Ирэх өвлийг хэрхэн давах вэ. Эрчим хүчний үнийг нэмэх үү?

Өвөл бол Монгол Улс, айл өрх, монгол хүн бүрийн хувьд сорилт. Хахир хүйтэн өвлийг ая тухтай даван туулахын тулд түлээ түлш, идэж ууш, дулаан хувцас авах гээд эдийн засгийн хувьд сорилт их. Улс орны хувьд ч ялгаагүй. Өнгөрсөн өвөл л гэхэд манай улсын эрчим хүчний салбар ачааллаа дийлэхгүй гал алдах эрсдэлтэй гэдгээ ил цагаан зарлаж байлаа. Салбарын мэргэжилтнүүдээс нь эхлээд сайд нь хүртэл үүнийг анхааруулж байв. Үүний эсрэг богино хугацаанд хийх бодитой ажил ч байгаагүй. Мэргэжлийн бус сайд нь "Аргалана даа" гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байсныг бүгд санаж байгаа.

Мэргэжлийн хүмүүс нь арга ядаж газан плетка, газ, лаа, чүдэнзээ бэлдэхийг иргэдэд зөвлөж байв. Тухайлбал, Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур "Монгол Улс эрчим хүчээ дотоодоосоо бүрэн хангаж чаддаггүй. Нийт цахилгаан хэрэглээний 20 хувийг ОХУ, БНХАУ хоёроос импортоор авч байгаа. Энэ 20 хувийн 70 хувийг нь БНХАУ-аас авч, Оюу толгой хэрэглэдэг. Харин үлдсэн 30 хувийг нь ОХУ-аас төвийн эрчим хүчний системдээ авч хэрэглэж байна. Мөн дэлхийн эрчим хүчний хөгжлөөс 40 жилээр хоцрогдолтой явж байна. Манай хамгийн том буюу дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд баригдсан. Үүнээс хойш дөрөвдүгээр цахилгаан станцтай чадлаараа дүйх нэг ч станц баригдсангүй. Тиймээс дөрөвдүгээр цахилгаан станц 40 жилийн өмнөх технологиор ажиллаж байна. Машинаар яривал “69” гэдэг машин 40 жилийн өмнө моданд орж  байсан бол одоо хоцрогдчихсон. Яг үүний адил дэлхийн эрчим хүчний техник, технологи хөгжөөд, Монголд ашиглаж байгаа техник, технологи хоцрогдсон. Эрчим хүчний салбар 20 хувийн нөөц чадалтай байх ёстой. Гэвч манай эрчим хүчний салбар 20 хувийн дутагдалтай явдаг. Энэ нь өнөөдрийн Монголын эрчим хүчний чадал хэрэглээгээ хангаж хүрэхгүй байгааг харуулаад байгаа юм. Нөгөө талдаа иргэдийн эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өссөөр байна. Ийм дутагдалтай тул өвөл хөлдөх бодит нөхцөл үүссэн нь үнэн. Эрчим хүчний тоног төхөөрөмжийн 40 хувь нь хуучирч, ашиглалтын хугацаа нь дууссан. Тиймээс янз бүрийн техникийн аваар, саатал үүсэж тун болзошгүй. Тэгэхээр иргэддээ юуг зөвлөх вэ гэвэл, энэ өвөл газан плетка, газ, лаа, чүдэнзээ бэлдэх хэрэгтэй. Энэ бол хүмүүсийг айлгах гэсэн юм огт биш. Тиймээс иргэд дээрх зүйлсийг бэлдэхийн хажуугаар сэтгэл зүйгээ бэлдэж, дулаан хувцсаа хангах, гэр байшингийн сийгэлт, дулаан хадгалалт зэрэгтээ анхаарах хэрэгтэй. Эрчим хүчний яам үүнд бэлдэж, нэг, хоёр, гуравдугаар зэргийн хэрэглэгчдийг судалж, хаана хязгаарлалт тогтоохоо бэлдэж байгаа байх" гэж байлаа. Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ гэдэг шиг ямартай ч гал алдаагүй. 

Ч.Хүрэлбаатар: Эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй

Эрчим хүчний салбарыг айдаст автуулсан өвөл аль хэдийнэ өнгөрч удахгүй бид зунтай золгох гэж байна. Гэхдээ удахгүй дахиад л өвөл болно. Ирэх өвөл ч айл өрхүүдэд газан плетка, газ, лаа, чүдэнзээ бэлдэхийг зөвлөх үү? УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа байдлыг засаж залруулж чадах уу" гэсэн Д.Батлут гишүүний асуултад хариулахдаа "Эрчим хүчний салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж байгаа. Хүчин чадал нь хүрэлцдэггүй. Үйлдвэр, үйлчилгээ бий болгоё гэхээр эрчим хүчний эх үүсвэр байхгүй. Гаднаас зээл аваад цахилгаан станц барьж эрчим хүчний хэрэглээгээ хангана гэдэг буруу загвар. Үүний шийдэл нь эрчим хүчний үнийг өсгөхөөс өөр арга байхгүй. Эрчим хүчний үнийг нэмэхгүйгээр энэ салбар хэзээ ч хөгжихгүй. Бидэнд өөр сонголт бараг байхгүй" гэв. 

Ирэх өвлөөс өмнө эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болж амжихгүй. Тиймээс эрчим хүчний үнийг нэмж, шатлал бүрдээ алдагдалтай ажиллаж буй энэ салбарын алдагдлыг нөхөх үү? Үнэ нэмнэ гэдэг нь цаг хугацааны л асуудал. Харин хэзээ вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын дээрх үгэнээс бас нэг зүйл анхаарал татсан нь "Гаднаас зээл аваад цахилгаан станц барьж эрчим хүчний хэрэглээгээ хангана гэдэг буруу загвар" гэсэн байр суурь. Түүний ажиллаж буй Засгийн газар БНХАУ-аас зээл авч Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих гэж буй. Гэтэл улс орноо хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, бодлогоор дэмжих үүрэгтэй Эдийн засаг, хөгжлийн сайд нь Засгийн газрынхаа бодлого, үйл ажиллагааны эсрэг байр суурьтай байгаа нь анхаарал татав. Засгийн газрын тухай хуульд зааснаар Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудлууд багтдаг юм.

  • Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зээл, тусламжийн нэгдсэн бодлого;
  • Макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт;
  • Бүсчилсэн хөгжлийн бодлого;
  • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;
  • Эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого;
  • Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт;
  • Эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;
  • Хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал;
  • Өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт;
  • Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;
  • Хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого;
  • Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлт.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хулгайчид бүгдээрээ зайлаачээ. Чойжилсүрэн фсда ажил болгоныг мөнгө гэж хардаг ХУВАЛЗ. Идэж ууж цусалж ханахгүй хулгайч нар сайд хийлгэхээ больцгоо

    0 0 Хариу бичих