Уланд үлдэх Улс төрийн намын тухай хууль
Эрх баригчид, сөрөг хүчин, УИХ-д суудалтай, суудалгүй улс төрийн намууд, олон нийтээс хамгийн их зөвшилцөл шаарддаг хуулийн өөрчлөлт бол Үндсэн хууль, УИХ-ын сонгууль, Улс төрийн намын тухай хуулийн төсөл. Улс орны тусгаар тогтнол, төрийн тогтолцооны хамгийн чухал суурь хуулиуд гэдэг утгаараа өөрчлөлтөд нь нийгмийн зөвшилцөл зайлшгүй шаардлагатай. УИХ эдгээр хуулийн төслийг нэгэн зэрэг хэлэлцэж байсан түүх үгүй. Харин энэ удаа нэгэн зэрэг УИХ-аар хэлэлцэхэд бэлэн болоод байна.
Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг дараагийн сонгуулиас нэг жилийн өмнө буюу ирэх зургаадугаар сарын 20-ны дотор батлах учиртай. Энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоогоо өөрчилж хомилог тогтолцоотой болохоор төлөвлөж буй. Хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийнхаа хүрээнд буюу 76 гишүүнтэй хэвээрээ байна гэж үзвэл УИХ-ын сонгуулийн хуулиа өөрчлөөд л холимог тогтолцоотой болчихож болно.
Харин эрх баригчид, сөрөг хүчин, УИХ-д суудалгүй намууд гээд бүгд парламентын гишүүдийн тоог нэмэх ёстой гэдэгт санал нэгдээд байна. Монгол Улсад бүртгэлтэй 36 улс төрийн нам үзэл баримтлал, үнэт зүйлээсээ үл хамааран анх удаа ийнхүүнэг асуудалд санал нэгдээд байгаа нь энэ. УИХ-д сууж байгаа, сууж байсан нь дахин сонгогдох, сонгогдохын хүслэн болсон парламентад суудалгүй намын дарга нар нь хүслээ гүйцээх гэсэн явцуу эрх ашигт нэгдсэн гэсэн үг. Олон нийтэд ярихдаа “Хүн ам өссөн учир УИХ-ын гишүүдийн төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй”, “Гишүүд лоббид өртөхөөс сэргийлж гишүүдийн тоог нэмэх нь зөв”, “Олон улсад манайх шиг цөөхөн гишүүнтэй парламент байхгүйүнХзү” гэх зэргээр тайлбарлаж буй. Гэвч начир дээрээ парламентад сууж үзэх, дахин сонгогдохын төлөө л УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжицгээж байгаа.
УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэнээр УИХ-ын гишүүдийг тоог нэмэх нь нэгэнт тодорхой болов. Харин 152 уу, эсвэл багасгах уу гэдэг нь хэлэлцүүлгийн шатанд тодорхой болно.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай намын бүлгийн гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Энэ өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа нэг ч гишүүн байхгүй. Тиймээс УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хугацааны тухайд ирэх зургаадугаар сарын 20-ны дотор Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулна гэж тооцож байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 30-35 хоногт багтаан хэлэлцэх боломжтой. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулчихаад залгуулаад УИХ-ын сонгуулийн хуулиа батлах ёстой. Үндсэн хуулийн төсөлд улс төрийн нам байгуулахад нийт сонгогчдын нэг хувийн саналаар байгуулах тухай заалтыг хасах санал УИХ-д орж ирэхгүй. Яагаад гэвэл, бид 2019 онд өөрчлөлт оруулсан асуудлаар дахин өөрчлөлт оруулахгүй. Яагаад гэвэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэг өөрчлөлт оруулсан асуудлаар найман жилийн дотор лахин өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт бий. Тиймээс журмын хуульд өөрчлөлт оруулахгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж үзэж байгаа” гэлээ.
Харин Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийг хэзээ хэрхэн хэлэлцэх талаар эрх баригч намын бүлгээс ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй. Үндсэн хуульд 2019 онд оруулсан “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн 2028 оноос хэрэгжих заалтаа ч хасахаасаа татгалзжээ. Уг нь анх Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд уг заалтыг хасахаар тусгасан юм. Тийм ч учраа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улс төрийн намыг 801 хүний гарын үсгээр байгуулах хуучин заалтыг нь хэвээр үдээгээд байв. Харин одоо Улс төрийн намын тухай хуулийн төсөл хэний ч хүрэхгүй уланд үлдэж байгаа бололтой. Хэдийгээр бүгд санал нэгдээд байгаа ч Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг зургадугаар сарын 20-ны дотор багтааж батална гэдэг амаргүй. УИХ-ын дарга 20-нд хамгийн сүүлчийн алхаа тогшиж таарна. Түүнээс хойш Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэсээр байтал хаврын чуулган завсарлана.
УИХ-д суудалтай, суудалгүй намууд Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөд л санал нэгдсэн. Харин Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тийм ч амархан санал нэгдэхгүй гэдэг нь өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон намуудын хурлаас харагдсан. Тиймээс Улс төрийн намын тухай хууль хэзээ хэлэлцэн батлагдах нь тодорхойгүй уланд дарагдан үлдэх бололтой.
Зочин 2023/05/02
Хууль гаргаад үйлдвэрлээд буцаж болиулаад хэрэгжүүлж амжилгүй улирал улирлаар солиод байх юм бол ямар нэмэр байна
0 0 Хариу бичих