Ачааны хүндийг ард түмэн үүрэх төсвийн тодотгол

Анх 2016 оны төсвийг УИХ-аар 2015 онд баталж байхад “Төсвийн орлогоо буруу тооцоолж байна, дутна” гэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагынхан өгсөөр байсан. Монголбанкнаас төсвийн орлого, зарлагыг нэг их наяд төгрөгөөр танах шаардлагатай гэж байсан ч УИХ харин ч эсрэгээр нь орлого зарлагыг нэмэгдүүлж баталсан билээ. Нэгэнт хөөстэй, хөрсөн дээрээ буугаагүй төсөв дээр сонгуулийн цикл дайрснаар өнөөдөр төсвийн орлого 1.9 их наяд төгрөгт хүрээд байна. Алдагдлаа нөхөж, хуульд нийцүүлэх зорилгоор УИХ төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. 

Дутагдсан төсвийн орлогыг нөхөх зорилгоор Засгийн газар хэд хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр ярьж байна. Тухайлбал, 150-аас дээш метр квадрат бүхий орон сууцанд татвар ногдуулах, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар ногдуулах гэх зэргээр яригдаж буй билээ. Мэдээж улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа үед улс орон орлогоо дайчилж болно.

Дутагдсан төсвийн орлогыг нөхөх зорилгоор Засгийн газар хэд хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр ярьж байна. Тухайлбал, 150-аас дээш метр квадрат бүхий орон сууцанд татвар ногдуулах, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар ногдуулах гэх зэргээр яригдаж буй билээ. Мэдээж улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа үед улс орон орлогоо дайчилж болно. Гэхдээ үүний нөгөө талд иргэдийнхээ орлогыг дэмжсэн, хатуу шийдвэрийг зөөлрүүлсэн бодлого ч байх ёстой гэдгийг судлаачид хэлж байна. Түүнчлэн эдийн засгийн хүндрэл, хямралын үед татвар нэмэх нь оновчтой шийдэл биш гэдгийг онцолжээ.

2016 оны төсвийн тодотголыг харвал төсвийн орлогыг 5 их наяд 344.3 тэрбум төгрөг, зарлагыг 9 их наяд 741.4 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. Алдагдал 4 их наяд 397.2 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 18 хувьтай тэнцсэн байгаа. Энэ нь Хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх бүх төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг Улсын нэгдсэн төсөвтэй нэгтгэсэнтэй холбоотой гэж байгаа юм. Мөн 2016 онд Засгийн газрын өрийн хэмжээг 21 их наяд 299.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 88 хувьтай тэнцэхээр тусгажээ. Цаашдаа 2024 он хүртэл төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулснаар ДНБ-ий 3 хувьд хүргэнэ гэх “мөрөөдлийн” тооцооллыг Засгийн газар танилцуулж байна.

Эдийн засгийн хүндрэл, хямралтай байгаа үед Засгийн газар танаж болох бүхий л хэрэглээгээ хасч, бүсээ чангална гэж буй. Гэвч бодит байдалд зарлага 9 их наяд төгрөгт хүрч байгаа юм. Эдгээрийн дотор шаардлагагүй хөрөнгө оруулалтууд олон байна гэдгийг УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр гишүүд шүүмжилсэн билээ. Тухайлбал, анх батлагдсан 2016 оны төсөвт тусгагдаагүй байсан 16 объект дээр хөрөнгө оруулалт тусгасан байгаа. Зарлагыг бага байлгах чиглэлээр төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг 30-60 хувиар бууруулахаар төсөлд тусгасан ч МАН-ын бүлэг цалин хасахгүй байх улс төрийн шийдэлд хүрсэн билээ.

Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авах 36 сарын тэтгэлгийг 12 сар болгож бууруулах, хүүхдийн мөнгийг хүүхдүүдэд алагчилж өгөх гэх зэргээр ярьж байгаа

Өөрөөр хэлбэл, улстөрчид өөрсдийнхөө цалинг хасахыг хүссэнгүй. Тэгсэн хэр нь төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авах 36 сарын тэтгэлгийг 12 сар болгож бууруулах, хүүхдийн мөнгийг хүүхдүүдэд алагчилж өгөх гэх зэргээр ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 9 их наяд төгрөгт хүрсэн төсвийн зарлагыг санхүүжүүлэх гол ачаалал ард түмний нуруун дээр л ирэх нь. Уг нь Засгийн газар дараагийн 1.8 жилд улс орноороо бүсээ чангалж, эдийн засгийн хүндрэлээс гарна гэж амласан. Гэвч одоо хэлэлцэгдэж буй төсвийн тодотголоос харахад 1.8 жилд зөвхөн ард түмэн бүсээ чангалаад, Засгийн газар, улстөрчид, том компанийн захирлууд тансагласан хэвээр л байх бололтой.

Мэдээж төсвөө эрүүлжүүлэх, алдагдлаа бууруулах, бодитой төлөвлөх нь чухал. Гэхдээ тэглээ гээд татвар нэмэх байдлаар орлогыг механикаар бүрдүүлэх гэж оролдох нь буруу гэдгийг эдийн засагчид юу ярьсныг эргэн сануулъя.

Эдийн засагч Ч.Ганхуяг:

Татвар нэмэх нь өдөрт иддэг хүний талхнаас дахин нэмж авахаар дайрч байгаатай адил сонсогдож байна. Өнөөдрийн 4 их наядын алдагдлын дэргэд татвар нэмж олох орлого өчүүхэн хувийг л эзэлнэ. Эдийн засгийн реформыг нийгмээ цочроож, хөрөнгө оруулагчдаа үргээхгүйгээр хийх хэрэгтэй. 

Эдийн засагч Б.Мөнхсоёл:

Засгийн газар төсвөө хэт өөдрөгөөр харж, өөдрөгөөр зарлагадаад байна. Төсөөлөл чинь хэт зөрүүтэй байна. 40 тэрбумыг олог гэж байгаад 100 тэрбумыг алдах вий. Татварын хувь, хэмжээг нэмэхдээ дураараа тоо гаргаж ирж байна. Нарийн тооцоо, судалгаатайгаар хийвэл татвар нэмэх нь боломжгүй зүйл биш. 

Эдийн засагч Б.Лхагважав:

Татвар нэмлээ гээд эдийн засгийн хямралаас гарахгүй. Татвар нэмэхийг санаачилсан нөхдүүд ямар ч онолгүйгээр яриад байна. Одоо үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг богино хугацаанд харж, дүгнэж болохгүй.

Эдийн засагч Ч.Хашчулуун:

Татварыг төлж байгаа хүмүүсээс л улам их аваад байх нь өөрөө сайн аргачлал биш. Угаасаа бүгдийг нь хууль ёсны дагуу чадлаараа төлж байгаа байгууллагууд бий. Тэдэн дээр ачаалал нэмэх нь сайн арга биш. Түүний оронд огт төлөхгүй байгаа, эсвэл дутуу төлдөг хүмүүсийг татвар төлөлтийг сайн нэмэгдүүлэх хэрэгтэй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Achaany hundiig ard tumend uuruuleh hamgiin amar arga. Ternees bish ES uuruu uureltei bish. Hajuudahaa l hadrana

    0 0 Хариу бичих