Өнгө хүүхдэд яаж нөлөөлдөг вэ
Судалгаанаас харахад өнгө нь хүний тархины өөр өөр хэсгүүдийг идэвхжүүлж, сэтгэл зүй, сурах, ажиллах чадвар, хувийн зан төлөвт чухал нөлөө үзүүлдэг аж. Ялангуяа бага насны хүүхдэд өнгө, өнгөний зохицол бүр ч их хамааралтай бөгөөд хэт хөдөлгөөнтэй, анхаарал төвлөрөл муу, ADHD, ASD зэрэг эмгэгтэй хүүхдийн сэтгэл зүй, анхаарал төвлөрөлтөд тод өнгө сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна. Ийм учраас хүүхдийнхээ анги танхим болоод өрөөнд нь аль болох завсрын, зөөлөн өнгө сонгохыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Улаан
Улаан өнгө нь хүнийг өдөөж, урам зориг, хүсэл тэмүүллийг нэмэгдүүлдэг. Тэр ч утгаараа улаан өнгийг зөөлөн өнгөтэй хослуулах нь хүүхдийг олон давтамжтай хийгддэг эсвэл анхаарал их шаарддаг нарийн зүйлс дээр сайн төвлөрөхөд тусалдаг.
Цэнхэр
Цэнхэр өнгө нь хүүхдэд тайван, амгалан орчин бүрдүүлж өгдгөөс гадна бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Гэвч нэг дор хэт их цэнхэр өнгө зонхилох нь хүүхдийг уйтгар гунигт автуулж, сэтгэлээр унах мэдрэмжийг төрүүлэх эрсдэлтэй байдаг тул нийцэх бусад өнгөнүүдтэй хослуулан хэрэглэх чухал.
Шар
Шар өнгө нь аз жаргал, баяр баясал авчирдгаас гадна хүүхдийн тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Энэхүү өнгө нь анги танхим, хүүхдийн өрөө, тоглоомын талбай зэрэгт тун түгээмэл хэрэглэгддэг хэдий ч хэт их давамгайлах нь хүүхдийг стресст өртүүлэх эрсдэлийг бий болгодог байна.
Ногоон
Ногоон өнгө нь хүүхдийн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлж, уншиж ойлгох чадварыг сайжруулж өгдөг. Мөн ногоон өнгөний тусламжтайгаар байгальд ойр мэдрэмжийг төрүүлэх, эрүүл, эко орчныг бүрдүүлж өгөх нь хүүхдийн сэтгэл зүйг тайван байхад тусалдаг.
Ягаан
Ягаан өнгө нь хүүхдийг аз жаргалтай болгодгоос гадна бусдыг өрөвдөх, энэрэх мэдрэмжийг төрүүлдэг өнгө юм. Охид ягаан өнгөнд илүүтэйгээр татагддаг шалтгаан бол энэхүү өнгө нь эмэгтэй хүний эрч хүч, сайхан сэтгэлийг өдөөж, аз жаргалын дааврыг илүүтэйгээр ялгаруулж өгдөгт оршино.
Улбар шар
Боловсролын байгууллагууд энэхүү өнгийг хүүхдийн санах ойг нэмэгдүүлж, шүүмжлэлт сэтгэлгээг сайжруулдаг гэж тодорхойлдог. Тийм ч учраас шалгалтын өрөөнд улбар шар өнгийг голчлон ашигласнаар оролцогчдын шалгалтын гүйцэтгэлийг сайжруулдаг хэмээн үздэг. Үүгээр ч зогсохгүй хүүхдийн бие даасан байдал, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусалдаг хэдий ч энэхүү өнгө бусад өнгөнүүдтэй харьцуулахад тун бага ашиглагддаг байна.