Гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх байршилд өөрчлөлт оруулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр болов. Энэ үеэр болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох тухай танилцуулав.
Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192, нүүлгэн шилжүүлэх 31 байршил, хэмжээг НИТХ-ын тогтоолоо баталсан байдаг. Гэвч дээрх байршлуудад барилга, байгууламж барьсан,газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан нүүлгэн шилжүүлэх болон түр цугларах талбайн байршил, хэмжээг шинэчлэн тогтоох шаардлага үүсжээ. Улмаар Онцгой байдлын газраас ирүүлсэн саналыг үндэслэн болзошгүй гамшгийн үед түр цугларах 203 байршлын 164.6 га талбай, нүүлгэн шилжүүлэх 33 байршлын 1430.4 га талбайг шинэчлэн батлуулахаар НИТХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Үүнд:
- Баянгол дүүрэг-Түр цугларах 23 байршлын 14.23 га, нүүлгэн шилжүүлэх 3 байршлын 148 га
- Баянзүрх дүүрэг-Түр цугларах 40 байршлын 51.42 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 85 га
- Сүхбаатар дүүрэг-Түр цугларах 29 байршлын 20.08 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 106 га
- Чингэлтэй дүүрэг-Түр цугларах 18 байршлын 7.64 га, нүүлгэн шилжүүлэх 4 байршлын 136 га
- Хан-Уул дүүрэг-Түр цугларах 47 байршлын 31.14 га, нүүлгэн шилжүүлэх 2 байршлын 86 га
- Сонгинохайрхан дүүрэг-Түр цугларах 22 байршлын 10.63 га, нүүлгэн шилжүүлэх 2 байршлын 205 га
- Налайх дүүрэг-Түр цугларах 11 байршлын 8.4 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 118 га
- Багануур дүүрэг-Түр цугларах есөн байршлын 19.17 га, нүүлгэн шилжүүлэх 3 байршлын 38.2 га
- Багахангай дүүрэг-Түр цугларах дөрвөн байршлын 1.9 га, нүүлгэн шилжүүлэх дөрвөн байршлын 508.2 га талбайг тусгаад байгаа аж. Улмаар тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болсон байна.