Хүүхдийн эрх, хүний аминаас ч үнэтэй хобби

Тавдугаар сар гармагц Монгол орны өнцөг булан бүрд хурдан морины уралдаан болж байна. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр Өвөрхангайн баруун бүсийн уралдаан, хоёр өдрийн өмнө Баянхонгор аймагт “Номгон хайрханы хурд-2023” төвийн бүсийн уралдаан болов. Мөн энэ сарын 5-нд Багануур дүүрэгт "Нүүрэнтэйн их хурд-2023” хаврын бүсийн уралдаан болсон.

Энэ сарын 2-нд Хэнтий аймгийн Галшар суманд “Тэргүүн хурд” үндэсний морин уралдаан болохоор товлогдоод байлаа. Гэвч малын цэцэг өвчний улмаас хойшилсон. Цаашлаад энэ сарын 21-нд Төв аймагт “Ирээдүйн монгол магнай” монгол дааганы уралдаан, 30-нд Дорнод аймгийн Баяндун суманд мөн дааганы уралдаан зохион байгуулахаар болоод байна.

Ийнхүү тавдугаар сар гарангуут уяачид байж ядаж байсан мэт олон уралдаан зохион байгуулж байгаа нь учиртай. Засгийн газрын тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ны хооронд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Энэхүү хориглосон хугацаа нь дуусмагц хурдан морины уралдаан зохион байгуулж байгаа нь энэ.

Тавдугаар сарын 1-нээс өмнө хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон боловч уяачид удахгүй болох уралдаандаа бэлдэж дөрөвдүгээр сард хүүхдээр хурдан морь унуулж хүүхдийн эрхийг зөрчдөг. Цаашлаад энэ хугацаанд хүүхэд амь насаа алдсан тохиолдол ч гарч байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хурдан морь унаж байсан 11 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай явдал болсон. Хүүд эмнэлгийн тусламж үзүүлж, Улаанбаатар хотоос Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар очиж хагалгаа хийсэн боловч гэмтлээ даалгүй 24-нд нас барсан юм. Тухайн хүүхэд хамгаалалтын хувцас хэрэглэл, малгайгүй байжээ.

Бидний өвөг дээдэс хаврын тарчиг цагт мал зовоохыг зээрлэж ирсэн. Гэтэл энэ цаг үед үүнийг үл хайхран хүүхэд, морь хоёрыг зугаагаа гаргах хэрэгсэл болгов. Ер нь уяач байх гэдэг нь зиндаархал болж хувирсан. Сайд, дарга нар бүгд уяаж болж төрөөс гавьяа шагнал хүртэж түүгээрээ нэр хүндээ өсгөх оролдлого хийх болов. Гэвч тэд өөрсдөө хурдан морио уядаггүй ард нь нэг эгэл жирийн уяач хар бор ажлыг нь хийж, мориных нь уяа сойлгыг тааруулж байдаг. Ийм атал алдар гавьяаг нь өөрөө хөдөлмөрлөсөн мэт хүртэх нь ч зохимжгүй. Цаашлаад хурдан морины бизнес ч цэцэглэж, авлига, хууль бусаар олсон хөрөнгө мөнгөө нуух хэрэгсэл болсон зарим баримтаар нь нотлогдоод буй. Энэ мэтээр эрийн гурван наадмын нэг төрөл, өв соёл маань хэдхэн хүний зугаа цэнгэл болон хувирлаа. Үүнийх нь золиосонд жил бүр насанд хүрээгүй хүүхдүүд амиа алдсаар байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Төр засаг, хууль хяналтынхан нь хэдхэн орк уяачдыг толгой дээрээ гаргачихсан, дийлдэггүй, дийлэхийг ч хүсдэггүй нь сонин

    0 0 Хариу бичих
  2. хоцрогдсон, харанхуй бүдүүлэг нийгмийн нэг илрэл нь л энэ байх даа

    0 0 Хариу бичих