Эрхээ эдэлж болно, гэхдээ эмх замбараагүй байдал үүсгэж болохгүй

Жагсаалыг албадан тараах шийдвэр гаргасан талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дөнгөж сая мэдээллээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар жагсаалыг хоёр цагийн хугацаанд тараах санал хүргүүлжээ. Мөн талбайд цугларсан иргэдийн 90 орчим хувь нь оюутан залуус байгаа гэдгийг мэдээлсэн юм.

"Хэрэгцээгээ мөрөөдөл болгож амьдармааргүй байна", "Монголдоо шударга гоё амьдаръя", "Амьдрах арга алга", "Шударга ёсыг тогтоо", "Бидний ирээдүйг битгий хулгайл", "Энэ жагсаал үнэгүйдэх ёсгүй", "Өнөөдрийн ажлаас маргааш илүү чухал байна" зэрэг самбар өргөсөн иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төв талбайд жагсаж байгаа зарим жагсагч Төрийн ордон руу дайран орж, Төрийн тусгай албан хаагчдын шаардлагыг үл биелүүлэх, хүч хэрэглэн эсэргүүцэх зэргээр зөрчил гаргасан. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай байдаг юм. Түүнээс гадна тус жагсаалд оролцогчид дунд согтууруулах ундаа хэрэглэсэн хүн олон байгаа нь эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тиймээс дээрх захирамжийг гаргаж буй аж. Түүнчлэн эмнэлгийн яаралтай тусламж авах хүмүүсийн тоо ч нэмэгджээ.

Хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь ардчиллын үндсэн зарчмын нэг. Энэ бол бидний нийгэмд байгаа хамгийн том үнэ цэн, эрх чөлөө гэдэг нь үнэн. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлд Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй хэмээн заасан байдаг ч жагсаал цуглаан хийх журмыг тогтоох, уул арга хэмжээний үед нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. 
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хуцаач eagle

    0 0 Хариу бичих