Б.Бямбасайхан: “Эрдэнэс Монгол” 10 тэрбум долларын хөрөнгөтэй болох боломжтой

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдөр тус компанийн ТУЗ хуралдсан бөгөөд хуралдаанаар 2015 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, 2016-2017 онд хэрэгжүүлэх стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэлэлцэж, баталсан байна. Энэ талаар Б.Бямбасайхан захирал дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Хэвлэлийн хурлын эхэнд тэрээр “2015 оны бодит гүйцэтгэлээр “Эрдэнэс Монгол” болон түүний харьяа, охин компаниуд төсөвт хамгийн том татвар төлөгч болсон байгаа. Бид энэхүү байр сууриа ирээдүйд тогтвортой хадгалах зорилготой. Мөн уул уурхайн бизнесийг бид хамгийн бага зардлаар, хамгийн өндөр бүтээмжтэй удирдсаны үндсэн дээр шинэ бизнес рүү орох. Тэр дундаа дэд бүтэц, эрчим хүчний салбарт шинэ бизнесийг бий болгох зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийн гол зорилго нь дээр дурьдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм” гэв.

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд байгуулагдсан, Засгийн газрын төлөөллийг стратегийн ордуудад хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд Оюутолгой, Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо гэсэн төрийн өмчийн уул уурхайн компаниудыг эзэмшиж буй. Түүнчлэн Тавантолгой-Гашуун Сухайт чиглэл, Оюутолгой-Гашуун сухайт чиглэлийн автозамыг эзэмшиж байгаа юм. Анх Хүний хөгжил сангийн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан бол 2015 онд Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт орсноор “Эрдэнэс Монгол” ХХК нь Компанийн хуулийн хүрээнд ажиллах боломж нээгдсэн байна.

Компанийн засаглалыг олон улсын жишигт хүргэнэ

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Өнөөдөр манай компанид нийтдээ 10 мянга гаруй хүн ажиллаж байгаа. “Эрдэнэс Монгол”-ын охин болон харьяа компаниудад. Энэ бол том тоо. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын хэмжээнд хамгийн том ажил олгогч болсон. Бид энэ олон хүний орлогыг яаж нэмэгдүүлэх, мэргэжлийн чадварыг нь яаж сайжруулах вэ гэдэгт анхаарч ажилладаг” гэлээ. Түүнчлэн “Бид компанийн засаглалыг олон улсын жишигт хүргэх, Монголд байгаа хувийн компаниудтай адил бизнесийн талбар дээр эрх тэгш өрсөлдөх боломжийг хайсаар байгаа. Засгийн газрын мэдлийн компани гэхээрээ илүү эрх дархтай, эсвэл илүү хязгаарлагдмал ч юм шиг зүйл ажиглагддаг. Бид энэ байдлыг өөрчлөхийн төлөө багагүй хугацаанд судалгаа хийсэн. Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт орсноор манай үйл ажиллагаа Компанийн хуулийн дагуу явагдахаар болсон нь бидэнд том боломж олгосон. Энэ дагуу Олон улсын санхүүгийн корпораци болон Азийн хөгжлийн банктай хамтран компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Засаглалаа сайжруулж чадвал бидний төлөвлөж буй стратегийн шинэчлэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжинэ” гэсэн юм.

2016 оны байдлаар “Эрдэнэс Монгол” ХХК нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгийг удирдаж байгаа аж. Харин стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөрөнгийнхөө хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх боломжтой. Үүний тулд олон улсын төвшинд буюу “Рио Тинто”, “BHB Billiton”, “Temasek”, “CAMPVK” дэлхийн томоохон компаниудын адил компанийн соёл, засаглалын хэмжээнд очих ёстой гэж байна. Хэрвээ улс төрийн нөлөөлөл аль болох бага, бизнесийн зарчмаараа ажиллаж чадвал “Эрдэнэс Монгол” компани дэлхийн жишигт хүрсэн шилдэг корпораци болох боломжтой гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан онцолсон.

Тэрээр үргэлжлүүлэн “2015 оны санхүүгийн тайландаа бид дэлхийн аудитын дөрвөн том компанийн нэг болох “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэсэн. Энэ нь олон улсын санхүү, бүртгэлийн стандартын дагуу хийгдсэн. Өөрөөр хэлбэл, манай санхүү, бүртгэлийн стандарт олон улсын төвшинд хүрсэн. Бид ихээхэн хүч, хөдөлмөр гаргасны үр дүнд нягтлан бодох, бүртгэлээ олон улсын стандартад нийцүүлсэн. Энэ нь дараагийн томоохон хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмгдүүлж байна. Түүнчлэн зээлжих зэрэглэлээ хөрөнгө оруулалтын төвшинд хүргэхийн төлөө ажиллаж байна. Энэ бүгд манай стратегийн шинэчлэлийн гол зорилгын нэг юм” гэлээ.  

ТӨК-ийн цогц удирдлагын системийг бий болгоно

“Эрдэнэс Монгол” ХХК нь засаглал болон үйл ажиллагаагаа сайжруулах хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран “ТӨК-ийн цогц удирдлагын систем”-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Тодруулбал, Азийн хөгжлийн банкнаас зээл авснаар компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах, ашгаа нэмэгдүүлэх томоохон төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Цогц удирдлагын системийг нэвтрүүлснээр “Эрдэнэс Монгол” болон түүний харьяа охин компаниуд ашигтай ажиллана. Мөн засаглал, хүний нөөцийн чадавхиа сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой. Ерөнхий сайд маань хэд хоногийн өмнө Монгол Улсын хэмжээнд бэлэн болсон ТЭЗҮ-тэй, хэрэгжүүлэх том төсөл алга байна гэж мэдэгдсэн. Хэрэв бид цогц удирдлагын системээ бүрэн хэрэгжүүлбэл, том төслүүдийн ТЭЗҮ боловсруулах, хэрэгжүүлэх гэх зэрэг бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн өндөр төвшинд хийж чадна” гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750

    0 0 Хариу бичих
  2. Banknii zahirluud tomilogdoj baihad Haan bank ATM iin uilchilgeend 200 tugrugiin shimtgel avch nemlee. Huuchin 100 tugrug bsn.

    0 0 Хариу бичих