Өнөөдөр Богдын зарлигаар тунхагласан нийслэлийн өдөр

1990-ээд оны дунд үеэс нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ өдрийг ёслон тэмдэглэх болсон бөгөөд 2003 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Монгол Улсын нийслэлийн өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэдэг томъёоллоор хуульчилсан байдаг.

Өнөөдөр нийслэлийн өдөр. Ингэж хэлэхээр олон хүн гайхах байх. Монгол Улсын нийслэлийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 29-нд тэмдэглэдэг болсоор даруй 20 гаруй жил болжээ. 1990-ээд оны дунд үеэс нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ өдрийг ёслон тэмдэглэх болсон бөгөөд 2003 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Монгол Улсын нийслэлийн өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэдэг томъёоллоор хуульчилсан байдаг. Энэ нь уг өдрөөр бүх нийтээр амрахгүй боловч бүх нийтээр тэмдэглэж өнгөрүүлнэ гэсэн үг. Ийнхүү намрын их ажил, өвөлжилтийн бэлтгэл, ургацын баяртай зэрэгцүүлэн нийслэлийн өдрийг тэмдэглэдэг жишиг тогтсон юм. Тиймээс олон нийтийн дунд нийслэл Улаанбаатарын “төрсөн өдөр” намар болдог гэдэг ойлголт хэдийнэ бий болсон. Харин хоёрдугаар сарын 9-нийг яагаад нийслэлийн өдөр гэж байгаа хэрэг вэ. Үүнд түүхэн ямар үндэс байна вэ. Эдгээр асуултад дор хариулъя. Юуны өмнө аравдугаар сарын 29-нийг яагаад нийслэлийн өдөр болгож зарласныг тодруулах хэрэгтэй болов уу. Энэ бол нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдаж, өргөжин хөгжсөн 370 гаруй жилийн түүхтэй холбоотой. 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг таван настайд нь Монголын шашны тэргүүнээр өргөмжлөн Шар бөсийн орд барьж суулгасныг Монгол Улсын нийслэлийн үүсэл гэж үзэж тийнхүү анхдугаар Богдыг ширээнд залсан өдрийг орчин цагийн тоололтой онолдуулан багцаалж аравдугаар сарын 29-нийг тогтоон товлосон юм байна. 

1924 оны арваннэгдүгээр сарын 25 буюу анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах улсаа тунхаглахын өмнөх өдөр Нийслэл Хүрээний нэрийг Улаанбаатар хэмээн өөрчилсөн байна.

Эдүгээ нийслэлийн удирдлагууд энэхүү өдрийг ёслон тэмдэглэхдээ эш татан дурдах дуртай өөр нэгэн үйл явдал бий. Тэр нь Нийслэл Хүрээг Улаанбаатар хот хэмээн нэрлэсэн явдал. 1924 онд улсын анхдугаар их хурлаар анхны Үндсэн хуулийг баталсны зэрэгцээ олон чухал асуудлыг хэлэлцсэний нэг нь Монгол Улсын нийслэлийг Улаанбаатар хот хэмээн нэрийдсэн шийдвэр байв. 1924 оны арваннэгдүгээр сарын 25 буюу анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах улсаа тунхаглахын өмнөх өдөр Нийслэл Хүрээний нэрийг Улаанбаатар хэмээн өөрчилсөн байна. Ийнхүү “Ялсан хувьсгалын улаан туг бүрхсэн” Баатар хот гэсэн утгаар Коминтернийн төлөөлөгчийн санал болгосон нэрийг монголчууд нийслэлийнхээ чихэнд шивнэснээс хойш 93 жил болжээ. Юутай ч хотын удирдлагууд жил бүрийн намар, өвлийн заагаар нийслэлийн өдөр гэж тэмдэглэж байгаа нь Өндөр гэгээнийг ширээнд залсны болон Нийслэл Хүрээ Улаанбаатар нэртэй болсны ойг л тэмдэглээд байгаа юм байна гэсэн ойлголт төрүүлдэг. Уг нь Монгол Улсын нийслэлийн түүх 370-хан жилээр хэмжигдэхгүй. Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын 795 жилийн ойг 2015 онд Ерөнхийлөгчийн ивээл дор тэмдэглэсэн. Эндээс  харахад монголчууд хоёр нийслэлтэй байсан мэт сэтгэгдэл төрнө. Нэг нийслэл нь 797 жилийн өмнө, нөгөө нийслэл нь 378 жилийн өмнө байгуулагдсан байх нь. Энэхүү эргэлзээ, эндүүрлийг түүхчид тайлж, нэг мөр болгох бизээ. Харин маргааш тохиох нийслэлийн өдөр бол 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулсны дараа Их Хүрээг тусгаар тогтносон улсын нийслэл хэмээн тунхаглаж Нийслэл Хүрээ хэмээн нэрлэх тухай Богд хааны зарлиг гарсны 105 жилийн ойн өдөр юм. Энэ өдөр бол монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан Үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үр дүн гэж хэлж болно. Монголын төрийн хэргийг Бээжинд биш Нийслэл Хүрээнд монголчууд өөрсдөө шийддэг болсон нь тусгаар тогтнолоо тодоор зарлан тунхаглан зарласан хэрэг байлаа. 

Д.Өлзийбаатар: Их Хүрээг нийслэл хэмээн тунхагласан нь  тусгаар тогтнолоо баталгаажуулсан шийдвэр байсан

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсан түүхэн он цагийн талаар түүхийн ухааны доктор, түүхч Д.Өлзийбаатартай ярилцлаа.

-Эдүгээгээс 105 жилийн өмнө буюу 1912 онд монголчууд нийслэлээ сэргээн тунхагласан гэж  та үздэг юм билээ. Энэ нь ямар үндэстэй юм бэ? 

-Аливаа улсын улс төр, засаг захиргаа, яам тамгын газар төвлөрдөг газрыг нийслэл хот буюу гол хот гэж нэрлэдэг. Капитал сити гэдэг англи нэршлээр нь хөөвөл капут буюу толгой, тэргүүн гэсэн утгатай юм билээ. Монголчууд бид дэлхийн хэмжээний нийслэл байгуулсан улс. Их Монголын эзэнт гүрний үед Евразийг холбосон том гүрэн байгуулаад Хархоринд бүх асуудлыг шийддэг байсан. Яагаад гэвэл Монголын гол төв тэнд байсан. Ганц буддын бус христ, лал гээд бүх шашны сүм, уран дархны газрууд төвлөрч байв. Нүүдэлчдийн ёсоо баримтлаад их хаан энд тэнд нүүгээд явж байдаг ч гол орд өргөө нь Хархорумд байв. XIII-XIV  зууны үед бүх зам Монгол руу, Хархорум хот руу чиглэж байлаа. Энэ үүднээс үзвэл манай нийслэлийн түүх олон зуун жилийн өмнөөс эхэлж байгаа юм. Хоёр, гурван зуун жил биш 800 гаруй жилийн түүхтэй гэж ярих ёстой. Орчин цагийн нийслэл гэвэл өнөөгийн Улаанбаатар хот, Нийслэл Хүрээг ярьж болох юм. Албан ёсоор Богд хааны зарлигаар тунхаглан зарласан нийслэл бол Нийслэл Хүрээ. 

-Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялснаас сар гаруйн л дараахь хэрэг явдал байх нь ээ?

-Тийм. Монгол Улс Манжаас салж тусгаар тогтнолоо зарласан учраас Их Хүрээг улсынхаа нийслэл болгоё гэдэг шийдвэр гарсан. Ингээд 1912 оны хоёрдугаар сарын 09-нд Богд хааны зарлигаар Их Хүрээ гэдэг нэрийг Нийслэл Хүрээ болгож өөрчлөн тусгаар улсынхаа нийслэл гэж зарласан. Монголчууд 1912 онд биш түүнээс бүр эрт төв хот буюу нийслэлтэй байсан гэдэг утгаар авч үзвэл Богд хаант Монгол Улсын үед Их Хүрээг Нийслэл Хүрээ гэж нэрлэсэн нь нийслэлээ дахин сэргээн зарласан гэсэн үг. Нийслэл Хүрээнд Богдын Засгийн газар, яамд төвлөрч суусан гэдэг утгаар бусад суурин газруудаас ялгаж нэрлэсэн. 1921 оны ардын хувьсгалын дараа ч энэ үйл явц үргэлжилсэн. 1924 онд Нийслэл Хүрээг Улаанбаатар гэж нэрлэсэн. 

-Коминтерний төлөөлөгчийн санал болгосноор ингэж нэрлэсэн гэдэг байх аа?

-Өргөөгийн нэрийг өөрчилнө гэхэд олон санал гарсан. Бүр Ар Бээжин гэж нэрлэе гэсэн санал ч гарч байсан байдаг юм. Нийслэл гэхээр л Бээжин гэж зарим нь ойлгож байж шүү дээ. Анхдугаар  их хуралд ардчилсан сонгуулиар нутаг нутгаасаа сонгогдож ирсэн ардын төлөөлөгчид цуглачихаад ярьж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд маш чөлөөтэй хэлэлцсэн. Монголд өөрчлөлт их хийгдэж байна. Улаан туг, улаан  хувьсгал дэлхийг бүрхэж байна гэдэг тэр бэлгэдлийг бодож Зөвлөлтийн Коминтерний төлөөлөгч Рыскуловын санаачилгаар Нийслэл Хүрээг Улаанбаатар болгоё гэж санал тавьсан байдаг.

-Улаан гэдэг нь нөгөө талаар шашны утга агуулгатай байсан гэх юм билээ?

-Шамбалын орны Рэгдэндагва хааныг улаан морьтой, улаан гал дүрэлзүүлсэн дүртэйгээр дүрсэлдэг. Рэгдэндагва хаан бидний дээгүүр явж сайн сайхан үйлийг тэтгэж байдаг гэсэн шашны номлол байдаг. Тэр нь ч анхдугаар хуралд оролцогчдын сэтгэхүйд нь нөлөөлсөн юм шиг байгаа юм. Дээр нь хувьсгал болгоны дараа шинэчлэх үзэл санаа гардаг. Юм болгоныг өөрчилье, хуучин бүхнийг сольё гэсэн үзэл давамгайлдаг шүү дээ. Тухайн үеийн хүмүүсийн санаанд ч гэсэн хуучин юмаа өөрчилье, хувьсгая гэсэн санаа давамгайлсан. Түүнтэй холбоотойгоор хотынхоо нэрийг сольсон. Өмнө нь Нийслэл Хүрээ, Өргөө гээд хоёрдмол нэртэй байсан. Гадаадад, олон улсын сонин хэвлэлд Өргөө буюу Урга гэж нэрлэж бичдэг, дотооддоо Богдын өргөө, Богдын хүрээ гэдэг байв. Хөдөөнийхөн бол Нийслэл Хүрээ гэж ярихгүй, Богдын өргөө, Богдын хүрээ орно л гэж ярьдаг байж л дээ. Хүрээг дандаа Богдтой холбож ярина. Тэгтэл 1924 оны тавдугаар сард Богд жанч халсан. Богдын нөлөө их хэвээрээ, тиймээс IX Богдыг тодруулах асуудал яригдаж байсан. Энэ ч бас нөлөөлсөн байх. Ингээд Нийслэл Хүрээг Улаанбаатар гэж нэрлэе. Цаашаа бидний зорьж тэмцэж байгаатай санаа зорилго нэг байна гэж үзсэн байдаг юм. Ингээд Улаанбаатар хотын шинэчилсэн зохион байгуулалтыг хийсэн. 1925 онд Улаанбаатар хотын захиргааг байгуулсан. 

-Хэдэн оноос эхэлж аравдугаар сарын 29-нийг нийслэлийн өдөр болгож тэмдэглэх болсон юм бэ?

-1995-1996 оны үед л нийслэлийн өдрийг анхдугаар Богдын өргөө байгуулагдсанаар тооцоод тэмдэглэх болсон. Үүнийг тайлбарладаг хүмүүс нь Өндөр гэгээний орд өргөөний дэргэд Баруун өргөө гэж байсан. Автай сайн хааны өргөө ч гэдэг. Тэр өргөөн дотор эзэн Чингисийн үеэс Түшээт ханыхны уламжилж бадрааж ирсэн гал голомт байсан. Тийм учраас Монголын төрийн голомт гэдэг утгаараа Өргөө бол нийслэл байсан гэж тайлбарладаг. Миний санал үүнтэй зөрдөг юм. Нийслэл гэдэг чинь өөр. Манай анхны нийслэл бол Хархорум. Монгол Улсын нийслэлийн түүх Хархорум байгуулагдсанаас л эхлэх ёстой. Хархорум хот Монголын эзэнт гүрний нийслэл байгаад Хубилай хааны үед нийслэл Хаан балгасун болж өөрчлөгдөөд, Хятад дахь Монголын ноёрхол унахад буцаад Хархорумд төвлөрсөн. Энэ нийслэл 1405 оны үед Мин улсын гуравдахь довтолгоонд өртөн оршин тогтнохоо больсон. Нийслэлийг маань сөнөөсөн.  Мингийн цэрэг Хархорумд босоо хана, амьд хүн бүү үлдээ гэдэг шийдвэртэй ирж газартай нь тэгшилсэн. Баахан ном судрыг нь Бээжин рүү аваачсан. Гэхдээ Монгол тусгаар тогтносон хэвээр байв. Гагцхүү суурин нийслэл байхгүй болсон тул 1634 он хүртэл Монголын хаадын орд өргөө төрийн нийслэлийн үүргийг гүйцэтгэж байсан. 1634 онд Лигдэн хаан нас барснаар хааны орд өргөө байхгүй болсон. 1636 онд Өвөрмонгол, 1691 онд Халх Монгол, 1755 онд Баруун Монгол Манжийн мэдэлд орсон. Ингэснээр монголчуудын төвлөрсөн улс байхгүй болж Манжид эзлэгдсэн. Бид тусгаар тогтнолоо алдсан. Манжид дагаар орсноор нийслэл байхгүй болсон. Монголчууд Манж Чин улсын нийслэл Бээжингээс хамаардаг болсон. Бээжингээс Монголыг хамаардаг газар нь Улиастай байв. Тэнд Ар Монголыг захирах Манжийн засаг захиргааны төв байв. Дараа нь Ховдод, түүний дараа Хүрээнд Манжийн амбаны газар нээсэн. Эдгээр нь төр захиргааны удирдах дээд байгууллага биш, Манжийн төлөөний газрууд байв. Тэгэхээр Манжийн захиргааны төлөөний газар байсан Их Хүрээг нийслэлээ болгон сэргээн байгуулсан шийдвэр бол 1912 оны хоёрдугаар сарын 09-ний Богд хааны зарлиг. 

-Нийслэлээ зарлана гэдэг бол тусгаар тогтнолоо баталгаа, тунхагласан хэрэг биз?

-Тусгаар тогтнолын хамгийн том бэлгэ тэмдэг. Монголчууд өмнө нь Манжийн ноёрхолд байхад Бээжинд очиж бүх асуудлаа шийдвэрлүүлдэг байсан. Тэндээс цаг тооны бичгээ авна. Дагаар орсны илэрхийлэл шүү дээ. Мөн цол, хэргэм зэргээ Бээжингээс авна. Хэрэг заргаа тэнд шийдүүлнэ. Тэнд Манж Чин улсын нийслэл төв нь байгаа учраас тэр. Харин 1912 онд Олноо өргөгдсөн Монгол Улсаа улсаа байгуулаад тусгаар тогтнолоо зарласан учраас Нийслэл Хүрээнд Богдын Засгийн газар бүх хэргээ өөрсдөө шийднэ гэж үзсэн хэрэг. Тэгэхээр 1912 оны  хоёрдугаар сарын 09-ний Богдын зарлиг бол асар том түүхэн ач холбогдолтой. Богдын Засгийн газрын үед Нийслэл Хүрээг цэвэрхэн тохилог, аюул осолгүй байлгах талаар том том арга хэмжээнүүд олон удаа авсан байдаг. Хүрээнд төвлөрөн суурьшсан хүний хөл хөдөлгөөн ихэссэн учир орчны бохирдол, эмх замбараагүй байдал, дураараа авирлахаас авахуулаад янз бүрийн сөрөг зүйл гарна шүү дээ. Үүнийг цэгцэлж эхэлсэн байдаг юм. Юун түрүүнд Хүрээний суурьшлын газрыг зэрэглэсэн. Нэг, хоёр, гуравдугаар зэргийн газар гэж бүсчилсэн. Мөн аймгуудынх нь хил хязгаарыг тогтоож өгсөн. Нийслэл Хүрээний өөрийнх нь эзэмшил газрыг тогтоосон. Хаашаа хаашаа 15 мод газрын аюулгүй байдлыг хангах зорилготой  арван тавны цагдаа гэж цагдан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллагыг байгуулсан. Тэрнээс 15 хүн байсан юм биш. Тэд өөрсдийн харьяалсан нутаг дэвсгэрт хулгай дээрэм гарах, замбараагүй байдал үүсэх зэргээс сэргийлдэг байв. Мөн Нийслэл Хүрээнд байгаа хятад, монгол иргэд холилдон суух явдлыг болиулж эхэлсэн байдаг. Хятад, монгол хүмүүс нэг хашаанд сууж болохгүй ээ гээд хориглосон. 1800-гаад оны сүүл 1900-гаад оны эхээр Хятадад шинэ засгийн газрын бодлого зарлагдаад Монголыг хятадчилах бодлогыг эрчимтэй явуулж эхэлсэн. Хятадуудын Манжийн үед хязгаарлагдаад байсан эрхүүд нээгдсэн тул хятад иргэд олноороо ирж суурьших болсон. Хориглосон бүх зүйлийг нь зөрчиж эхэлсэн. Жишээлбэл хятад хүн монгол нэр авч болохгүй гэсэн хууль хүртэл байв. Хятад хүн нэг жилээс илүү хугацаагаар Монголд амьдарч болохгүй, гэр бүл авч сууж болохгүй, тариа ногоо тарихгүй гэх мэт бүх юм хязгаартай байв. Тэр бүхэн хүчингүй болсноор Өвөрмонголоос эхлээд л хятадууд орж ирж суурьшаад эхэлсэн. Энэ бодлогод монголчууд дургүйцсэн. Ингэж хятадчилаад эхлэнгүүт Монгол Улс болохоо байж байна аа гээд л тусгаар тогтнолын төлөө тэмцэж эхэлсэн.

 Хятадуудын Манжийн үед хязгаарлагдаад байсан эрхүүд нээгдсэн тул хятад иргэд олноороо ирж суурьших болсон. Хориглосон бүх зүйлийг нь зөрчиж эхэлсэн. Жишээлбэл хятад хүн монгол нэр авч болохгүй гэсэн хууль хүртэл байв. Хятад хүн нэг жилээс илүү хугацаагаар Монголд амьдарч болохгүй, гэр бүл авч сууж болохгүй, тариа ногоо тарихгүй гэх мэт бүх юм хязгаартай байв. 

1895 оноос л Богд хаан Бадамдорж шанзав, Цэрэн-Осор гүн эд нарыг Орос руу явуулаад л, бид ер нь тусгаар улс болбол яах вэ гэсэн санааг ярьж эхэлсэн. Ингээд Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа хятадуудыг цөөлөх, хятад, монгол иргэдийн хольцолдсоныг болиулах чиглэлийн ажил Хүрээнд хийгдсэн. Нүүрний гудамжинд хятад иргэд хашаа байшин авч сууж болохгүй, хамгийн баруун талд, хашааны баруун үзүүрт хятад иргэн худалдааны газар нээж болохгүй гэх мэт. Энэ нь одоогоор бол зах дээр хамгийн ашигтай талбай лангуу гэдэг шиг ач холбогдолтой байж л дээ. Хятадуудыг зөвхөн Маймаачиндаа бай. Баруун, Зүүн  дамнуурчиндаа бай гэж цэгцэлсэн. Нийслэл Хүрээнд 1913 оноос автомашин явж эхэлсэн. Автомашин морин тэрэгний явах замыг зааж эхэлсэн. 1921 онд ардын хувьсгал ялсны дараа ч мөн Улаанбаатарыг нийслэл хот, мөн олон улсын жишигт нийцсэн хот болгох чиглэлээр эрс шийдэмгий арга хэмжээнүүд авч эхэлсэн.

-Бээжингээс бүх зүйлээ асуудаг, цаг тооллоо хүртэл авдаг байсан гэлээ. Одоо бид цаг тооллын хувьд хоёр хуваагдаад маргаад байгаа. Өөрийн цаг тоололтой байна  гэдэг тусгаар улсын нэг баталгаа гэдэг санааг  олон хүн хэлж байна?

-Гол санаа тэр. Монголчууд Манжаас салаад хамгийн  түрүүнд нийслэлээ зарлан тунхагласан, цаг тооллоо өөрчилсөн, ноёдын хувцсыг мөн өөрчилсөн. Оны цолыг Олноо өргөгдсөний анхдугаар он гэж нэрлэсэн. Олноогийн хоёрдугаар он гэдэг нь 1912 он гэх мэтээр. Энэ тоолол 1924 он хүртэл хэрэглэгдсэн. Анхдугаар Үндсэн хууль батлах үед Монгол Улсын 14 дүгээр он гэж тэмдэглэсэн байдаг. Оны энэ цол нэршил 1940-өөд он хүртэл хэвээрээ шинэ тоололтой зэрэгцэн давхар явсан. Он тоолол, оны цол зэргээрээ гол нь бид тусгаар улс гэдгээ илэрхийлсэн юм байгаа юм. Бид тусгаар улс тул Хятадын тооллоор биш Төгсбуянтаар явна аа гээд л. Архивт энэ тухай шийдвэр нь байгаа. Манжийн хаанаас очиж цаг тооллын бичгээ авахаа больсон. Манжууд унасны дараа Дундад иргэн улс бас монголчууд биднийг өөрсдийн цаг тооллыг ав гэж шаардсан байдаг. Цаг тоолол нэг байна гэдэг тэр улсын харьяанд байна гэдгээ илэрхийлж байгаа юм. Манжийн үед монголчууд урагшаа очиж тэмээ мал, бэлэг сэлт өргөж байж Манжийн хаанаас цаг тооллоо аваад, энд авчирч нутаг нутагтаа, ард иргэддээ тараадаг байв. Түвдүүд ч гэсэн тэгдэг байсан. Монголчууд тусгаар тогноод тэрийг шууд больсон. Тэгээд Төгсбуянтын тооллоор цаг тооллоо авсан. Оны цолоо өөрчилсөн. 1915 оны Хиагтын гурван улсын гэрээн дээр “Та нар оны цолоо өөрчил, Дундад иргэн улсын тооллооор яв, хааныхаа нэрийг өөрчил” гэж шахсан байдаг. Цаг тооллоо соль гэдэг шахалтыг манайх хүлээж аваагүй, хэвээр үлдээсэн. Ер нь бол цаг тооллын хувьд төрийн шийдвэрийг л дагах ёстой. Төр, засгаас хоёрдугаар сарын 28-нд Цагаан сараа тэмдэглэнэ ээ л гэсэн бол тэрийг дагах ёстой. Энэ чинь Монголын төрт ёсны уламжлал, төрт ёсны их баяр шүү дээ. Зүгээр нэг өвөл, хавар солигдож байгаа юм биш. 

Төрийн тэргүүн, төр засгийн зүгээс төрт ёсны баяраа хоёрдугаар сарын 28-нд тэмдэглэнэ гэчихсэн байхад тэрнээс зөрөөд өөр тоолол барина гээд байж болохгүй. Энэ бол хувь хүний мэдлийн, эсвэл хэсэг бүлэг зурхайчдын дур зорго биш төрийн мэдлийн асуудал. Яахав монголчууд Цагаан сарыг намар тэмдэглэж байсныг Чингис хаан 1206 онд Их Монгол улсын байгуулаад хавар тэмдэглэдэг болгосон. Монголчууд Чингис хааны үед, эзэнт гүрнээ байгуулахын өмнө дөрвөн улиралд дөрвөн том найр хурим хийдэг байсан. Тэрний нэг нь намар хийдэг найр байжээ.  

-Тэгэхээр монголчуудын нийслэл 370 жилийн түүхтэй гэж үзэж болохгүй нь ээ?

-Хүрээний үүслийг бол Богдын өргөөтэй холбож болно. Гэхдээ 370 гаруй жил гэдэг нь ойлгомжгүй болчихоод байгаа юм. Манжийн эрхшээлд орчихсон байсан үе атал монголчууд нийслэлийнхээ шавыг тавиад яваад байсан байх нь. Төрийн гал голомт унтраагүй байсан гэдэг бэлгэдэл ярьдаг. Гэхдээ Хархориноо нийслэл гэхгүй юу гэх гээд байгаа юм. Хархориноо Монгол Улсын анхны нийслэл байсан гэж үзэх юм бол нийслэлийн түүх ч тэр, Монголын түүх ч урагшилна. Гадаадын судлаачид надтай санал нэг байдаг. Хотын захиргааныхан л аравдугаар сарын 29-нд амардаг барьдаг нэг өдөр бий болгочихсон. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж би боддог. Нийслэл гэдэг өөр, Богдын Хүрээ, Их Хүрээ гэдэг утга өөр. Энэ хотод, энэ газарт юу ч байхгүй байхад Их Хүрээ ирээгүй, аль хэдийнэ суурин газар үүссэн байсан. Эргэл мөргөлийн газар байсан. Тэгээд ч дахин хэлэхэд Богдын өргөө бол төрийн захиргааны байгууллага биш байсан. 

-Номын хүрээ, Өргөө гээд л шашин номын утгаараа байсан гэж үү?

-Энэ Өргөө гэдэг нэрийн гарлыг хайгаад үзэхээр Богдын өргөөтэй холбоотой. Анхдугаар Богдыг тодруулаад Эрдэнэзуу хийдээс тусад нь Шар бөсийн орд нэртэй өргөө байгуулж өгсөн. Түүнээс хойш Богдын өргөө хаана байна түүнийг тойрсон суурьшил үүсээд явсан түүх байна. Яг энэ үндэслэлээр монголчууд Богдын Хүрээ, Өргөөтэй холбоод нийслэлийн түүхийг 370 гаруй жилийн өмнөөс эхэлсэн гэж яриад байдаг. Их Монгол уулын бэлд, Ширээт цагаан нуурын хөвөөнд Өргөө байгуулагдаж шаваа тавьсан гээд л. Үүнтэй би санал нийлдэггүй. Энэ бол Богдын л өргөө. Богд бол Засгийн тэргүүн биш, Богдын өргөө Засгийн газар төвлөрдөг газар биш байсан. Энэ бол шашин номын хурлын газар. Богдын өргөө, хүрээ түүхэндээ 30 шахам удаа нүүсэн. 1700-гаад оны сүүл үед одоо Улаанбаатар хот байгаа энэ Алтан тэвшийн хөндийд хүрч ирсэн. Энд Хутагтын өргөө нүүж ирэхэд өмнө нь Дамбадаржаа зэрэг томоохон сүм хийд байгуулагдчихсан байсан. Тэр сүм хийдийг түшиж хүрч ирсэн. Хутагтын өргөө Өндөр гэгээн Занабазарыг сэрүүн тунгалагт одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Сарьдгийн хийдэд хамгийн удаан суурьшсан. Тэнд 30 шахам жил суурьшиж, том хүрээ хийд байгуулагдсан. Тэгээд Галдан бошигтын үймээний үеэр уг хийд шатаж нураад алга болсон. Үүний дараагийн хамгийн удаан суурьшсан газар нь одоогийн Алтан тэвшийн хөндий байгаа юм. 

-Хутагтын хүрээ нүүдэллэж ирэхээс өмнө дөрвөн уулын дунд ямар суурин газар байсан байх нь вэ?

-Дөрвөн уулын дунд, хатан Туулын хөвөө, Алтан тэвшийн хөндийд яагаад суурьшмал орчин бүрдсэн юм гэхээр дэлхийн худалдаа, цайны замтай холбоотой. Монгол нутгаар цайны зам дайрч өнгөрдөг байв. Цайны зам бол бүр Цейлоноос нааш явдаг. Тэгээд л Бээжин, Чуулалт хаалга, Замын үүд, Чойр, Өргөө гээд хойшоо Хиагтаар дайрч явдаг байв. Яг тэр цайны зам дагуу Туулын хөвөөнөө төвлөрсөн суурьшил үүсч, буудал газар болсон байгаа юм. Тэрийг тойрсон худалдаа наймаа, ахуй үйлчилгээ бий болсон. Мөн Дамбадаржаа, Шадавлин зэрэг том том сүм хийд байгуулагдсан. Ийм газар Богдын өргөө ирж буусан. Энэ бол VII Богдын үед юм. Ер нь Хүрээг дагаад дандаа хятадын худалдаачид, пүүсүүд явдаг байсан. Хүрээ суурин болсон шалтгаан ч бас үүнтэй холбоотой. Худалдаачин хятадууд Манжийн хаанд өргөх бичиг өгсөн байдаг юм. Хүрээний байнгын нүүдлийг зогсоож өгөөч гэж. Бид очоод л арай гэж нэг суурьшаад, хашаа байшин тагзаа бариад суурьшиж байтал нүүгээд явчих юм аа гэж гомдоллож л дээ. Үүний хариуд ингэж нүүгээд байдгийн шалтгаан нь Богдын Хүрээг тойрсон маш их суурьшил үүсдэг учир малын бэлчээр хомсддог, мод түлээ түлшний асуудлаас болж байгаль сүйтгэхэд хүрдэг. Тийм учраас бид үүнээс сэргийлж шинэ газар оронд нүүж явдаг юм гэсэн тайлбар өгсөн байдаг. Тэгээд Хүрээ энд суурьшаад хятадын дамнуурчингууд суурьшаад эхэлмэгц муу салхины дор байхгүй гэж үзээд одоогийн Гандангийн дэнж дээр том хийд байгуулсан. Гандангийн дэнжийг тэр үед Далхын дэнж гэдэг байж. Учир нь Далх гэдэг дархан хүн нутагладаг дэнж байж л дээ. Тэр газрыг сонгож шинжээд Ганданг байгуулсан. Салхиных нь дээр гаргаж байгаа хэрэг. Үүнд бас учир байна. Мөн Өргөө дотор монголчууд хятадуудтай цуг суурин холилдохгүй гээд Амгалан буюу Маймаа хотыг байгуулсан. Маймаа гэдэг нь наймаачдын май май гэж өгч авах гэсэн утгатай хятад үг шүү дээ. Маймаа нар суудаг гэж ярьдаг байв. Тэдэнд тусад нь суурин бүс байгуулж өгсөн. Элбэг Амгалант гацаа буюу Маймаа хот ингэж үүссэн. Хиагтад хүртэл хятад наймаачдын суудаг сууринг Маймаа хот гэж нэрлэдэг байсан. Тэндээс хятад наймаачид дамнуурга үүрч наашаа Өргөөгийн төв рүү ирээд худалдаа наймаа хийдэг байв. 

-Хүрээ сүүлдээ хүн ам нь олон болоод олон дахин нүүж суухад хүндрэл чирэгдэлтэй болсон гэдэг байх аа?

Бээжинд бол нэг тийм саарал, хүмүүс нь ч тэр, хувцаслалт нь ч  тэр, хот нь ч тэр нэг жигд өнгийн саарал, уйтгартай дүр төрх харагддаг бол Монголын Их Хүрээнд орж ирэхэд солонгын долоон өнгө алагласан сонин амьдрал угтдаг аа гэж бичсэн байдаг.

-Богдын өргөө суурьшсан учир 1700-гаад оны сүүлч, 1800-гаад оны дунд үе гэхэд Их Хүрээ их томорсон. Цайны зам дагуух их хөлийн газар болсон. Орос, Монгол, Хятадыг холбосон гол худалдаа наймааны зам болсон учир их өргөжсөн. 1910-аад оны үед гэхэд Хүрээнд маш олон хүн суурьшсан байсан. Тэдний дийлэнх нь хятад худалдаачин иргэд байж. Монголчууд бол хотод сууринд суугаад байхгүй. Богдын Хүрээ 30 аймагтай. Түүний зэрэгцээ Халх дөрвөн аймгийн чуулган бүгд тус тусдаа байдаг байсан. Сэцэн ханыхан Хүрээнд хүрч ирэхэд Сэцэн ханыхаа хороонд л сууна. Дайчин вангийнхан Хүрээнд ирэхэд Дайчин вангийнхаа хороонд л сууна. Хашаа хороо байгуулъя гэвэл тэндээсээ зөвшөөрөл авна. Дайчин вангийн өндөр гэж байсан байшин нэгдүгээр дэлгүүрийн урд одоо хүртэл байж л байна. Монголын томоохон ноёд, чинээлэг хүмүүс Хүрээнд хашаа байшин барьчихаад тэгээд хөдөө явдаг. Сайн ноён ханы хашаа байна, Ханддорж чн вангийнх ч байна. Сэцэн ханых ч байна. Тэд өөрсдөө Хүрээнд ирэхдээ тэндээ өргөөлж суучихаад, жаахан байж байгаад нутаг руугаа хөдөө яваад өгдөг. Жирийн худалдаачин баячууд ч мөн тэгдэг. Хүрээнд өвөл, зунгүй суудаг суурин улсын нь ихэнх нь лам нар байсан. Хүрээ бол зүгээр нэг урсгалаар байгуулагдсан юм биш. Маш эмх замбараатай байсан. Тухайн үед Хүрээнд ирж байсан жуулчид, гадна дотнын янз бүрийн хүмүүсийн тэмдэглэлүүдээс үүнийг  харж болно. Тэд Хүрээний амьдралыг хараад дандаа магтаж, бахдаж, сайн талаас нь их бичсэн байдаг юм. Монголчуудын онцлог тэндээс их харагддаг. Бээжинд байж байгаад ирсэн жуулчин, гадаадын хүн Хүрээнд орж ирэхэд энэ хоёр шал ондоо хоёр өөр ертөнц байна аа гэж мэдэрдэг байж. Бээжинд бол нэг тийм саарал, хүмүүс нь ч тэр, хувцаслалт нь ч  тэр, хот нь ч тэр нэг жигд өнгийн саарал, уйтгартай дүр төрх харагддаг бол Монголын Их Хүрээнд орж ирэхэд солонгын долоон өнгө алагласан сонин амьдрал угтдаг аа гэж бичсэн байдаг. Монголчууд сайхан тод хувцас өмсдөг, гоё ганган хүмүүс шүү дээ. Хүрээг дагасан монголчуудын суурин соёл иргэншлийн онцлог 1800-гаад оны дунд үеэс бүрдэж эхэлсэн байгаа юм. Хүрээнийхэн, хүрээ соёл, хүрээ дуу гээд л бүх юм төвлөрсөн газартаа байсан. Эндээс бүх соёл нь түгдэг тардаг  байв. Хүрээ дууны донж маяг нь хүртэл өөр. Хүүхнүүдийнх нь хувцаслалт, донж маяг нь өөр болж эхэлсэн байгаа юм. Суурин иргэншлийн онцлог гэж байна шүү дээ. Тэр нь жуулчдад их тод харагддаг байж. Нийслэл Хүрээнд шашны их том том ёслолууд болдог. Майдар эргэх, цам харайх гээд л. Тэрэн дээр монголчууд гоё гоодож, үнэтэй цайтай хувцсаа өмсч явдаг. Тэр нь гадныханд тун сонин  харагддаг байж. Дорнын сонин соёлтой орон байна аа гэж харахаар, тэгсэн мөртлөө Европ зүгийнхтэй холилдсон байдалтай байж л дээ. 1860-1870-аад оноос Оростой харилцаа тогтоогоод консул нь  Хүрээнд суугаад, Манж улс нээлттэй болсонтой холбогдоод Монголд гадаадын капитал бас орж ирсэн. Англи, америк, бельги, дани, герман, орос хүмүүс ирж суурьшсан. Тэднийг Хүрээ, Маймаа хот хоёрын дунд газар заалгаж суулгасан байгаа юм. Одоо бидний “Американ дэнж”, “Консулын дэнж” гэж нэрлэдэг тэр газар буюу Бөхийн өргөө, сайд нарын хоёрдугаар эмнэлгээс зүүн тийш хэсэгт гадаадынхан, Европ зүгийнхэн суудаг байв. Тэд байшин барилгаа өөрсдийн хэлбэр загвараар барина. Тэндээс үлдэж хоцорсон нь нэг орос сүм байна, Н.Рерихийн байшин байна. “Монголор” алтны уурхайн эзний П хэлбэрт хоёр давхар байшин одоо госпиталь болчихсон байж л байна. Тэр байшинд сүүлд Барон Унгерн сууж байсан. Энэ мэт хоёр давхар барилгууд баригдсан. Одоо Дүрслэх урлагийн музей байгаа газарт жижиг байшингууд баригдаад эхэлсэн. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. түбэд богд л гэх гээд. үнэн бээжин брэнд хамартай санаатай бичнээ. барон Унгерн Манжийн хүргэн байсныг мэдэж байна уу? Өргөөг чөлөөлөх гэж тоглочих юмаа.

    0 0 Хариу бичих
  2. ЗӨВ ШҮҮ

    0 0 Хариу бичих
  3. Ulziibaatar tanaas asuult? 1.NIISLEL gesen vg maani NIS NIS hemeeh dardastai udtei bichigtei shuud holbootoi gej bodoj baina? 2.MONGOL,OROS,HYATAD irgediin Horoolol tus tustai baival toolj bvrtgeh,hyanah,hereg zurchiluus sergiileh,tsus holildohoos hamgaalah,uusan ustah ayulaas avragdah gants garts gej harj baina? 3.Odoogii tur barigsad ungursun veiin balarsan tvvh hereggvi ! . zuvhun uragshaa haraad hugj gej lvnden buulgaj tarhi ugaasaar baigaad zaluuchuud maani MONGOLOOSOO ichdeg,dutaan zugtdag,hatuu valyut hurungiig gadagsh bairshuuldag,gazar nutgaa zarj hurungujdug,gadniinhantai vgsen huivaldaj Mongol ulsiin ediin zasgiig svirvvldeg,shashin namaaraa taltsdag,bayan yaduugaaraa yalgaran huvaagdahiig niigmiin vzegdel Ardchilliin zarchim gej oilgoh bolloo.!!! Umnuh tvvhiin gashuun surgamjaas jishee tataj olon niitiig senhrvvlj ugnu vv? 4.Udirdlagiin akademiin surgaltand Mongoliin bolon delhiin tuuh,filosoffiin gvn gvnzgii medleg olgodog eseh? 5.Turiin 3 -n undurlug huulich,setgvvlch,ediin zasagch,tamirchin,maimaichdaar dvvrsen tul uursdiinhuu untsguur ulsiig udirdsaar suhrvvllee.!!! Tend tvvhch,filosoffich zuvlugch dutagdaj buig herhen yaj nuhuh sanaltai baina ve? Ta bol olnii tanil tulhatai tvvhch-filosoffich tul hariulj ugnu vv?

    0 0 Хариу бичих