Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес хийхгүй. Гэхдээ...
"Төр хувийн хэвшилтэй өрсөлдөх нь буруу. Хувийн компани, мэргэжлийн холбоодын хийж чадах зүйлийг заавал төр хийх хэрэггүй. Төр бизнестэй байх нь буруу" гэсэн шүүмжлэл олон жил болж буй. Төр энэ шүүмжлэлийг хүлээн авч бүрэн хэрэгжүүлээгүй ч бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулахдаа ингэж мэдэгдсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Монгол Улсын Засгаас газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаар улстөрч, болон төрийн албан тушаалтан өөрийн эзэмшлийн компаниар төсвийн тендерт нөлөөлж оролцдог байдал таслан зогсож, энэхүү орон зай хувийн хэвшлийнхэн Та бүхэнд чөлөөт өрсөлдөөний орон зай болж очих болно. Төр өөрөө ресторан, зоогийн газар, амралт сувиллын газар ажиллуулж, хувцас оёж, машин засахаас эхлээд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна.
Ерөнхий сайдын хэлж байгаачлан төр хувийн хувшилтэй өрсөлдөж бизнес хийх нь буруу. Гэхдээ төр заавал оролцохгүй л бол болохгүй салбар бий. Энэ бол иргэний нисэхийн салбар. Орон нутгийн нислэгт хувийн авиа компаниуд монополь тогтоосон учир төр зайлшгүй оролцох шаардлагатай болов. Тиймээс Засгийн газар ирэх долоодугаар сарын 1-нээс МИАТ компаниар есөн аймагт тогтмол нислэг үйлдүүлэхээр боллоо.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: -Ирэх долоодугаар сарын 1-нээс агаарын тээвэр зорчдог есөн аймагт тийзийн үнийг 50-70 хувь хямдруулахаар боллоо. Жишээ нь, Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа сая 650 мянган төгрөгөөр нисдэг байсан бол 800 мянган төгрөгөөр нисдэг болно. Увс, Ховд руу 650 мянган төгрөгөөр нисдэг болно. Иргэний агаарын тээврийн өрсөлдөөнгүй салбар бий болсны хор уршгийг иргэд үүрч байна. Ингэхдээ МИАТ компанийн орон нутгийн нислэгийг дэмжих байдлаар ажиллахаар боллоо. МИАТ компани 2024 оны нэгдүгээр сарын 1 хүртэл гадаадаас онгоц түрээслэж орон нутгийн нислэгтээ ашиглана. Харин түүнээс хойш өөрийн худалдан авч буй 75 хүний суудалтай онгоцоороо орон нутагт үйлчилнэ. Ингэснээр тийзийн үнэ дахин буурах боломжтой. Зарим бизнесийн салбарт өрсөлдөөн байхгүй байгаа нь иргэдэд дарамт болж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймаг руу 45 хүний суудалтай онгоц нисээд ирэх зардал нь 35 сая төгрөг. Гэтэл хувийн компани хамгийн багадаа 70 сая төгрөгийн орлого олж байгаа.