А.Баярцэцэг: Бид нэг мөрөөдлийн дор нэгдэж, улсаараа энэ амжилтад хүрлээ

АНУ-ын Вашингтон хотноо болсон “Дэлхийн мисс 2016” тэмцээний шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, Монголын рекордыг эвдэн элгэн түмнээ баярлуулсан А.Баярцэцэг эх орондоо ирээд байна.

Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Warner bros, Walt disney”, “Neftlix”-ийн киноны шалгаруулалтад орлоо-

-“Дэлхийн мисс 2016” тэмцээний шилдэг 11 миссийн нэг болсон танд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Таныг тэмцээнээ дуусгаад л эх орондоо ирэх болов уу гэж олон хүн хүлээж байлаа. Энэ хугацаанд АНУ-д ямар ажил амжуулав?

-Баярлалаа. Тэмцээнээ дуусгаад л эх орондоо ирэхийг их хүсч байлаа. Гэхдээ тэнд уулзах хүмүүс, амжуулах ажил их байлаа. Тэмцээний дараа хоёр долоо хоног амраад “Warner bros”, “Walt disney”, “Neftlix”-ийн киноны шалгаруулалтад орлоо.

-“Walt disney”-ийн кино нь Мулан билүү. Манайхан Мулан киноны шалгаруулалтад орох урилга ирсэн талаарх постыг тань уншаад “Мулан бол монголчуудын эсрэг байлддаг хятад охин” гэх мэт зүйлсийг хэлж байсан. Та энэ киноны шалгаруултад орохдоо энэ талаар бодож үзсэн үү?

-Би кино шалгаруулалт, саналыг уран бүтээл талаас нь хардаг. Том агентлагийн хараанд өртөж, шалгаруулалтад орох урилга авна гэдэг бол ховор завшаан. Залуу хүний хувьд шалгаруулалтад ороод өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн чухал. Мэдээж, хятад хүний дүрд монгол охиныг сонгоно гэдэгт эргэлзэж байгаа л даа, би.

-Та удахгүй Филиппин улсыг зорих гэж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Энэ сарын 26-ны өдөр Филиппинийг зорино. Тэнд болох олон улсын залуучуудын уулзалтад “Му club”-аа төлөөлж илтгэл тавих юм.

-Бид  нэг мөрөөдлийн дор нэгдэж, улсаараа энэ амжилтад хүрлээ-

-Хоёулаа “Дэлхийн мисс” тэмцээнийхээ талаар ярилцъя. Та тэмцээнд явахаасаа өмнө манай сайтад өгсөн ярилцлагадаа “Мэдээж титэм рүү тэмүүлж байгаа. Гэхдээ Монголоо сурталчилна гэдэг бол хоёрдугаар том даалгавар” гэж ярьж байсныг санаж байна. Та даалгавраа хэр биелүүлсэн бэ?

-Муугүй биелүүлсэн гэж бодож байна. Эх орноо сурталчлахын хажуугаар явцын аль нэг шалгаруулалтад  түрүүлж, шилдэг 20-т багтах зорилготой байлаа. Шилдэг 20-т багтсаныхаа дараа шилдэг 10 миссийн нэг болчих юм шиг мэдрэмж төрж байсныг нуугаад яахав.

-Аль шалгаруулалтад илүү байж шилдэгт багтъя гэж зорьсон бэ?

-Авьяасын үзүүлбэрээр шилдэгт багтана гэж ерөөсөө бодоогүй. Хүмүүнлэгийн ажлаараа шилдэгт багтчих болов уу гэж бодож байсан.

-Энэ жилийн ялагч охинтой та хэр дотно байсан бэ. Явцын шалгаруулалтад нэг их дурдагдаагүй охин ялагч болчихсон юм шиг санагдсан. Филиппиний миссийг титмийн эзэн болно гэж олон хүн бодож байсан шүү?

-Би ч гэсэн Филиппиний миссийг титмийн эзэн болох байх гэж бодож байсан. Гэхдээ Пуэрто Рикогийн мисс ялагч болох магадлал өндөр байсан л даа. Учир нь, Пуэрто Рико бол АНУ-ын муж улс. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ч Пуэрто Рико хүн байсан.

-Шилдэг 10 миссийг зарлаж дууссаны дараа тэмцээнийг үзэж суусан олон хүнд таныг “Miss world” аппликейшний санал хураалтад тэргүүлж чадсан байх гэдэг мэдрэмж төрсөн болов уу. Яг тэр мөчид олон хүн “Mongolia” гэж дуудаасай хэмээн залбирсан байх. Харин та тэр мөчийг хэрхэн төсөөлж байв?

-Үнэхээр гайхалтай байсан. Гэхдээ би сандраагүй. Бүх юманд бэлтгэлтэй байсан. Шилдэг 10-т орох цаашлаад шилдэг тавын нэг болох, титмийн төлөөх асуулт хариултад хүртэл би бэлдчихсэн байлаа. Би бэлтгэлд итгэдэг, хөдөлмөрт итгэдэг. Азанд найддаггүй.

-Мэдээж энэхүү амжилтад таны арыг дааж ажилласан баг хамт олон цаашлаад монгол түмэн их нөлөө үзүүлсэн гэж ойлгож байгаа. Ар талыг тань хариуцах багтай болъё гэдэг хэний санаа вэ?

-Тэгэлгүй яахав. Миний энэ амжилт бол миний ард талыг хариуцаж ажилласан баг хамт олны минь, монгол түмний минь гавьяа. Энэ дашрамд, багийнхандаа, ард түмэндээ талархсанаа илэрхийлье. Би ганцаараа л зүтгээд, гүйгээд байсан бол өнөөдөр бид энэ амжилтад хүрэхгүй.

Мөрөөдөл халдварладаг гэж би боддог. “Дэлхийн мисс”-ийн тэмцээний шилдэг 20-ийн нэг болно гэдэг миний мөрөөдөл багийнханд минь халдварласан. Бүр цаашлаад монгол хүн бүхэнд энэ мөрөөдөл халдварласан. Ингээд бид  нэг мөрөөдлийн дор нэгдэж, улсаараа энэ амжилтад хүрлээ.

-Англи хэлгүй бол хөөрхөн инээгээд л сууж байхаас өөр сонголтгүй-

-“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан өмнөх охидоос та юугаараа илүү байв?

-Өмнөх миссүүдийн маань ард баг байдаггүй байлаа. Магадгүй бид багаар ажиллаж чадсан минь давуу тал болох байх. Бас хэлний мэдлэг маш чухал. Хэлгүй бол юун эх орноо сурталчлах, хөөрхөн инээгээд л сууж байхаас өөр сонголтгүй. Охид маань хэрвээ олон улсын миссийн тэмцээнд явъя зорьж байгаа бол дор хаяж нэг жилийн хугацаанд англи хэлээ бэлдэх хэрэгтэй.

-Цаашид эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцох охидтой хамтран ажиллах бодол бий юу?

-Мэдээж хамтран ажиллаж туслах, зөвлөгөө өгөх сонирхол надад үнэхээр их байна. Гэхдээ тухайн охид маань өөрсдөө хичээх хэрэгтэй, хүсэх хэрэгтэй.

-Та цаашид эх орноо төлөөлж олон улсын миссийн тэмцээнд оролцох уу?

-Цаашид жүжигчний карьератаа илүү цаг зарцуулна гэж бодож байгаа. Олон улсын миссийн тэмцээн уралдаанд оролцохоос илүүтэй залуу моделуудыг бэлдэж, оролцуулах ажлыг түлхүү хийнэ. Шинээр төрж байгаа 15, 16 настай залуу загвар өмсөгчтэй өрсөлдөөд яваад байх утгагүй л дээ.

-Дэлхийн хэмжээнд монголын нэрийг гаргаж байгаа мундаг охидыг топ модель гэж хардаг-

-Хоёулаа монголын загварын ертөнцийн хөгжлийн талаар яриагаа үргэлжлүүлье. Тухайлбал, энэ жил топ модельгүй "Гоёл” наадам болж өнгөрлөө. Манай моделиуд дэлхийн загварын ертөнцийн хаана алхаж байна вэ?

-Монголын загварын ертөнц үнэхээр хурдацтай хөгжиж байна. Ялангуяа дизайнеруудын чадвар. 2007 онд намайг загвар өмсөж эхэлж байхад бидэнд “Торго, “Улаанбаатарын загварын 7 хоног”, “Гоёл” гээд гурван л тайз байлаа.

Би “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд монгол дизайнеруудынхаа бүтээлээр гангарсан. Тэгэхэд олон улсын охид “Танай дизайнерууд ямар мундаг юм бэ. Чиний хувцаснууд чинь үнэхээр гоё юм” гээд уулга алдаж байсан. Манай моделиудын чадвар ч сайжирч байна. Зөвхөн “Гоёл” наадмаар топ модель шалгаруулах нь хэр оновчтой вэ гэдгийг бодох цаг болсон юм шиг санагддаг. Монгол моделиуд Нью Йорк, Парис, Миланы тайзнаа алхаж байна шүү дээ. Миний хувьд дэлхийн хэмжээнд монголын нэрийг гаргаж байгаа бүх мундаг охидыг топ модель гэж харж байгаа.

-Загвар өмсөгчдийг хөөрхөн царайтай хоосон толгойтнууд эсвэл Ц.Мянганбаярын эхнэр гэж хардаг хүмүүс байсаар л байна. Загварын ертөнцөд хөл тавьж байгаа залуу охид энэ ойлголтыг хэрхэн өөрчлөх ёстой вэ. Таны бодлыг сонсмоор байна?

-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг үг бий. Загвар өмсөгч бүхэн хоосон толгойтой байдаггүй. Ц.Мянганбаяр гэдэг хүнтэй ч холбогддоггүй олон модель бий. Энэ бол нийгмийн ташаа ойлголтуудын нэг л дээ.

Тийм болохоор загварын ертөнцөд хөл тавьж байгаа залуу охид энэ ойлголтыг халах ёстой. Загварын карьераа зөвхөн “Гоёл”-оор хязгаарлахгүй, дэлхийн хэмжээнд сэтгэ. Нью Йорк, Парис, Миланы тайзнаа алхахын тулд тэмүүл, зорь, хүс.

-“Дэлхийн мисс”-ийн тэмцээн дууссаны дараахан олон нитийн сүлжээнд гадаад залуутай авхуулсан таны зураг цацагдаж, багагүй шүүмжлэл дагууллаа. А.Баярцэцэг хэзээ гэр бүлтэй болохоор төлөвлөж байна вэ?

-Ойрын хугацаанд гэр бүлтэй болох төлөвлөгөө алга. Тэр зургийг харсан. Хүмүүсийн бичсэнийг ч уншсан. Би гадаад байна уу, монгол байна уу хамаагүй хүн л бол хүн гэж хардаг, боддог. Хүмүүсийн яриад байгаа шиг надаас олон насаар ах биш, бид хоёр бараг чацуу. Би хувьдаа найз залуугаараа их бахархдаг. Манай найз залуу сүүлийн гурван жил Монголд амьдарч, Монголын төлөө ажиллаж байгаа хүн. Цус нь монгол биш ч түүний зүрх нь Монголын төлөө цохилдог. Хүмүүс янз бүрээр л бичсэн байна лээ. Би ямар нэгэн тайлбар хийж бусдын бодлыг өөрчилж чадахгүй, тэгэхийг ч хүсэхгүй байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ БОЗАД

ВИДЕО: "Дэлхийн мисс 2016" тэмцээний ШИЛДЭГ 11 МИССИЙН нэг А.Баярцэцэгийн танилцуулга

ВИДЕО: "Дэлхийн мисс 2016" тэмцээний ШИЛДЭГ 11 МИСС

МАНАЙ САЙТАД ӨГСӨН ТҮҮНИЙ ЯРИЛЦЛАГУУД:

А.Баярцэцэг: Яагаад морьтон монгол охин Дэлхийн миссийн титмийг тэргүүндээ зүүж болохгүй гэж...

А.Баярцэцэг: Мэдээж титэм рүү тэмүүлж байгаа. Гэхдээ Монголоо сурталчилна гэдэг бол хоёрдугаар том даалгавар

Мисс А.Баярцэцэг: Нүүдэлчин сэтгэлгээ, ахуй соёлынхоо талаар өнгөцхөн төсөөлөлтэй явжээ

А.Баярцэцэг: Миний ард ийм олон хүн байгааг хараад итгэл, эрч хүчийг мэдэрлээ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hoorhon ohin. Hentei amidarch suuh ni hunii huviin asuudal!

    0 2 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ