Ард нийтийн санал асуулга явуулахдаа...

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал парламентын төдийгүй судлаачдын дунд хүчтэй яригдаж байна. Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж УИХ-ын 40 гаруй гишүүн үзээд буй бол цаг хугацааны хувьд амжихгүй, эрх баригчид өөрсдөдөө зориулж “эцэг” хуулиараа “тоглохоор” санаархаж байна гэх гишүүн ч бий юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хөндөхийн өмнө Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Тодруулбал, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг 1995 оны аравдугаар сарын 19-нд батлагдсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэгдсэн батлагдсантай холбоотойгоор дээрх хуульд тухайн үед нь нэмэлт, өөрчлөлт оруулаагүйгээс  одоо өөрчлөх шаардлага гараад буй юм.

Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд орох өөрчлөлтүүд

-Ард нийтийн санал асуулга явуулах өдөр бүх нийтээр амрах;

-Санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах;

-Санал авах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах

-Санал өгөх, санал тоолох, саналын хуудсыг хүчингүйд тооцохтой холбогдсон зарим зохицуулалт  

Харин ард иргэдээсээ санал авахаас өмнө эхлээд эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны үүднээс эерэг сөрөг үр дагаврын дүн шинжилгээ хийх ёстой гэх байр суурийг судлаачид хэлж байна. Тухайлбал, академич С.Нарангэрэл “Үнэхээр болж байвал дэмжинэ, болохгүй бол түүнийг нь хэлж, ард түмэндээ ойлголт өгөх хэрэгтэй юм. Үүний дараа ард түмэн бэлтгэгдэж, гэгээрэх ёстой” хэмээсэн.

Үүнээс гадна ард нийтийн санал асуулга авах харилцааг 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заажээ. Энэ хуулийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах ёстой гэх байр суурийг судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөх процессыг журмын тухай хуулиар явуулах шаардлага бий ч одоогийн өргөн бариад буй хуулийн төсөлд дутуу дулимаг зүйл их байгаа аж.

Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэлсний дараа ард нийтийн санал асуулгыг явуулах нь зүйтэй гэвэл парламент хоёр удаагийн хэлэлцүүлгээрээ энэ саналыг дэмжсэн байх ёстой аж. Энэ тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулах боломж бүрддэг юм байна. Харин хоёр удаагийн хэлэлцүүлгээрээ санал асуулга авах зүйл заалт бүрийнхээ “усыг шахаж” чамбайруулах шаардлага УИХ-ын өмнө бий. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгасан ажлын хэсгээс оруулж ирсэн эдгээр зүйл заалтыг УИХ хэрхэн өөрчлөх вэ гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.

Үүнээс гадна ард нийтийн санал асуулга явуулахаар боллоо гэхэд дүн өвлийн хүйтэнд явуулбал ирц бүрдэх үү гэх асуудал ургаж гарч ирнэ. Ирц 50 хувьд хүрэхгүй бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж чадахгүйд хүрч, ирэх найман жилийн хугацаанд “эцэг” хуульд “гар хүрэхгүй” байх нөхцөл байдал үүсэх юм. Хэрэв санал асуулга явуулахаар болвол иргэдийн ирцийг бүрдүүлэх үүднээс эрүүл мэндийн үзлэг оношилгоонд /тодорхой үнийн дүнгээр/ хамруулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох хэрэгтэйг судлаачид хэлж байсан.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)