Японд зэвсэглэсэн этгээд дөрвөн хүний аминд хүрлээ
Японы Нагано хотод эвсэглэсэн этгээд хүмүүс рүү халдсаны улмаас дөрвөн хүн амиа алдсан тухай NHK суваг мэдээллээ. Пүрэв гарагт Нагано хотын цагдаагийн газарт хутга барьсан этгээд хүмүүс рүү халдсан тухай дуудлага ирсэн байна. Цагдаа нар хэргийн газарт очиход зэвсэглэсэн этгээд ангийн буугаар гал нээж хоёр цагдаа амь үрэгджээ. Үүний өмнө сэжигтэн этгээдийн гарт хоёр эмэгтэй амиа алдсан байжээ.
Хэргийн газраас зугатсан сэжигтэн этгээдийг өнөө өглөө үүрээр эцгийнх нь байшингаас баривчиллаа. Нагано хотын хурлын даргын хүү 31 настай Масанори Аоки гэгч уг халдлагыг үйлдсэн болохыг цагдаагийн газраас баталлаа. Халдлага үйлдсэн шалтгаан тодорхойгүй байгаа ч сэжигтэн этгээд эхний мэдүүлгээр хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч "Би хүссэн учраас хүн алсан" гэж хариулсан байна.