Үндэстний ТОЙМ сэтгүүлээс ОНЦЛОХ сэдвүүд

Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл 561 дэх дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна. Энэ удаагийн дугаараас онцлох сэдвийг танилцуулъя. 

НЭГ. Одоогийн тохироо: 126 гишүүний 76-г тойргоос, 50-ийг жагсаалтаар сонгоно

Үндсэндээ парламентын 20 гишүүнийг “худалдаад авчихад” ямар ч хуулийг батлуулах боломж Монголд үүсчихсэн. Бүр 20-иор нь ч худалдаж авах шаардлагагүй гэх нь бий. Учир нь, УИХ-ын гол бодлого мэргэжлийн Байнгын хороон дээр гардаг. Гэтэл Байнгын хорооны 19 гишүүний 10 нь хуралдаа оролцоход ирц бүрдэж, 6 нь дэмжсэн санал шууд УИХ руу ордог. Тэгэхээр хууль тогтоох хамгийн чухал хэсэг дээр л “худалдан авалт” хийхэд ямар ч шийдвэрийг парламентаар гаргуулах боломжтой гэсэн үг. Харин тооны хувьд яг хэдээр нэмэх нь дараагийн асуудал юм. Гол нь л нэг гишүүний хууль тогтоох “жин”-г бууруулах нь яалт ч үгүй чухал асуудал билээ. Нөгөө талдаа, УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр халхавчлан бүгдийг “хийдэг” байсан нь өөрчлөгдөх нөхцөл бүрдсэн. Ямартай ч УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэдэг нь “хулгайч” нарын тоо нэмэгдэж байна гэсэн үг биш. УИХ-ын гишүүн нэг л хазгай гишгэвэл 20 жил торны цаана суухаар хуулийг нь чангаруулсан. Энэ бол өнгөрсөн оны төгсгөлд болсон жагсаалын үр дүн. 

С.Шийлэгтөмөр "Ойлголцлын цэг:126 юу"

ХОЁР. Улсынхаа эмнэлгээр "шагайдаггүй" түшээд 

Жирийн иргэд биднийг амьд үлдэхийн тулд амь тэмцэн тийчилж байх зуур түмнийг төрд төлөөлөн суугаа түшээд нь хүссэн цагтаа гаднын улсыг зорьж, өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлсээр байна. Эрүүл мэндийн салбарт эрүүл, шударга тогтолцоог төлөвшүүлж, эмч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлж, орчин үеийн тоног төхөөрөмжийг базааж, барилга байгууламж цаашлаад тасаг, орны асуудлыг нь шийдвэрлэх эрх хийгээд үүрэг бүхий гол субъект нь УИХ, Засгийн газрын гишүүд. Тэд энэ үүргээ хариуцлага, сэтгэлтэй биелүүлж чадвал гурван сая хүний эрүүл мэнд, амь настай холбоотой олон эрсдэлийг бууруулах боломжтой. Харамсалтай нь тэд улсынхаа эрүүл мэндийн салбарт хар элгээр хандаж, өвдсөн цагтаа би энд эмчлэгдэнэ гэх сэдлээр ажиллахгүй байгаагийн горыг өнөөдөр өвчинд ээрүүлж, өнөө, маргаашаа аргацааж байгаа мянга, мянган хүн амсаж байгаа. Үүнийг салбарынхан ч хэлдэг. 

О.Даваасүрэн "Улсын эмнэлгийн “дөнгө” нь улстөрчид"

ГУРАВ. Зөрчлийг арилгаагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцооч

Тусгай хамгаалалттай газар нутагт мэдээлэл, эрх мэдэлд ойр хүмүүс боломжтой бүх газрыг авсан. Гэтэл зориулалт бусаар ашигласан, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зөрчлийг Монголын төр арилгуулж чадахгүй байна. Эрх мэдэлтнүүд хуулийн боломжийг түлхүү ашигладаг ч эргээд хуулийн хяналтад өртдөггүйн тод жишээ эндээс харагдана. Хэнд ч хариуцлага тооцох аргагүй бүгд сүлбэлдээд газар авчихсан, аялал жуулчлал хөгжүүлнэ гэж аваад орон сууцны хорооллууд барьчихсан буруутанг хайхаар одоо бүгд хуулийн зөрчил яриад, нэг нэг рүүгээ бурууг чихээд сууцгааж байна. 

Ерөнхийдөө бид дандаа шударга юм ярьдаг үнэн дүртэй дарга нараар удирдуулдаг ч нийтэд оногдох эрх тэгш боломжийг цөөн хүн ашиглаж эзэмшдэгийн нэг жишээ нь энэ. Үнэндээ тусгай хамгаалалттай байх ёстой газруудаа бид тавиад туужээ. Цаасан дээрээс тоо харалтгүй нүдээр харахад ямар болсныг бүгд мэднэ. Хэн ч хариуцлага хүлээдэггүй. 

С.Эрдэнэбаяр "Тусгай хамгаалалттай газар нутгаа тусгай хүмүүст тавиад туужээ"

ДӨРӨВ. Ажил олгох нэртэй “Ашиг сонирхол”

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил орчмын хугацаа өнгөрөөд байна. Уг хууль батлагдсанаар иргэдийн хувийн мэдээлэл болох нэр, оршин суугаа хаяг, регистрийн дугаар, хурууны хээ зэргийг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл хууль бүрэн утгаараа хэрэгжиж чадсангүй. Төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэдэд уг хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл ч дутмаг хэвээр байна. Нөгөө талдаа хуулийг сурталчлан таниулах, хяналт тавих ёстой байгууллага, яамд үүргээ хангалттай биелүүлж чадахгүй өдийг хүрэв. Үүний балгаар иргэд хувийн мэдээллээ алдсаар...

Товчхондоо, хэн дуртай нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийг зөрчсөөр байна. Зөрчих зөрчихдөө хүний эмзэг мэдээллийг бусдад худалдаж, дамжуулж  буй. Гэтэл хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангах байгууллага нь эл асуудалд нүдэн балай, чихэн дүлий юм шиг хандсаар л байх уу?

И.Сарангоо "Хамгаалагдаагүй нууц"

ТАВ. Татвараас бултах “сүвэгч”

Үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөх хувь, хэмжээ нь бүртгүүлсэн хугацаа болон байршлаас хамаараад харилцан адилгүй байна. Ижил хугацаанд ашиглалтад орсон, нэг хотхоны айлууд үл хөдлөх хөрөнгөө хэзээ худалдаж, улсын бүртгэлд ямар ханшаар бүртгүүлснээсээ хамаараад харилцан адилгүй татвар төлж байна. Мөн адил төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд байршлаасаа шалтгаалаад өөр, өөр татвар төлсөөр олон жилийн нүүр үзлээ. Түүнчлэн үйлчилгээ эрхэлж байгаа объектоо хэзээ, ямар үнэлгээтэй бүртгүүлснээс татварын хувь хэмжээ мөн харилцан адилгүй байгаа юм. 

Үл хөдлөх хөрөнгийг бодитоор үнэлж, татварын хувь хэмжээг шинэчлэхгүй бол татварын тэгш тогтолцоо үгүй болж, татвар төлөгчдийн итгэл, идэвх сулрах эрсдэлтэй юм. Төр оршихуй дор татвар буй. Татвар буй дор төр оршмуй.

О.Даваасүрэн "Татвараас татгалзах заль"

ЗУРГАА. Хамгийн муу нь... 

Ясли, цэцэрлэгийн хүрэлцээ бага, хүүхэд харах баталгаатай хүнгүй, асрагч хөлслөх хангалттай орлогогүй зэрэг олон шалтгаанаар маш олон ээж ажил хийх, амжилт бүтээх ид насаа “дуусгаж” байна. “Хүүхдийг минь л хараад өгөх хүн байсан бол...” гэж гурван жил гэртээ суугаа найз минь санаашран өгүүлэхэд тэр их нүүгэлдсэн харц, санаа алдалт нь зүрхэнд их л хөндүүр хүрдэг. 
Эмэгтэй хүн болгон ажил хийх, амжилттай явах ёстой гэсэн хууль байхгүй л дээ. Гэхдээ мэдсэн, сурсан эрдэм мэдлэг, хуримтлуулсан туршлагаа Монголд ээж болсныхоо төлөө эдэлж чадахгүй байгаа нь харамсалтай ч үнэн. 

О.Эрдэнэчимэг "Карьераа дуусгахыг хүсвэл хүүхэд төрүүл"

ДОЛОО. Гутенбергийн бүтээсэн гайхамшиг

Хүмүүс номыг унших биш сонсдог болж, уламжлалт хэв шинжээс ондоошиж, ном цаасан бус цахим хэлбэрт шилжсээр багагүй хугацаа өнгөрлөө. Мөн зөвхөн ном, зохиолыг бус сонин, сэтгүүлийг ч цахимаар уншиж боломжтой болсон нь техник, технологийн нэг дэвшил юм.
Цахим эсвэл сонсдог ном, товхимол нь зузаан ном цүнхлэх, цүнхэлсэн номоо энд тэнд дэлгэж унших зэрэг олон үйлдлийг илүү хялбаршуулж буйгаараа онцлог. Түүнчлэн гар утас эсвэл интернэт байхад л хүссэн зүйлээ хялбархан унших, сонсох боломжтой.
Гэвч өнөө хэр цаасан хэвлэл халаагаа өгөөгүй байна. Тодруулбал, хүн төрөлхтөн хэвлэж нийтэлсэн бүтээл, хэн нэгний гараар бичсэн бичвэрийг уншихыг илүүд үздэг хэвээр буй. 

Б.Нямцэрэн "Халаагаа өгөөгүй цаасан хэвлэл"

НАЙМ. Сэтгэн бодох чадвар ба хэмжээ

Мэдээлэл хүлээн авч боловсруулах чадвараар орчин үеийн ямар ч супер компьютерыг дагуулахааргүй хүчирхэг гэгддэг хүний уураг тархи давжаарч буйг эрдэмтэд дуулгалаа. АНУ-ын антропологич Жереми ДеСилвагаар ахлуулсан баг эртний болон орчин үеийн хүний гавлын 1000 ясыг харьцуулан судалсны үндсэн дээр хүний тархи 2.1-1.5 сая жилийн өмнө хоёр дахин том байсан бол харьцангуй саяхан 3000 жилийн өмнөөс агшиж эхэлсэнийг тогтоожээ. Алдагдсан хэмжээ нь дунджаар теннисний дөрвөн бөмбөгтэй тэнцэнэ. Хэрвээ энэ хэвээр багассаар байх юм бол мөдхөн бид Home erectus буюу 500 мянган жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдэстэйгээ адилхан буюу ердөө л 1000 шоо см эзлэхүүнтэй тархитай болно гэсэн үг.

Тэгвэл тархины хэмжээ оюун ухаан, танин мэдэхүйн чадварт нөлөөлөх үү гэсэн асуултад эрдэмтэд толгойгоо маажсан хэвээр. Технологийн ер бусын хөгжлийн эрин үед хүний тархи яагаад жижигрэх болов?

С.Лхагвасүрэн "Агшиж буй тархи"


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)