Н.Баяртсайхан: ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ирэх хугацаагаа хойшлуулсан

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж бодлогын хүүг нэг хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Энэ талаар тус банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр “Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 14 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Монголбанкнаас өнгөрсөн наймдугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгөв. Инфляц ирэх онд зорилтот төвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцын дарамт бага байхаар байна. Гадаад худалдааны нөхцөл хүлээгдэж байснаас сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар байна. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын үр нөлөө, мөнгөний бодлогын цаашдын төлөв нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлт зэргээс хамаарна. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна” гэв.

Бодлогын үр нөлөө, мөнгөний бодлогын цаашдын төлөв нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлт зэргээс хамаарна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Өнгөрсөн наймдугаар сард бодлогын хүүг огцом өсгөсөн. Гэтэл одоо ганцхан хувиар бууруулж байна. Үүнээс илүү бууруулах боломж байгаагүй юү?

-Мөнгөний бодлогын зөвлөлд Монголбанкны газрын захирлууд, хуучин удирдлагууд, судлаач эрдэмтэд, хувийн хэвшлийн төлөөлөл багтдаг. Маш өргөн бүрэлдэхүүнтэй хуралддаг гэсэн үг. Энэ хүмүүс мөнгөний бодлогын хүүг олон талаас нь ярьж байж шийдвэр гаргасан. Олон нийтэд таалагдах гэж бодлогын хүүг өөрчилдөггүй. Тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэл болгодог. “Бодлогын хүүг бууруулах шаардлагагүй”, “0.5 хувиар л бууруулъя” гэсэн санал ч гарсан. Эцэст нь эдийн засгаа дэмжих үүднээс болгоомжтой байдлаар аажуухан бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ бол сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдэх асуудал биш гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй.

-ОУВС-тай хийж буй яриа хэлэлцээр ямар төвшинд явж байгаа вэ?

-ОУВС-тай хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа. ОУВС-гийн техникийн баг манай улсад ажиллаад буцсан. Очоод захирлуудын зөвлөлдөө Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулсан. Энэ сард дахин ирэх байсан боловч хойшилсон. Европ даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг зул сарын баяр үндсэндээ эхэлсэнтэй холбоотойгоор, мөн дахин нягтлах шаардлага гарсан учраас ирэх хугацаагаа хойшлуулсан. Нэгдүгээр сард ирнэ гэж найдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ