Органик “шашин”-ы төөрөгдөл
“Органик хүнс” гэж мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнийг хэлнэ.
Хүнсний тухай хуулиас...
Органик гэсэн шошго, тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүнүүд шил шилээ даран шинээр гарч байна. Анхандаа органик хүнс гэж гарч байсан бол одоо төрөл зүйл нь нэмэгдэж хөвөн, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, цаашлаад барилгын материалд хүртэл органик гэх нэршлийг хэрэглэх боллоо. Ийнхүү органик гэх тодотголтой бараа бүтээгдэхүүн зах зээл дээр дэлгэрч байгаа нь иргэд уг төрлийн бараа бүтээгдэхүүнийг ихэд сонирхон, худалдан авч байгаатай холбоотой. Тэгвэл органик гэсэн нэр, шошго, тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүнүүд жинхэнэ органик байж чадах уу. Учир нь, бараг “шашин” шахуу болчихсон органик гэсэн шошготой хүнс бүхэн органик байж чаддаг уу. Гол асуудал руугаа орохоос урьтаж органик хүнс гэж юуг хэлэх талаар тогтсон нэг ойлголтод хүрье. Учир нь, иргэдийн дунд органик хүнс гэж ямар хүнсийг хэлдэг талаар буруу ойлголт байдаг билээ.
Органик хүнс гэж юу вэ?
Органик хүнс гэдэг нь Монголын хөрсөнд тариалсан ногоо, малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэлдэг гэх буруу ойлголт иргэдийн дунд бий. Товчхондоо Монголд үйлдвэрлэсэн бол органик гэж эндүүрдэг. Гэтэл үнэндээ Монголын хөрсөнд тариалсан ногоо, малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн органгик хүнс биш юм.
Чухам органик хүнс гэж химийн бодис агуулаагүй, генийн өөрчлөлтгүй, өнгө үнэр амт оруулагчгүй, тогтворжуулагч, хадгалалт уртасгах бодис агуулаагүй, Органик хүнсний тухай хуулийн дагуу баталгаажсан хүнсийг хэлдэг. Органик хүнсийг тариалах, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, ангилах, савлах зэрэг бүхий л явцад органик хүнсний стандартыг хангасан байх ёстой бөгөөд энэ бүх нарийн шат дамжлагийг дамжсан эсэхийг хамтын эсвэл хөндлөнгийн байгууллагууд баталгаажуулдаг байна. Ингээд баталгаажуулсан тохиолдолд органик хүнс гэдгийг тодорхойлох зургаан төрлийн логоноос аль нэгийг нь үйлдвэрлэгч хэрэглэх зөвшөөрөлтэй болдог юм. Иймд иргэд органик хүнсийг худалдан авах гэж байгаа бол хамгийн түрүүнд лого, тэмдэгийг нь харах хэрэгтэй. Тодруулбал, орц бүрдүүлэгч нь 100 хувь органик бол ногоон дэвсгэр дээр “100 хувь органик монгол хүнс” эсвэл “Баталгаажсан 100 хувь органик монгол хүнс” гэсэн тэмдэглэгээ байна. Орц бүрдүүлэгч нь 90-99 хувь органик бол “Органик монгол хүнс” эсвэл “Баталгаажсан органик монгол хүнс” гэсэн бичигтэй тэмдэглэгээ байдаг. Харин “Органик монгол хүнс”-ээр баталгаажуулах эхний шатны шаардлага хангасан бол “Шилжилтийн үеийн органик монгол хүнс” гэсэн бичигтэй шар өнгийн тэмдэглэгээтэй байдаг юм. Ерөнхийдөө органик хүнс гэдэг маш нарийн үйл ажиллагааны явцад бий болдог бүтээгдэхүүнийг хэлдэг. Тухайлбал, малын гаралтай бүтээгдэхүүн дээр л гэхэд малд зориулалтын вакцин тарьсан байх, мал суурь өвчингүй байх, малаас гарсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын саванд хийж, зөв тээвэрлэх зэрэг шалгуурыг тавьдаг аж.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг
Сүүлийн жилүүдэд органик гэдэг нь зүгээр л маркетингийн ач холбогдолтой үг болжээ. Байгалийн гаралтай л бол органик хүнс гэж хүмүүс буруу ойлгодог. Гэвч органик бүтээгдэхүүнд технологийн маш нарийн шаардлага тавигддаг. Тухайн газрын хөрсний эрүүл байдал, хөрсөнд амьдарч буй ашигтай бичил биетүүд болон ус, агаарын цэвэр байдлаас хамааран гарч буй хүнсний бүтээгдэхүүнийг органик гэж нэрлэдэг.
Органик хүнс Монголд бий юу?
Монгол Улс Органик хүнсний тухай хуулийг 2016 онд баталж 2017 оны нэгдүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл дагаж, мөрдөж байна. Уг хуулиар органик хүнс гэж ямар хүнсийг хэлэх, хэрхэн тариалж, бэлтгэсэн байх, худалдаанд гаргахдаа ямар шошго тэмдэглэгээтэй байх зэрэг органик хүнсний талаарх бүхий л зүйлийг зохицуулсан юм. Харамсалтай нь, уг хуульд заасан стандартыг дагаж мөрдөөгүй, албан ёсоор бүртгүүлээгүй хэр нь органик, байгалийн гаралтай гэсэн нэр, шошгийг үйлдвэрлэгчид их хэрэглэх болжээ. Үүнийг дөрвөн жилийн өмнө явуулсан органик хүнсний талаарх хяналт, шалгалтаар илрүүлсэн байна. Уг хяналт шалгалтыг жишээ болгон авч байгаа нь тухайн цагаас хойш органик хүнсний талаарх томоохон хяналт шалгалт хийгээгүйтэй холбоотой. Тус шалгалтыг дурдвал, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран органик шошго, тэмдэглэгээ бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийсэн юм. Үүнд 360 хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамруулснаас дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9 хувь нь Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой байсан бол импортын хүнсний 35.7 хувь нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч “Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон байна. Үүнээс үзэхэд органик гэсэн шошго, тэмдэглэгээтэй ч стандартын дагуу үйлдвэрлээгүй, албан ёсоор бүртгүүлээгүй бараа бүтээгдэхүүн лангуун дээр худалдаалж байсан бөгөөд одоо ч худалдаалж байхыг үгүйсгэхгүй. Учир нь, органик хүнсний талаарх хамгийн том хяналт шалгалтыг дөрвөн жилийн өмнө л хийжээ. Хэрэв органик хүнсний талаар хяналт шалгалт тогтмол хийдэг байсан бол органик гэсэн нэртэй энэ олон хүнсэнд дэх эргэлзээтэй байдал багасах байв.
Органик хүнсэнд хэн хяналт тавьдаг вэ?
Дэлгүүрийн лангуу нь дээр эрээлжлэн байрлах органик гэсэн шошго, тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүн бүгд органик эсэх нь эргэлзээтэй болох талаар дээр дурдсан. Учир нь, органик хүнсний томоохон хяналт шалгалт хийгдэхгүй байгаатай холбоотой. Бүр цаашилбал, органик хүнсэнд хяналт тавих мэргэжилтэн цөөн байгаатай холбоотой.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам
Өнөөдрийн байдлаар Монголд Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлж буй хоёрхон мэргэжилтэн яаманд ажилладаг. Энэ чиглэлээр ажиллаж буй өөр хүн байхгүй. Гэтэл бид эрүүл хүнс хэрэглэдэг гэж ярьдаг ч бүрэн баталгаажуулаагүй. Малд хэрэглэж байгаа вакцин, эм хүртэл чанарын шаардлага хангахгүй байгаагаас болж органик хүнсээ хүлээн зөвшөөрүүлж, үнэтэй зарж чадахгүй байгаа юм.
Органик хүнс бол олон төрлийн химийн бодис ороогүй, урвал байхгүй, хүний бие махбодид хэрэгцээтэй амин дэмийг агуулдаг зэрэг маш хэрэгцээт бүтээгдэхүүн. Монголд маш олон төрлийн органик гэсэн шошго, тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүн гарч ирж байна. Гэвч эдгээр органик бүтээгдэхүүн жинхэнэ органик болох нь асар их эргэлзээтэй. Үүнийг шалгах ёстой мэргэжилтэн нь ч маш дутмаг байгаа юм. Иймд органик хүнсийг хянах мэргэжилтнүүдийг нэмж жинхэнэ органик хүнсний чанар, стандартыг сайжруулмаар байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл