“Хуулийн хулгайтай тэмцэнэ” уриатай гишүүн Байнгын хороогоо “дээрэмдүүлж”, хуулиа хулгайлуулав

УИХ өнгөрсөн долоо хоногт Хууль тогтоомжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Ингэхдээ уг хуулийн төсөлтэй хамт Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлав. Уг тогтоолын төслийн агуулга нь Төрийн ордны баруун талд байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнг УИХ-ын дэргэдэх байгууллага болгох тухай юм. УИХ-ын дарга Г.Занданшатар “Ингэснээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн статусыг дээшлүүлж байгаа юм” хэмээн тайлбарласан.

Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр өөр тайлбар хэлсэн юм. Тэрээр “Миний бие Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байх хойгуур манай Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, хууль дагаж тогтоол гаргаад Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж байна. Би Хууль зүйн байнгын хорооны дарга байх хугацаандаа хуульчдын оюуны өргөөг татан буулгах нүгэл хэзээ ч үйлдэхгүй. Б.Чимэд багш анх Хууль зүйн хүрээлэнг байгуулах үедээ “Энэ байгууллага байшин, байршил хоёроосоо болж байхгүй болох байх даа” хэмээн санаа зовж хэлсэн байдаг. Б.Чимэд багшийн хэлсэн үг биеллээ  олж байна. Хэрэг дээрээ УИХ-ын судалгааг сайн болгох гэж хийж байгаа асуудал биш энэ бол барилгыг нь авах гэсэн санаархал. Би энэ асуудлаар иргэн хүнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд тогтоолын төслийг хүчингүй болгох асуудлаар хандана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ асуудалд хориг тавиасай гэж хүсч байна” гэсэн юм.

Б.Энхбаяр гишүүний өөрийнх нь хэлж байгаагаар бол Хууль зүйн байнгын хороо хуралдах хуваарьгүй байтал өөрийг нь Цэц рүү явсан хойгуур гэнэт хуралдуулсан мэт. Бараг өөрийг нь УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж Цэц рүү явуулсан нь ч зохион байгуулалттай гэхээс наагуур тайлбар хийв. Яг үнэндээ бол Хууль зүйн байнгын хороо лхагва гаригийг 13.30 цагаас хуралдаж бусад гэсэн тайлбартай нэг асуудал хэлэлцэх хуваарь аль эрт буюу өмнөх долоо хоногийнх нь баасан гаригт гарчихсан байв. Байнгын хороо нь хэзээ хуралдахыг Б.Энхбаяр дарга мэдэж л байх ёстой. Гэтэл “Өөрийг нь эзгүй хойгуур гэнэт хуралдуулаад хуулийн хулгай хийлээ” гэсэн тайлбар нь нэг л итгэл үнэмшилгүй. 2020 оны УИХ-ын сонгуулиар “Хуулийн хулгайтай тэмцэнэ” уриатайгаар гарч ирсэн түүний ярьж байгаагаар бол эзгүй хойгуур нь Хууль зүйн байнгын хороог нь “дээрэмдэж” хуралдуулаад, хуулийг нь хулгайлчихаж.

УИХ өөрийгөө барьж өгөв

Энэхүү үйл явдалд УИХ ч гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг хандав. УИХ-ын дарга Г.Занданшатар  “Хууль тогтоомжийн үнэлгээ хийх асуудал үндсэндээ хаягдсан. Өөрөөр хэлбэл, хуулийн нэр томьёоны жигдрэлт, хийдэл, давхардал, зөрчил дутагдалтай байгаа. Цаашлаад зарим яам, Тамгын газрууд Хууль зүйн үндэсний хүрээлэнг дэргэдээ авахаар санаархдаг болсон. Ийм учраас Хууль зүйн үндэсний хүрээлэнг хамгаалж, УИХ дэргэдээ авч байгаа юм. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн институцийг хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж, УИХ-ын дэргэд ажиллуулна” хэмээн тайлбарласан.

УИХ спикерынхээ энэхүү тайлбарын араас О.Баасанхүү, Т.Очирхүү, Ж.Амарсанаа, Ж.Бямбадорж,  Н.Лувсанжав зэрэг парламент, Цэцийн гишүүн асан хүмүүсээр “Хууль зүйн үндэсний хүрээлэнг УИХ-ын дэргэд авч байгаа нь зөв” гэсэн тайлбар хийлгүүлж, олон нийтэд түгээв. УИХ юунд ингэж сандарч тэвдэж, тэтгэвэртээ гарсан, гараагүй хуульчдаар шийдвэрээ өмөөрүүлэн тайлбар хийлгүүлнэ вэ? Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг л шиг өөрийгөө барьж өгсөн үйлдэл гэж харагдав.

УИХ Тамгын газраа Хууль зүйн үндэсний хүрээлэн рүү нүүлгэх үү?

“Хууль зүйн үндэсний хүрээлэнг УИХ дэргэдээ авч байгаа нэрээр байрыг нь ашиглах гэж байна”, “УИХ-ын гишүүдийг тоог нэмснээр Төрийн ордонд ажиллах хүмүүс багтахаа болино. Тиймээс УИХ-ын гишүүдийн туслахыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд суулгах нь” гэсэн хардлага, тайлбарууд явж буй. Энэ нь ч үнэний ортой. УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэх нь нэгэнт тодорхой болсон. Ингэсэн тохиолдолд 76 гишүүнтэй УИХ арайхийн багтаж буй Төрийн ордондоо багтаж шингэхээ болино. Тиймээс Тамгын газраа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр руу нүүлгэх өндөр магадлалтай. УИХ-ын гишүүдийн туслахуудыг тус хүрээлэнгийн байранд оруулна гэдэг бол худлаа. Дарга, туслах хоёр нэг дороо байх ёстой. Салгаад суулгана гэвэл дархан эрхтэй эрхэм гишүүд эсэргүүцнэ шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ муу Энхбаярыг ёстой араар нь гоё тавьжээ. Энэ нөхөр ч тэгүүлж байхдаа таарсан нөхөр байх даа.Занданшатар ч бас сайхан хулхиддаг гар бна даа. Манай ардын нам ч жинхэнэ ааш араншингаа харуулж эхлэв бололтой.

    0 0 Хариу бичих