч, мөн 14 авто тээврийн улсын байцаагч ажиллаж байна. Ер нь нэгдүгээр эгнээгээр зорчсон зөвшөөрлийн бус автомашиныг 20 нэгжээр торгодог. Гэвч өнөөдөр торгохоос илүүтэй иргэдийг түргэн шуурхай зорчуулах үүднээс хяналт тавин ажиллаж байна. Иймд иргэдийг чиглэлийн тээврийн бус хэрэгсэлд зорчихгүй байхыг уриалж байна. Энэхүү үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа нь одоогийн байдлаар тодорхойгүй байна" гэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчснийг торгохгүй өнгөрөөх шийдвэрийг хэн цуцалсан юм бэ? Хууль зөрчсөн хэрэг шүү

    0 0 Хариу бичих