Нарнаас хамгаалах тос тогтмол түрхэж хэвшээрэй

Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нарны тосон дээр SPF15, SPF20, SPF30, SPF50 гэх тэмдэглэгээ бий. Энэ нь Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл гэсэн утгыг илэрхийлнэ. Ихэнх нарны тос UVB төрлийн хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай байдаг. Ийм төрлийн тос нь SPF15 буюу түүнээс дээш найрлага бүхий гэсэн шошготой байх бөгөөд арьсыг зөвхөн наранд түлэгдэхээс хамгаална гэсэн үг. Харин UVA төрлийн хортой туяанаас хамгаалдаггүй байна. Иймээс нарнаас хамгаалах тос нь түлэгдэлт, үрчлээ болон толбо үүсэхээс нэгэн зэрэг хамгаалах боломжгүй аж. Нарны гэрэлд ямар ч хамгаалалтгүй гарсан арьс 20 минутын дараа гэхэд л улайж эхэлдэг. Тийм ч учраас SPF найрлагатай тос хэрэглэхийг зөвлөе.
SPF нарнаас хэдий хугацаанд хамгаалах тухайд
- SPF15- нарнаас 3-4 цаг, UVB туяанаас 93 хувь .
- SPF25- 4-6 цаг, нарны хэт ягаан туяанаас 97 хувь,
- SPF30- наранд 6-8 цаг байхад айлтгүй
- SPF50-нарнаас 9-11 цаг, нарны хэт ягаан туяанаас 99 хувь хамгаална.
Мэдээж SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь уртасна, гэхдээ үүнийгээ дагаад арьсанд үзүүлэх хорт нөлөө ч бас ихэсдэг гэдгийг санах хэрэгтэй. Зарим тосны заавар дээр РА гэж бичсэн байдаг. SPF, PA гэсэн хоёр тэмдэглэгээ аль аль нь нарны хэт ягаан туяанаас хамгаална гэсэн үг. РА+ тэмдэгтэй байвал дөрөв, РА++ байвал найман цаг хамгаалах үйлчилгээтэй.
Өөрийн арьсны онцлогт тохирсон нарны тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглэвэл зүгээр. Харин тослог эсвэл батга гардаг эмзэг арьстай бол спиртэнд суурилсан тос хэрэглэхэд тохиромжтой. Түүнчлэн сонголт хийхдээ өдөрт хэдэн цаг наранд байдаг гэдгээ тооцоолох нь чухал. Хэрэв та цэвэр агаарт удаан хугацаагаар амардаг, ажилладаг бол усны хамгаалалттай нарны тосыг хэрэглэх шаардлагатай. "Water resistant" and "very water resistant" гэсэн шошго бүхий нарнаас хамгаалах тосыг зөвхөн гол горхи, нуур цөөрөм орчимд буй хүмүүс биш нартай өдрүүдэд спортоор хичээллэж буй хүмүүс ч хэрэглэх хэрэгтэй. Уг тосны үйлчлэх ердийн хугацаа нь 40 болон 90 минут гэсэн хоёр янз байдаг.
Зургаан сараас дээш насны бүх хүмүүс нарнаас хамгаалах тос түрхэж хэвшихийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Харин зургаан сараас бага насны хүүхдүүдийг нарны гэрлийн шууд тусгалаас хол байлгах хэрэгтэй аж. Хэт ягаан туяаны хэмжээ хамгийн их байдаг өдрийн цагаар хүүхдээ гадагш гаргахаас зайлсхийгээрэй. Хэт ягаан туяаны хэмжээ ялангуяа зуны өглөө 10-16 цагийн хооронд илүү хүчтэй байдаг аж. Хүүхдийн арьс нарны шууд тусгалаас болж хурдан гэмтдэг. Тийм учраас нарнаас хамгаалах тос насанд хүрэгчдээс илүү хүүхдэд шаардлагатай.