Таны мэдэхгүй ШАРХ
Траума гэх үг сүүлийн үед сэтгэл судлалын салбарт түгээмэл яригдах болжээ. Хэн нэгний сэтгэлд шарх үлдээсэн үйл явдлын талаар хөндөөд байх нь хэцүү ч гэлээ насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүдийн ирээдүйн амьдралд чухал нөлөө үзүүлдгийг судалгаагаар нотлоод байна.
Траума гэж юу вэ?
Траума гэдэг нь “гэмтэл шарх” гэсэн утгатай грек үг ажээ. Ерөнхийд нь сэтгэлийн гэмтэл гэж ойлгож болно. Траума нь стресс эсхүл айдаст автах сэтгэл зүйн зөрчлийг хэлэх нь олонтаа. Дотор нь сэтгэл хөдлөлийн болоод сэтгэл зүйн гэмтэл гэж ангилах нь бий. Хүн бүрт траума буюу сэтгэлийн гэмтэл шарх харилцан адилгүй илэрдэг. Траумагийн үр нөлөөг богино, урт ямар ч хугацаанд мэдэрч болох юм. Бодол сэтгэлд эсхүл зан байдалд траума нөлөөлж болно. Уг гэмтэл удаан үргэлжилбэл таны оюун бодлыг өнгөрсөн рүү буцаах зэргээр бэрхшээлийг улам хүндрүүлж магадгүй аж. Хөндлөнгийн хүмүүс траумад өртсөн хүмүүсийг олж харан, дотоод сэтгэлийг нь мэдэрч тэр бүр чаддаггүй. Сэтгэлийн уг гэмтэл айдаст автах, аюулд өртсөн мэт мэдрэмж төрөх, доромжлуулах, гологдох, ганцаардах, мухардах, ичих, сул дорой, хүчгүй, хэн ч тусалж дэмжихгүй байгаа мэт зэрэг олон төрлийн сэтгэл хөдлөлөөр илэрч болдог байна. Нэг удаа тохиосон болон тодорхой хугацаанд үргэлжилсэн, үргэлжилж байгаа үйл явдал, түүнд шууд хамааралтайгаар өртөх, хэн нэгнийг гэмтээхэд гэрч болох, эрүүл бус орчинд амьдрах, гэр бүл буюу хамт олон дунд таагүй байдалд орох зэргээр тохиолдож болно. Сэтгэл хөдлөлийн болон сэтгэл зүйн траума нь танд хэн ч тусалж чадахгүй аюултай ертөнцөд байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Сэтгэл зүйн траума нь сэтгэл хөдлөл болоод дурсамжтай тэмцэлддэг тул хөших, бусдад үл итгэх байдалд хүнийг оруулдаг. Осол аваар, гэмтэл, гэнэтийн халдлага дайралт, хүүхэд насанд тохиосон гэнэтийн явдал зэрэг нэг удаагийн үйл явдал, гэмт хэрэг ихтэй хороололд амьдрах, бусдын дарамт хүчирхийлэлд тогтмол өртөж амь нас, эрүүл мэндийнхээ төлөө тэмцэх зэрэг байнгын давтагддаг үйлдэл, мэс засал, хагалгаа, хэн нэгний гэнэтийн үхэл, салалт, гүн сэтгэл гутралд автах, үл тоомсорлогдох нөхцөл байдал таныг траумад оруулдаг байна. Тэр ч бүү хэл байгалийн болоод хүний оролцоотой газар хөдлөлт, онгоцны осол, террорист халдлага зэрэг сэрдхийлгэсэн үйл явдлын тухай хэт их мэдээлэлд автах нь стрессийг нэмэгдүүлж траума үүсгэх нь ч бий.
Хүүхэд насыг хайрлая
Зарим хүнд хүүхэд насандаа бэлгийн болон биеийн, зан байдлын хүчирхийлэлд өртөж байсан нь гунигт дурсамж болон үлддэг аж. Тэр ч бүү хэл зарим тохиолдолд траума нь сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болдог. Тэр дундаа хүүхэд насны траума ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралд хар толбо үлдээж орхидгийг судлаачид хэдийнэ олж мэдсэн. Хүүхэд насандаа бусдад үл ойшоогдох, үл хайхрагдах нь хожим траума болдог байна. Хүүхэд насандаа авсан айдастай мэдрэмж, аюултай орчны тухай дурсамж насанд хүрсний дараа ч дараагийн траумагийн суурь болж өгдөг. Олон жилийн өмнө таагүй явдал тохиолдож байсан бол шаналлаа даван гарах алхам хийж, бусдад итгэхэд суралцаж, бусадтай холбогдож сэтгэл хөдлөлөө дахин тэнцвэржүүлэхийг оролдох хэрэгтэй. Траумад өртсөн хүүхдүүдэд бусдад үл итгэх, аливааг үгүйсгэх, уурлах, тогтворгүй зан төлөв ноёлох, айдас төрөх, ичих, өөрийгөө буруутгах, гэм буруутай мэт санагдах, бусдаас хөндийрөх, уйтгартай болон итгэлгүй мэдрэмж төрөх, зүрхний цохилт хурдсах, хар дарах, цочих, шаналах, булчин чангарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Их Британийн Бэт их сургуулийн сэтгэл судлалын профессор Сара Халлиган олон хүүхдийн хувьд эцэг, эх нь траумагийн дараа дэмжлэг үзүүлэх цор ганц хүмүүс болдог гэдгийг хэлжээ. Гэхдээ бид траумаг мартуулах гэж биш хэдий хэцүү ч сэтгэл зүйд нь гэмтэл үлдээсэн үйл явдлын талаар ний нуугүй ярилцаж учир утгыг нь ойлгуулж, түүнийг даван гарах нь зүйтэй гэж тэрээр үзсэн байна. Канадын Калгари их сургуулийн сэтгэл судлалын клиникийн профессор Мелани Ноэль зарим хүн сөрөг үйл явдлын талаар яривал хүүхдүүдээ улам шархлуулж, нөхцөл байдлыг дордуулна гэж эмээдэг тухай өгүүлжээ. Үнэн хэрэгтээ тэдгээр бэрх ярилцлагууд хүүхдүүдэд ойлголт өгөх, бусдын оронд өөрийгөө тавьж бэрхшээлийг хамт даван туулах, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар суулгадаг гэдэгтэй Ноэль санал нэгдсэн байна. Мөн АНУ-ын Йелийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Дилан Ги “Хүүхдүүдийн тархи тасралтгүй хөгжсөөр байдаг. Эцэг эхчүүд асуудлыг гаргаж ирэн тэдний сэтгэл хөдлөлийн ертөнцийг чиглүүлэхэд туслахын тулд дэмжлэг болох хэрэгтэй” гэж зөвлөжээ.
Траумаг анагаах арга
Траумагийн хурцадмал шинж тэмдэг хэд хоногоос хэдэн сар хүртэл тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх нь бий. Хэсэг хугацаанд дээрдсэн ч тухайн гунигт үйл явдал, дурсамж, аймшигт сэтгэл хөдлөлийг сануулах цаг хугацааны мөчлөг ирэхэд траума дахин давтагдах хандлагатай байдаг. Хэрэв танд сэтгэлзүйн траума үүссэн бол түүнийг даван туулах тийм ч хялбар биш. Хамгийн шалгарсан эхний алхам бол хайртай хүнээ алдсаны дараа гашууддагтай ижил асуудлыг илчилж, түүнийг даван туулах хэрэгтэй. Уй гашууг даван туулах мэдрэмж таныг траумагаас эмчилж, үргэлжлүүлэн өөрийнхөөрөө амьдрахад тань туслах болно. Энэ төрлийн сэтгэлийн гэмтлийг судалдаг эрдэмтэн судлаачид эмчилгээний хэд хэдэн аргыг санал болгожээ.
Нэгдүгээрт хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Траума хүний биеийн байгалийн тэнцвэрийг алдагдуулж байдаг тул тэнцвэрээ хадгалахын тулд өдөрт ойролцоогоор 30 минут болон түүнээс дээш хугацаанд дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Үгүй ядаад өдөрт гурван удаа 10, 10 минутаар дасгал хийсэн ч болно. Ингэхдээ алхах, гүйх, сэлэх, сагсанбөмбөг тоглох, бүжиглэх зэргээр гар хөлөө аль алиныг нь оролцуулсан тодорхой хэмнэлтэй дасгал хөдөлгөөн хийвэл үр дүнтэй. Дасгал хийж байхад сэтгэл санаанаас илүүтэй биеийн булчингийн хөгжил, дасгалын зөв байрлалд анхаарлаа төвлөрүүлээрэй.
Хоёрдугаарт өөрийгөө битгий тусгаарла. Траумагийн шинж тэмдэг илэрсэн үед бусдаас өөрийгөө тусгаарлах гээд байдаг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Бусадтай нүүр тулан уулзаж ярилцах нь нэн тустай. Тиймээс аль болох бусадтай хамт байж, ярилцаж, харилцаа холбоогоо сайжруулан ганцаараа хэт их цагийг өнгөрөөхөөс татгалзаарай. Өөрийн мэдрэмжээ гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцаж, тусламж хүссэн ч болно. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хуучны найзуудтайгаа эргэн холбогдож, траумаг давсан хүмүүсийн сошиал группт нэгдэж, туршлага солилцож яагаад болохгүй гэж.
Гуравдугаарт мэдрэлийн тогтолцоогоо өөрөө зохицуулахыг зөвлөе. Мэдрэмж тань хяналтаас гарч, цочиж түгшүүртэй болох нь таны сэрэл мэдрэлийн тогтолцоог өөрчилдөг. Тиймээс өөрийгөө тайвшруулж сурах нь чухал. Таагүй мэдрэмж төрж, сэтгэл гутралд орж, тээнэгэлзэж, учраа олохоо болиод эхэлбэл гүн амьсгаа авах нь таныг тайвшруулах энгийн бөгөөд хурдан арга юм. Амьсгал бүртээ анхаарлаа төвлөрүүлээд 60 удаа амьсгалахад та хангалттай тайвшрах болно. Эсхүл танд тайвшрал өгөх мэдрэмжийг төрүүлдэг үнэр, амт, амьтан, дуу хөгжмийг ашиглах хэрэгтэй.
Дөрөвдүгээрт эрүүл мэнддээ анхаараарай. Эрүүл биед саруул ухаан оршино. Айдас түгшүүр, сэтгэл зовнил нойрыг хулжааж эхэлдэг. Тиймээс чанартай нойр авахыг эрхэмлээрэй. Дутуу нойр траумагийн шинж тэмдгийг улам хүндрүүлж сэтгэл хөдлөлийн тэнцвэрээ хадгалахад улам хэцүү болгодог. Тиймээс шөнө бүр 7-9 цагийн нойр тогтмол авахыг оролдоорой. Мөн алкохолын төрлийн хэрэглээ, мансууруулах төрлийн бодисоос зайлсхийх нь чухал. Эдгээр нь траумагийн шинж тэмдгийг хүндрүүлж, депресс, түгшүүр, ганцаардах мэдрэмжийг улам өсгөдөг. Нэмээд хоолны хэрэглээгээ зөв зохицуулах нь ч траумаг даван туулахад тус болдог байна. Шарсан хуурсан хоол, чихрээс татгалзаж омега-3 эрдсээр баялаг яргай загас, хушга, шар буурцаг, маалингын үр сэтгэл санаагаа дэмжихэд нэн тустай.
Траумагийн эмчилгээнд хүн бүр харилцан адилгүй цаг хугацаа зарцуулдаг. Хүнд үеийг даван гарахын тулд хэдэн сарын турш оролдсон ч шинж тэмдэг буурахгүй байвал мэргэжлийн эмчээс тусламж аваарай.
Габор Матегийн үзэл санаа
Хааны удмын гэр бүлээс тусдаа амьдрах сонголт хийж, гэр бүлдээ мэдэрч байсан таагүй мэдрэмжээ дэлхийн нийттэй хуваалцсан Их Британийн ханхүү Харритай хамт өнгөрсөн сард олон нийтийн өмнө гарсан эмч нэлээдгүй олны анхааралд өртөөд буй. Энэ хүн бол хүүхдийн сэтгэл зүй, траума, сэтгэцийн гэмтлийг онцгойлон судалж ирсэн Канадын эмч, зохиолч Габор Мате юм. Мате ханхүү Харриг анхаарал сулрах эмгэгтэй гэж оношилсон билээ. Тэрээр траума буюу сэтгэлийн гэмтэл нь танд тохиолдож буй зүйл биш, харин танд тохиолдсон үйл явдлын улмаас дотор чинь бүрэлдсэн бөөгнөрөл гэж үздэг. Түүнийг инстаграмаар дагадаг 1.4 сая хүний дотор дэлхийд алдартай олны танил эрхмүүд цөөнгүй. Мате хүүхдэд хүчирхийлэл үйлдэх, эцэг эхээ алдах зэрэг гэнэтийн цочролд оруулах үйл явдлаас гадна эцэг, эх нь хүүхдээ үл тоомсорлох байдал ч траума үүсгэдгийг онцолжээ. Нөгөөтэйгүүр траума гэдэг зүйл хувь хүний түвшнээс гадна бүлэг иргэнийг хамрах тохиолдол байдаг. Канадын уугуул иргэдэд учирсан хавчлага, нийгэм дэх донтолт, амиа егүүтгэлт, Америк дахь боолчлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт зэргийг жишээ татаж болно. Түүнчлэн траумагийн шинж тэмдэг үеэс үед шилжих нь ч бий. Хэрэв траумаг эмчлэхгүй орхивол амьдралд тань нөлөөлж, өөрийгөө мэдрэх, ертөнцийг хэрхэн харах, өөртөө итгэх итгэл, холбоо харилцаа гээд олон талаар сөрөг нөлөөг бий болгодог. Тиймээс аль болох траумаг эдгээж, эмчилгээ хийлгэхийг зөвлөе.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл