Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын УИХ-ын дарга З.Энхболдод дөнгөж сая УИХ-ын нэр бүхий гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр товч мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өнөөдөр буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны Зулын 25-ны билэгт сайн өдөр УИХ-ын нэр бүхий 50 орчим гишүүний гарын үсэг зурсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөнгөж сая УИХ-ын даргад албан ёсоор өргөн барилаа. Үндсэн хууль 1993 онд батлагдан өдгөө 23 жил өнгөрч байгаа. Өнөөдрийг хүртэл энэ хуульд нэг удаа өөрчлөлт хийн байгаа. Бидэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй гэдгийг амьдралын туршлага өгсөн учраас энэ их хурал дээр эхлээд Г.Цог даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу үгүй юу гэдэгт тэд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг дүгнэлт гаргас. Үүний дагуу манай ажлын хэсэг буюу Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан үндсэндээ 10 сар ажиллан өнөөдөр хуулийн төслөө өргөн барьж байна.

Энэ асуудлын хүрээнд бид үндсэн гурван чиглэлийн асуудлыг хөндөн тавьж байгаа. Нэгт төрийн тогтолцоогооj илүү тодорхой, оновчтой, тогтвортой байлгах тэр хүрээнд асуудлыг авч үзсэн. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд олон Засгийн газар огцорч энэ нь эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэж байсан алдаагаа засахын тулд үүнийг тогтворжуулах, сонгодог утгаараа парламент засаглалтай улс болох тэр хүрээний заалтуудыг Үндсэн хуульд оруулж өгсөн. Хоёрт Монгол Улс Үндсэн хуулиа баталж байх үед хоёр сая хүнтэй түүний 500 мянган хүн нь Улаанбаатар амьдардаг байсан бол өдгөө 3 сая хүн амтай болж, нийт хүн амын 50 хувь нь буюу 1 сая 500 хүн нийслэлд амьдардаг болсон байна. Бид Үндсэн хуулиндаа хот гэдэг заалтыг орхигдуулснаас болоод хот  амьдрах хүсэлтэй хүмүүсийн тэмүүлэл илүү нийслэл рүү дүрэлзэн байгаа учраас хот гэдэг томьёоллыг Үндсэн хуульд нэмэлтээр оруулж байгаа. Тиймээс Эрдэнэт, Дарханыг хотын статустай болгох асуудлыг хөндөж оруулсан. Гуравт өнгөрсөн хугацаанд олон намын тогтолцоотой болж, олон эерэг зүйлийг авчирсан боловч нөгөө талаас сөрөг үр дагавар авчирч намаар талцах Монгол Улсын эрх ашигт сөргөөр нөлөөлөх асуудал газар авсантай холбогдуулаад орон нутагт намчирхдаг байдлыг таслан зогсоох үүднээс орон нутгийн сонгууль  буюу сум, аймгийн Засаг даргыг ард түмнээс шууд намын оролцоогүй сонгодог болох  гэсэн бүлэг заалтыг оруулж өгсөн. Үндсэн хуулийн зүйл заалтын тухай  ирэх долоо хоногт дэлгэрэнгүй мэдээллийг өгөн, веб сайтад тавина” хэмээв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр ийнхүү Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.

Ард нийтийн санал асуулгыг ирэх арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласан өдөр явуулахаар тогтоолын төсөлд тусгасан бөгөөд энэ өдөр нь 1924 оны Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдсан түүхт өдөр юм байна. Энэхүү ард нийтийн санал асуулга нь Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан зөвшөөрөх асуудлаар 1945 оны 10 дугаар сарын 20-нд явуулсан анхны бөгөөд цорын ганц санал асуулгын 70 жилийн ойн жил тохиож байгаагаараа онцлогтой юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ