Тансаглалыг танав

Засгийн газрын хуралдаанаар төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, ТӨК-иудын удирдлагуудын цалинг бууруулах арга хэмжээ авлаа. Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг сар гаруй хугацаанд ажиллаж байна. Цаашдаа төсвийн тодотголоо яаралтай УИХ-аар батлуулах, төсвөө эрүүлжүүлэх, бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих зэрэг ажлыг хийнэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл эдгээр ажлын эхлэл болж, төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувиар бууруулж байна.

5-10 сая төгрөгийн цалинтай бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувиар бууруулахаар болж байна

Тодруулбал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчилж байгаа юм. Энэ хүрээнд 5-10 сая төгрөгийн цалинтай бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувиар бууруулахаар болж байна. Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр, орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг их хэмжээний мөнгөн шагнал бүхий урамшууллыг олгохыг зогсоолоо.

Ингэж хэмнэснээр дараагийн гурван сард 3 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт бий болгоно гэдгийг Сангийн яамнаас мэдэгдэж байсан. Түүнчлэн бүх шатны төсвийн захирагч нарт төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, тавилга, эд хогшил авах, завсар зэрэг тэвчиж болох зардлуудыг хасахыг Ерөнхий сайд үүрэгдсэн. Засгийн газар хэмнэлтийн горимд шилжихдээ ард түмний халаас руу биш, эхлээд өөрсдөөсөө эхлэх ёстой гэх шүүмжлэл өрнөдөг байсан. Өмнө нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар шууд 15000 гаруй төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх асуудал яриад, УИХ-аар цуцлагдаж байсан билээ. 

Тэгвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар ийнхүү төрд өөрт нь байсан хэт тансаглалуудыг таслан зогсоож байна. Төрийн өмчийн нэг компанийн захирал гэхэд 5 саяас дээш төгрөгийн цалинтай, бүр цаашилбал 30 саяас дээш цалин сард авч байна гэдэг эдийн засгийн хүндрэл, хямралтай үед бол дэндүү ахадсан тансаглал гэдэг нь ойлгомжтой. Төрийн өмч гэдэг утгаараа төсвөөс хөрөнгө татаж байгаа. Тэр хөрөнгөөр нэг компанийн захирлын байр, орон сууц, сар бүр олгох 30 сая төгрөгийн цалинг өгнө гэдэг шударга биш гэлтэй. Ямартай ч Засгийн газар зоримог шийдвэр гаргаж, ТӨК-иудын тансаглалыг зогсоож байна.

Цаашдаа Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүд, аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга, ТНБД нарын цалинг ч бас 30 хувиар бууруулах хүлээлт бий. Өмнөх Засгийн газрын үед УИХ-ын гишүүдийн цалинг бууруулах асуудал яригдсан ч УИХ хүлээж аваагүй. Харин энэ удаад Засгийн газар УИХ-д 65 хүнтэй хүчирхэг дэмжлэгтэй байгаа. Тийм учраас цалинг танах Засгийн газрын шийдвэрийг УИХ хүлээж авах болов уу.

Эдийн засгийн хүндрэл, хямралтай байна гээд иргэдийнхээ цалинг бууруулж, халамжийг зогсоох нь буруу алхам гэдгийг судлаачид хэлдэг. Харин төр өөрийнхөө илүүдэл зардал, тансаглал, цалин хангамжаа бууруулах зүйн хэрэг. Зарим улсын Засгийн газрын гишүүд сайн дураар цалингаасаа татгалзаж байсан тохиолдол ч бий. Тийм байхад манай УИХ, Засгийн газрын гишүүд цалингаа бууруулах, ТӨК-иуд хэт их тансаглал, өндөр цалингаасаа хасуулахад болохгүй гэх юу билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. АН-ын үед томилогдсон байгууллагын захирлууд явах нь ойлгомжтой болохоор данс, хөрөнгө шамшигдуулах хэрээс хэтэрч байна. МАН ямар удаан, болхи юм бэ.

    0 0 Хариу бичих
  2. ямар ажил хийсэн гэж ямар гавьяа байгуулсан гэж 5-30 сая төгэөгийн цалин авдаг байна бэ хийсэн бүтээсэн юмгүй байж ард олны зүдэр ч байж олж өгсөн татварын мөнгө ийм л замаар орж ард олон нь ядуур ч цөөхөн хэдхэн адгуус нууд хөлжиж суудаг байх нь арай л биш юм аа

    0 0 Хариу бичих
  3. ZORIGTOI KHIIJ CHADDAGAA UZUULEED OGVOL MAN d itgekh itgel nemegdekh yum daa.AN shig khudlaa Shou tavikh yumuu kharj lbaiy daa

    0 0 Хариу бичих