Хайрцгаас гадуур сэтгэгчид
Хэдэн зуун жилийн турш төгс төгөлдрийн хэмжүүр хэмээгдэж ирсэн Давидын баримал шинэ мянганы өнгөнд ч ёс суртахууны шүүлтээр орж, зургаан зууны тэртээ бие барсан уран барималч Микеланжело “садар самуун сурталчилсан” хэргээр эчнээ яллагдав. Ийн өгүүлэхийн учир нь АНУ-ын Флорида мужийн Таллахасси Классик сургуулийн сурагчид урлагийн хичээлээр танилцуулсан Давидын баримлыг уран бүтээл бус харин порнограф гэж үзэн сургуулийн удирдах зөвлөлд гомдол мэдүүлсэн тул дуулиан шуугианыг намжаах үүднээс сургуулийн захирал огцорсон билээ. Библийн сударт өгүүлдэгчлэн Голиафтай тэмцэхээр бурхны сүсэг бишрэлээс өөр ямар ч зэвсэггүй зогсоо Давидыг дүрсэлсэн баримлаасаа болж суут уран бүтээлч амьд ахуйдаа чамгүй адлагдаж байв. Шашны мандагтнуудаас “элдэв гаж бүхнийг сэтгэгч” гэх таагүй нэр зүүсэн Микеланжелогийн бүтээлүүдийн ичимдэг эрхтэн дүрсэлсэн хэсгийг даавуу, төмөр навчаар халхлах журам XX зууны дунд үе хүртэл Европт хэрэгжсээр ирсэн юм. Цаг үе, нийгэм соёлын харилцаанаас шалтгаалаад урлаг дотроо олон төрөл зүйлд хуваагдаж, төрөл зүйл болгон өөрсдийн цензур, үнэ цэнийг бий болгодог. Хиймэл оюун ухааны бүтээсэн уран зургийг бишрэн хүлээж авдаг хэрнээ хүний гараар урласан бүхэнд эргэлзэнгүй ханддаг нь эдүгээ ч янзаараа.
Гэтэл бүтээгч, туурвигч бүхэн сонгодог төрлөөс зайлсхийж, урлагийн төрөлд нэрээ дуурсгасан шинэ салхи сэвэлзүүлэхийг эрмэлздэг шүү дээ. Орчин цагийн үзэгчдийг цочирдуулж, басхүү урлагийн мөн чанарыг дахин тодорхойлоход хүргэсэн 10 бүтээлийг танилцуулъя.
Марк Куинн, Өөрийн хөрөг (1991)
Их Британийн зураач Марк Куинн өөрийнхөө таван литр цусаар энэхүү бүтээлийг урласан юм. Бусад зураачдаас ялгарах, жинхэнэ цус хөлсөө шингээсэн бүтээл гаргахын тулд Марк Куинн таван жилийн турш цусаа цуглуулж хөлдөөжээ. Толгойнхоо бодит хэмжээтэй баримлыг урлахад мөн л таван сар зарцуулсан аж. Рембрандт, Ван Гог, Синди Шерман зэрэг агуу зураачдын өөрийн хөрөг зургаар нийгмийн мөн чанарыг илэрхийлдэг уламжлалд зоримог өөрчлөлт авчирсан гэж үнэлэх хэсэг байхад гаж бурууг сурталчилсан, ердөө л цус сорогчийн жүжиглэлт гэх ширүүхэн шүүмжлэл ч өрнөж байлаа. Шилэн хөргүүрт хадгалах зориулалттай толгойн баримлыг 2006 онд Лондонгийн Үндэсний галерей худалдан авчээ.
Аллен Жонс, Сандал (1969)
Британийн поп зураач Аллен Жонсын “Hatstand, Table and Chair” гурамсан бүтээлийн нэг хэсэг болох энэхүү баримал 1970 онд анх үзэсгэлэнд тавигдсан даруйдаа феминистүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Эмэгтэй хүнийг тавилгатай зүйрлэсэнд уурссан хүний эрхийн идэвхтнүүд хожим 1986 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр баримал руу хүчил цацаж, толгой хүзүү хэсгийг түлж гэмтээж байв. Зураачийн санааг уран барималч Дик Бич шавраар урлан гүйцээж дэлгүүрийн манекен үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн Gems Wax Models Ltd компани хуванцраар хэвлэхдээ гурван хувь үйлдсэн тул баримал хадгалагдан үлдэж чаджээ. Жонс энэхүү баримлаа хэн нэгний дүр төрх биш, сэтгэлзүйн бүтэц гэж тайлбарладаг. Sugababes хамтлаг 2008 онд гаргасан “No Can Do” дууны клиптээ энэхүү баримлаас санаа авч эрчүүдийг машин, мотоцикль, гүүр зэрэг эд зүйл болгон дүрсэлжээ.
“Сандал” бусад иж бүрдлийн хамт 2012 онд Sotheby's дуудлага худалдаагаар 2.6 сая фунтээр зарагджээ.
Пьеро Манзони, Ялгадас (1961)
Дадаист уран бүтээлч Марсель Дючампын шээсний савыг (1917) гоо зүйн бүтээл гэж хүлээн зөвшөөрвөл хожим хэн нэгэн зураач ялгадсаа савлан үзэсгэлэн дэлгэх нь тийм ч гайхмаар зүйл биш ажээ. 1961 онд Италийн авангард зураач Пьеро Манзони өөрийнхөө өтгөнийг 90 ширхэг жижиг лаазанд савлан “Merda d'Artista буюу зураачийн ялгадас” нэртэйгээр дэлгэн үзүүллээ. Консервийн үйлдвэр эзэмшдэг эцэг нь түүний бүтээлүүдийг ялгадастай зүйрлэн тохуурхаж, зураачийн ажлаа орхин гэр бүлийн бизнестээ анхаарахыг шаардахад Пьеро Манзони ийнхүү хариу барьсан гэдэг. Үүнээс жилийн өмнө Манзони өөрийн амьсгалаар дүүргэсэн бөмбөлгийг урлагийн бүтээл хэмээн бусдад бэлэглэн “Бүтээл туурвилыг нь шүтэн биширдэг бол уран бүтээлчээс ялгардаг бүхнийг ч мөн адил сонирхдог байх ёстой” хэмээн өгүүлж олон нийтийн дургүйцлийг төрүүлж байв. 2016 онд зураачийн хүү лаазалсан өтгөнөөс нэг лаазыг дуудлага худалдаанд оруулж 275 мянган еврогоор зарсан нь тухайн өдрийн алтны ханшаас хэд дахин их юм.
Роберт Раушенберг, Арчигдсан зураг (1953)
1953 онд кураторууд орчин үеийнхний нүд Давидын баримлаас бэлэг эрхтэн бус зураачийн ур дүйг олж харж чадна гэж үзэн цензурдэхээ больсон тэр жил АНУ-ын зураач Роберт Раушенберг уран зургийг арилгах хэмээх цоо шинэ урлагт хүчээ сорьжээ. Зургийг ердийн харандаа бийр, цүүцээр биш харин баллуураар арилгаснаар урлагийн бүтээл бий болгох боломжтой эсэхийг туршихын тулд Раушенберг өөрийн найз, Голланд-Америкийн абстракт зураач Виллем де Кунингийн шинэхэн бүтээлийг золиосолжээ. Де Кунингин эх зургийн хуулбар үлдээгүй ч нүдээр харсан гэрчүүд маш шигүү зураастай арилгахад бэрх бүтээл байсан гэдэг. Раушенберг янз бүрийн баллуур ашиглан сар гаруй нухаж арилгасан “зургийг” Сан Францискогийн орчин үеийн урлагийн музей сод бүтээл хэмээн хүлээн зөвшөөрч алтадмал хүрээ жаазтайгаар сан хөмрөгтөө хадгалж байна.
Жуди Чикаго, Оройн зоогийн ширээ (1979)
Сафогаас эхлээд Виржиниа Вулф хүртэл эмэгтэйчүүдийн соёлын түүхэнд оруулсан хувь нэмрийг алдаршуулах зорилгоор АНУ-ын феминист зураач Жуди Чикаго 39 эмэгтэйд зориулсан зоогийн ширээ бүхий инсталляц дэглэжээ. Гурвалжилж зассан ширээнд эмэгтэй баатар тус бүрийн онцлогийг илэрхийлсэн шаазан таваг хундага, чамин нарийн хатгамал бүхий амны алчуур багтана.
“Хэтэрхий олон үтрээтэй” гэж урлаг судлаачдаар гоочлуулж байсан ч уг инсталляц гурван тивээр аялж, 15 сая үзэгчийн хүртээл болсон юм. 2007 оноос хойш Нью-Йорк хотын Феминист урлагийн төвд байршиж байна.
Ричард Серра, Нуман хана (1981)
1989 онд хүйтэн дайн дуусаж Берлиний хана нурахтай зэрэгцээд эрх чөлөөний оронд бас нэгэн ханыг нураасан юм. 1981-1989 онд Манхэттэний гол гудамжид дэлгэсэн Ричард Серрагийн инсталляцийг өмгөөлөгчид орон зайг өөрчилсөн, урлагийн үзэл баримтлалыг ахиулсан чухал бүтээл гэж тодорхойлсон бол шүүмжлэгчид хотын үзэмжид сөргөөр нөлөөлсөн бохир хана хэмээн ад үзнэ. Олон нийтийн дунд өрнөсөн ширүүн маргааны дараа 1989 онд холбооны шүүхийн шийдвэрээр баримлыг нурааж агуулах руу зөөсөн бөгөөд зураачийн хүслийн дагуу тэр цагаас хойш нэг ч удаа олон нийтэд дэлгээгүй. 3.6 метр урттай энэхүү нуман ханыг 6.4 см зузаан COR-TEN цул гангаар бүтээсэн юм.
Кристо болон Жанна-Клод, Ягаан арлууд (1983)
1983 оны тавдугаар сард Майамигийн Бискэйн булангийн усанд зураач хос Кристо болон Жанна-Клод нар ягаан полипропилен даавуугаар урласан 11 хиймэл арлыг байршууллаа. Тэд гурван жилийн турш инженерийн болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судалж, энэхүү ажилд олон нийтийн дэмжлэг, Засгийн газрын зөвшөөрөл авахын тулд чамгүй хөрөнгө мөнгө зарцуулжээ. Арлуудыг далайн мандалд 14 хоног байрлуулаад эвхэж авсан бөгөөд булангийн усыг цэвэрлэхдээ нэмж 40 тонн хог хаягдал түүсэн гэдэг.
Трейси Эмин, Миний ор (1998)
Ван Гогийн унтлагын өрөө, Гоягийн нүцгэн эмэгтэйн хөрөг, Хенри Фуселийн “Хар дарсан зүүд” зэрэг барууны урлагийн томоохон бүтээлүүдэд дүрслэгдсэн орыг олон нийт гайхан хүлээж авч байсан нь үгүй. Харин Их Британийн зураач Трейси Эмин 1998 онд Тернерийн шагналын үзэсгэлэнд “Миний ор”-оо дэлгэсэн нь хатуухан шүүмжлэлийн бай болов. Эвхэж хураагаагүй хөнжил дээгүүр алчуур, трико хөглөрч, орны дэргэдэх цэнхэр ширдгээр Марлборо тамхины хайрцаг, архины хоосон лонх, чихмэл тоглоом, сонингийн цаас зэрэг эсэн бусын хог новш овоорсон зүйлийг урлагийн бүтээл гэж харах үнэхээр боломжгүй мэт. Трейси тайлбарлахдаа амьдралынхаа хамгийн бэрх жилүүдэд сэтгэл гутралд орсон үедээ нэгэн өглөө босоод хартал ор нь галерейд тавьчихмаар бүтээл байсныг өгүүлжээ.
Дэвид Черни, Махчин загас (2005)
Английн зураач Дэмиен Хирст 1991 онд “Амьд байгаа хэн нэгний оюун ухаан дахь үхлийн бие махбодийн боломжгүй байдал” нэртэй гайхалтай инстолляц урлаж, формальдегидийн уусмалд хөвөх махчин загасын макетыг үзүүлж байв. Хирстийн бүтээлээс санаа авч Чехийн зураач Дэвид Черни дарангуйлагч Саддам Хусейны баримлыг уусмалд хөвүүлсэн нь олон хүнд таагүй мэдрэмж төрүүлжээ. Исламын шашинтнуудыг хилэгнүүлж мэдэх учраас эхлээд Бельги дараа нь Европын олон галерей уг бүтээлийг тавихаас татгалзсан юм.
Пол Маккарти, Мод (2014)
Заримдаа судлаач, шүүмжлэгчдээс илүү олон нийтийн санаа бодол урлагийн бүтээлийг хориглох шалтгаан болдог. 2014 оны аравдугаар сард америк зураач Пол Маккарти Парисын гудамжнаа хийлдэг асар том зул сарын мод суурилуулах гэж байхад нь оршин суугчид хагалж сүйтгэжээ. Уурссан иргэд зураачийн биед ч халдаж, нэг өвгөн Маккартийг гурвантаа алгадаад авчээ. Маккарти хийлдэг модоо ураг төрлийн хэлхээ холбоог илэрхийлсэн үзүүлбэр гэж тайлбарладаг бол Парисын иргэд секс тоглоомтой илүү төстэй хэмээн эсэргүүцсэн юм.
Энэ мэтчилэн урлагийн бүтээл гэдэг сэтгэлийн мухарт бугласан мэдрэмжийг ямар нэгэн хэлбэрээр ил болгон суллах учиртай зүйл. Урлаг бодит, хийсвэр аль нь ч бай, ямар ч хэлбэрээр оршлоо гэсэн мэдрэмжээ л хуваалцах нь чухал билээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл