УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоос гадна Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ?

УИХ өнгөрсөн долоо хоногт сонгуулийн тухай хуулиа хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын гишүүд "Холимог тогтолцоогоор сонгууль явуулахын тулд гишүүдийнхээ тоог нэмэх хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. 

Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "УИХ-аас өгсөн үүргийн дагуу Ерөнхий сайд захирамж гаргаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг төслөө боловсруулсан. Одоо яамдаас санал авах процесс үргэлжилж байгаа. Цаашид олон нийтээр хэлэлцүүлнэ. Ер нь манай улсын парламентын гишүүдийн хэт цөөн байгаа. 1992 онд Үндсэн хуулиа баталж сонгууль явуулахад нэг УИХ-ын гишүүн 24 мянга орчим иргэнийг төлөөлдөг байсан бол одоо 45 мянга орчим иргэнийг төлөөлж байгаа. Парлментын гишүүн дээд тал нь  хүн амынхаа нэг хувийг төлөөлөх зарчим олон улсад мөрдөгддөг. Манайд энэ хэмжээ 1.45 хувьд хүрсэн" гэсэн юм.

Д.Амарбаясгалан сайдын хэлсэнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж олон нийтээс санал авч эхэлжээ. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоо 152 байхаар тусгасан бөгөөд мөн сонгуулийн тогтолцоог тодорхой тусгаж 76 гишүүнийг мажоритар, үлдсэн 76-г нь пропорциональ аргаар сонгохоор заасан байна. Мөн 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр 2019 онд өөрчлөлт оруулсан "Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна" гэсэн заалтыг хүчингүй болгохоор тусгажээ.

Үндсэн хуулийн 

Үндсэн хуулийн ямар заалтууд хэрхэн өөрчлөгдөх вэ?

Энэхүү өөрчлөлтийг оруулснаар Үндсэн хуулийн ямар заалтууд яаж өөрчлөгдөхийг танилцуулъя.

Хүчин төгөлдөр байгаа хууль: 13.1.Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.

Өөрчлөхөөр төлөвлөж буй хувилбар: 13.1.Монгол Улсын төрийнэрх барих дээд байгууллага байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.

Хүчин төгөлдөр байгаа хууль: 21.1.Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.

Өөрчлөхөөр төлөвлөж буй хувилбар: 21.1.Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно.

Хүчин төгөлдөр байгаа хууль: 65.1.Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.

Өөрчлөхөөр төлөвлөж буй хувилбар: 65.1.Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно.

Хүчин төгөлдөр байгаа хууль: 66.1.Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.

Өөрчлөхөөр төлөвлөж буй хувилбар: 66.1.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана.

Хүчин төгөлдөр байгаа хууль: 66.2.Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:

Өөрчлөхөөр төлөвлөж буй хувилбар: 66.2.Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:

Өөрчлөхөөр төлөвлөж буй хувилбар: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. 

Хүчингүй болгох заалт: Арван есдүгээр зүйлийн 2.Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)