1980-аад онд Хатан хаан II Элизабетын аминд халдах оролдлогыг таслан зогсоожээ

Холбооны мөрдөх товчоо Хатан хааныг 1983 онд АНУ-д айлчлах үеэр аминд нь халдаж болзошгүй нөхцөл байдал үүсэж байсан тухай баримтыг дэлгэлээ. Сан Франциско хотын ирланд уушийн газраар байнга үйлчлүүлдэг цагдаагийн офицер бааранд тааралдсан хүнээс Умард Ирландын босогчид Хатан хааны аминд халдахаар зэхэж буй тухай мэдээлэл анх сонсож Холбооны мөрдөх товчоонд анхааруулсан байна. Офицерын хэлснээр Умард Ирландад резинэн суманд алагдсан охиныхоо өшөөг Английн Хатан хаанаас авах тухай яриа уушийн газарт өрнөж байжээ. 

Мөн Хатан хааны хөлөг онгоц Сан Франциско хотын Алтан гүүрээр өнгөрөхөд дээрээс нь ямар нэгэн зүйл унагах эсвэл Йосемитийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочлоход нь хөнөөхөөр завдаж байсан гэх баримт байгаа юм. Заналхийллийн хариуд нууц албаныхан Алтан гүүрэн дээрх явган хүний ​​замыг хаасан бөгөөд Йосемитэд ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байгаа ч айлчлал амжилттай үргэлжилсэн аж. Мөн энэхүү мэдээлэлтэй холбогдуулж Холбооны мөрдөх товчооноос баривчилгаа явуулсан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Нийтдээ 102 хуудас баримтыг Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу Холбооны мөрдөх товчооны мэдээллийн вэбсайт болох Vault-д байршуулсан байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)