Амлах амархан, түүндээ хүрэх хэцүү

Хуриманд нь ирсэн зочин “Эмээл, хазаартай, хос борлог морь аваарай” хэмээн амласныг нь авахаар очтол хойморынхоо авдар дээрх хоёр шаазан морийг аваад өгсөн гэх хошин яриа үе дамжин яригддаг.

Энэ мэтээр манайхан эртнээс амандаа орсноо амладаг, амлалтаараа хуурдаг, амласнаа өгөхгүй луу унждаг байж. Энэ байдал одоо ч хэвээрээ. Бүр олон түмний нүдэн дээр амласнаа ч өгөхгүй мурьдаг болсон. Тухайлбал, Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гавьяатын найранд оролцохдоо Suzuki Jimny автомашин бэлэглэж байгаагаа мэдэгдсэн ч хэлсэн амандаа хүрч бэлгээ өгөөгүй. Бүр УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат “Өгөх албагүй” хэмээн уурссан.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар

Өгч чадахгүй бол олны өмнө амлаж хүлээлт үүсгэх хэрэггүй. Тамирчин хүнд амжилтаа мялаалгах шиг сайхан юм байхгүй. Амласан бол амласандаа л байх хэрэгтэй. Өгч чадахгүй бол амлах хэрэггүй. Миний найран дээр ирээд хайртай, дотнын 300 хүний нүдэн дээр амласан.

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат

Бид найран дээр нь очоод машины эрхийн бичиг гардуулж өгсөн. Үүний дараа Э.Цэндбаатартай хэд хэдэн удаа уулзсан. Тэгэхдээ  “Цаг хугацаа орно. Хүмүүсээс хандив цуглуулж машин авч өгнө” гэдгээ хэлсэн. Мөнгө төгрөг нь цуглахаар авч өгнө. Гэхдээ бид Э.Цэндбаатарт өргүй шүү дээ. Бид Э.Цэндбаатарт машин өгөх албатай ч биш. Үүрэг ч байхгүй. Хэвлэлээр дайрч доромжлуулан байж хүнд юм өгөх хэрэгтэй юү гэдгийг бодож байна. Ер нь мөнгө цугларахаар аймгийнхаа аль нэг сумын эмнэлэгтээ хандивлах гэх мэт асуудал ч яригдаж байгаа.

Ер нь манай улстөрчид, аж ахуйн нэгжүүд олон сайхан амлалт өгч түүгээрээ дамжуулан нэр хүндээ өсгөх, сурталчилгаа хийх тохиолдол ч бий. 2008 оны Бээжингийн олимпод манай улс амжилттай оролцож хоёр ч олимпийн аваргатай болсон. Олимпийн аваргатай болж омогшсон монголчууд аваргадаа амандаа орсон бүхнээ амлацгаасан. Байр, машин, бараа бүтээгдэхүүний жилийн, бүр насан туршийнх нь хэрэглээ гээд л амлаж болох бүгдийг амласан. Гэвч тэр нь юу болж хувирсан тухай хожим нь олимпийн аварга Э.Бадар-Ууган хэлсэн юм.

Олимпын аварга Э.Бадар-Ууган

Биднийг олимпод амжилт гаргахад хүмүүс маш их зүйл амласан. Гэхдээ тэд сэтгэлээрээ амласан юм билээ. Зарим нэг компани нь амласан зүйлээ өгсөн шиг өгсөн. Харин зарим нь зүгээр л өөрийнхөө компанийн нэрийг гаргах гэж шоу хийж байсан юм билээ. Ер нь цаашдаа чадахгүй байж амлах хэрэггүй гэдгийг хэлмээр байна. Чадахгүй зүйлээ амлах дэмий л юм шиг санагддаг. Ямар ч хүн чаддаг юмаа л хэлэх хэрэгтэй. Хүнээр тоглож байгаа юм шиг өгч чадахгүй байж худлаа амлаад хэрэггүй. Тухайн үедээ өөрсдийн нэрийг гаргаад шоу хийчихсэн л бол тэдэнд болчихсон юм шиг  байгаа юм. Ер нь бол амласан хүмүүсийн ихэнх нь амласандаа хүрээгүй. Үүнийг нуугаад ч яах билээ.

Дэлхий дахинд Монгол улс нэг тэрбум мод тарихаа амлав

Хувь хувьдаа, дотооддоо юу гэж амлах нь ч дүүрч. Угаас амлаж ханддаггүй, хууртаж ч хаширдаггүй улс. Харин дэлхий дахинд, олон улсын өмнө эх орныхоо нэр нүүрийг дэнчинд тавьж амласан амлалтаа л биелүүлэх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 23-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо тус чуулганы индэр дээрээс “Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьсан байх болно” гэдгийг дэлхий дахинд амласан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн. Монголчууд бид мод тарих, ном туурвих, үр хүүхдээ өсгөхийг гурван дээд буян гэж үздэг. Тиймээс дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын тулд 2030 онд гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.

Дотооддоо 1.5 тэрбум мод тарихаа амлав

Ийнхүү Ерөнхийлөгч маань улсаа төлөөлөн есөн жилийн дотор нэг тэрбум мод тарих амлалтыг дэлхий дахинд өгсөн. Жилд 100 сая гаруй мод тарина гэсэн үг. Ерөнхийлөгчийнхөө энэ амлалтыг улс даяараа дэмжиж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд байна. Төрийн захиргааны байгууллагууд, хувийн аж ахуйн нэгжүүд салбар салбараараа нэгдэн “Төдөн мод тарина” хэмээн мөн л амлалтаа өгцгөөсөн. 2022 оны байдлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй аж ахуйн нэгжүүд манлайлан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, 21 аймаг, нийслэл нийт 680 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 608 сая, банк санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйн нэгжүүд нэгдэн 221.1 сая буюу нийт 1.5 тэрбум мод тарих амлалт өгчээ. Ерөнхийлөгчийнхөө НҮБ-ын индэр дээрээс өгсөн амлалтыг хагас тэрбумаар давуулан дотооддоо амласан гэсэн үг. Энэ амлалтаа бүрэн хэрэгжүүлж чадвал 2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум бус 1.5 тэрбум мод тарьсан байх нь. Гэхдээ энэ бол зөвхөн амлалт.

Тэрбум модноос 17.6 саяыг нь тарив

Амлах амархан, түүндээ хүрч хэлсэн амандаа эзэн болно гэдэг хэцүү. Хэцүү гэдэг нь тэрбум мод руу тэмүүлж буй одоогийн явцаас ч харагдана. 2021 онд аймаг, нийслэл 2.6 сая, 2022 онд 12.1 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүд хоёр сая буюу нийтдээ одоогийн байдлаар 17.6 сая ширхэг мод тарьж ургуулжээ. Энэ онд аймаг, нийслэлийн хэмжээнд 33.9 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүд есөн сая буюу улсын хэмжээнд нийт 42.9 сая мод тарихаар төлөвлөөд байна. Уг нь бид чинь амласан ёсоороо бол жилд 100 сая гаруй мод тарих ёстой шүү дээ. Гэхдээ өөрсдийгөө зөвтгөх нэг тайлбар бий. Эхний жилүүдэд их хэмжээгээр тарих боломжгүй. Бэлтгэл ажлаа хангах, арга барилаа олох, ажлаа жигдрүүлэх гээд ажил их. Улсын хэмжээнд нийт 1750 га талбай бүхий 336 мод үржүүлгийн газар ажиллаж байна. Нэг мод үржүүлгийн газрын дундаж талбайн хэмжээ 5.2 га орчим бөгөөд дээрх мод үржүүлгийн газруудад 2022 оны эцсийн байдлаар 51.6 сая тарьц, суулгац ургуулжээ. Мөн “Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлан ургуулах чиглэлээр 1017 сургагч багш бэлтгэж, МУИС-д бакалаврын зэрэг олгох “Ойн аж ахуй” хөтөлбөрийг шинээр нээж 2022-2023 оны хичээлийн жилд 52 оюутан элссэн байна. ХААИС албан байгууллагуудтай хамтран 23876 хүнийг мод тарьж, ургуулах сургалтад хамруулжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ойн салбарт ойрын гурван жилд 7000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгааг хэлсэн юм. Энэ бүхнээс үзвэл бэлтгэл ажил нь 2026 онд дуусах нь. Манай улс дэлхий нийтийн өмнө 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих үүрэг хүлээгээгүй ч амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Монголын андгай за буй заа.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. тэр их олон модыг яаж ийгээд тарьж суулгалаа гэж бодъя, дараа нь байнга арчилж хамгаалж, усалж тордож байхгүй бол зүгээр нэг ухсан нүх л үлдэнэ биз дээ

    0 0 Хариу бичих