С.Бямбацогт: Санал асуулга явуулахыг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Улмаар уг асуудлыг дэмжих боломжгүй гэж үзжээ. МАН-ын бүлэг уг асуудал нь цаг хугацааны хувьд хэт давчуу, яаруу сандруу байгаа учраас дэмжихгүй гэж байгаа аж. Тус намын бүлгийн дарга С.Бямбацогт “Ард нийтийн санал асуулгын тухай хуульдаа өөрчлөлт оруулах, дараа нь ард нийтийн санал асуулга явуулахад цаг хугацаа хэтэрхий шахуу байна. Санал асуулга явуулах тухай хуулиндаа өөрчлөлт оруулахад л дор хаяж 14 хоног шаардлагатай. Тэрний дараа гуравхан хоногт багтаагаад ард нийтийн санал асуулгаа зохион байгуулна гэж байгаа. Энэ боломжгүй зүйл. УИХ аливаа асуудалд, ялангуяа Үндсэн хууль, Ард нийтийн санал асуулга шиг чухал хуульд ийм яаруу хандаж болохгүй. Өнгөрсөн хугацаанд УИХ-аар яаран, сандран хэлэлцэж, баталсан хууль, тогтоолын төслүүд үргэлж араасаа асуудал дагуулж байгаа” гэлээ.

Мөн тус намын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг ч бас ийм богино хугацаанд хийхэд хүндрэлтэй гэж үзэж байгаа юм байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд эхлээд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг өөрчилнө. Дараа нь Ард нийтийн санал асуулга явуулна. Түүнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулинд өөрчлөлт оруулаад, хамгийн сүүлд Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Сар гарангийн хугацаанд ийм чухал дөрвөн хуульд өөрчлөлт оруулж, асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж МАН-ын бүлэг үзэж буйгаа дуулгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ