СУРВАЛЖЛАГА: 13 тэрбум төгрөг салхинд хийсгэхгүйн тулд иргэний үүргээ биелүүлээрэй

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар 07:00 цагт эхэлсэн. Өнөөдрийн 22:00 цаг хүртэл явагдана. Сонгуулийн ирц улсын хэмжээнд 18:00 цагийн байдлаар 40.9 хувьтай байгаа бол нийслэлийн сонгуулийн ирц 30.9 хувьтай байгаа юм.

Энэ нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг СЕХ-ноос мэдээлсэн билээ.

Ингээд манай сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны санал авах 1947 дугаар хэсгийн хорооноос орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн талаар  сурвалжлага бэлтгэлээ. Тус санал авах хэсгийн хороон дээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны 1, 2, 4, 5, 15-1, 15-2, 19, 19-а, 23, 24, 25, 33 болон 61 дүгээр байрны 2044 иргэн саналаа өгөх юм байна.

Биднийг тус хэсгийн хороон дээр очиход /17:40 цагт/ саналын байр нэг ч сонгогчгүй эл хуль байлаа.

-М.Цогбаяр: 56-аас дээш насныхан саналаа идэвхтэй өгч байна-

Ингээд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны санал авах 1947 хэсгийн хорооны ахлагч М.Цогбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай хэсгийн хороон дээр хичнээн сонгогч саналаа өгөх вэ. Санал хураалтын ирц хэдэн хувьтай байна вэ?

-Манай хэсгийн хороон дээр нийт 2044 иргэний нэрсийн жагсаалт гарсан. Гэхдээ “түр хасав” тэмдэглэгээтэй болон зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийг хасаад нийт 1947 иргэн санал өгөх ёстой. Одоогийн байдлаар эдгээр иргэдийн 35.72 хувь нь саналаа өгөөд байна.

-Хэд орчим насны иргэд саналаа түлхүү өгч байна вэ?

-Ер нь 56-аас дээш насныхан нийт саналаа өгсөн иргэдийн дийлэнх хувийг эзэлж байна. Залуучууд саналаа өгөх нь бага байна.

-Танай хэсгийн хорооноос сонгогчдыг саналаа өгөхөд уриалсан ямар ажлууд хийсэн бэ?

-Сонгогч бүрт урилга тараасан. Мөн СЕХ-ноос өгсөн мэдээлэл болон санал авах байрны план зураг зэргийг сонгогчдод өгсөн байгаа. Сонгогчдод хангалттай мэдээлэл өгсөн.

-Сонгогчид хэдэн цагийн үед идэвхтэй байсан бэ. Одоогоор нэг ч сонгогч байхгүй байна?

-Сонгогчид өглөө 10:00 цагийн үед их байсан. Мөн 13:00-14:00 цагийн үед сонгогчдын ирц нилээд идэвхжсэн.

-Саналаа өгөлгүй цааргалж  бүү хойш суугаарай-

Тус хэсгийн хороон дээр 17:45 цагийн үед саналаа өгөхөөр ирсэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны 70 орчим настай иргэн ийн ярив.

-Та саналаа өгөхөөсөө өмнө нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцсан уу. Нэр дэвшигчдийн талаар хангалттай мэдээлэл авсан уу?

-Тэгэлгүй яахав. Нэр дэвшигчдийнхээ талаар хангалттай мэдээлэл авсан.

-Санал өгөх заавар, зааварчилгаа хэр ойлгомжтой байна. Та энэ талаарх мэдээллийг хаанаас авсан бэ?

-Санал өгөхөд ойлгомжгүй зүйл алга. Бид хэдхэн сарын өмнө УИХ-ын сонгуульд саналаа өгсөн шүү дээ. Бас бидэнд урилга тараасан. Тэрэн дээр хангалттай мэдээллэл байсан.

-СЕХ-ноос энэ удаагийн сонгуулийг ирцийг хангалттай байна гэдэг мэдээллийг өгч байгаа. Та саналаа өгөөгүй иргэдэд хандаж юу хэлэх вэ?

-Хуулийнхаа хүрээнд бүх иргэн аливаа сонгуульд саналаа өгөх журамт үүрэгтэй. Үүнийг ойлгож, ухамсарлаад саналаа өгөөрэй. Дөрвөн жилд ганцхан удаа болдог сонгуульдаа саналаа өгөлгүй цааргалж, бүү  хойш суугаарай.

-С.Баяраа: Иргэдэд хамгийн чухал сонгууль бол энэ-

Харин 18:00 цагийн үед саналаа өгөхөөр ирсэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн С. Баяраа “Орон нутгийн сонгуульд иргэд ач холбогдол бага өгдөг юм шиг санагддаг. Уул нь чиний, миний амьдарч байгаа орон нутагт маш их хэрэгтэй сонгууль энэ шүү дээ. Өөрсдийнхөө амьдарч байгаа орчныг тав тухтай болгож, төрийн үйлчилгээг авахын тулд энэ сонгуульд саналаа заавал өгөх ёстой.

Хэрвээ сонгуулийн ирц хүрэлцэхгүй бол 13 тэрбум төгрөг зүгээр л салхинд хийснэ. Тийм болохоор өөрийнхөө болон улс орныхоо төлөө залуус маань саналаа заавал өгөх ёстой шүү” хэмээн уриллаа.

-Залуусаа саналаа заавал өгөөрэй-

Энэ удаагийн сонгуульд залуусаас илүүтэй ахмадууд саналаа өгч байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж буй. Тэд гоёлын дээлээ өмсөж, одон медалиа энгэртээ гялалзуулсаар өглөө эртлэн хамгийн түрүүнд саналаа өгчээ.

Харин залуус энэ удаагийн сонгуульд тун “хойрго” хандаж байгааг албанынхан онцолсон. Гэхдээ өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын болон Аймаг, НИТХ-ын сонгуульд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй идэвхтэй оролцсон юм.

Хэрвээ сонгуулийн ирц хүрэлцэхгүй бол 7 хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулах магадлалтай байгааг сонгуулийн хороодууд мэдээлж байна. Тиймээс иргэдийг харъяа дүүрэг, хороондоо очиж саналаа өгөхийг уриалж байна.

Саналаа өгөхөөс “хойш сууж” сонгогчдын ирц дутсан тохиолдолд нэмэлт санал хураалт явуулах бөгөөд саналын хуудас нэмэх, тээвэрлэх, хэвлэхээс эхлээд олон зардал гардаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Naad nemelt sanal huraaltaar sanalaa hudaldahaar guvshaa hurga buyu 50n tuguur biee unelegchid irne. Hen iim zand irgedee surgav.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ