Д.Лүндээжанцан: Гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг нийгэм хүлээж авахгүй

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Үүнтэй зэрэгцээд цаг хугацааны хувьд одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү гэх асуудал хөндөгдөж байна. Та Үндсэн хуулийг батлалцсан, олон жил парламентад суусан гишүүний хувьд энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?  

-Би 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Үндсэн хуульд Б.Чимэд багшийнхаа хамт эх баригчаар ажилласан. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Ер нь аливаа улсын Үндсэн хууль тодорхой хугацааны дараа өөрчлөлт ороод, урт удаан хугацаанд үйлчилдэг. Нэг жишээ татахад, Америкийн Үндсэн хууль 300 гаруй жил үйлчилж байна.  Энэ хугацаанд 27 удаа өөрчлөлт орж, ихэнх өөрчлөлтүүд нь батлагдсан даруйдаа хэрэгжиж ирсэн. Тэгэхээр Үндсэн хууль тогтвортой, удаан үйлчилж чадвал тухайн улс орны хөгжил, ард түмний аж байдал, нийгмийн тогтвортой байдалд үлэмж нөлөөтэй. Манай ардчилсан Үндсэн хууль үйлчилж эхлээд 24 дэх жил рүүгээ орох гэж байна. Энэ хугацаанд нэг удаа өөрчлөлт хийснийг олон түмний дунд “Дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг.

Тийм учраас Үндсэн хуульд тийм амар гар хүрч болохгүй. Маш олон талаас нь шүүн тунгааж, шинжлэх ухаанчаар хандаж, эрдэмтэн мэргэд, судалгааны байгууллагыг өргөн хүрээнд оролцуулж, долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар явдаг. Б.Чимэд багш нэгэнтээ хэлсэн байдаг. “Нийгэм, эдийн засгийн тогтолцоог үндсээр нь хөндсөн Үндсэн хуулийн зүйл заалтад хамаагүй гар хүрвэл, тэр тогтолцооныхоо судсыг гэмтээх аюултай” гэж. Тэгэхээр зүйл заалт болгон хоорондоо маш нарийн уялдаа холбоотой. Тийм учраас УИХ дээр Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна уу, үгүй юу г эдгийг судлах ажлын хэсгийг Л.Цог гишүүнээр ахлуулж, байгуулсан. Ажлын хэсэг хоёр жил гаруй хугацаанд ажиллаад, зарим нэг өөрчлөлтийг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүний дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг гарч ажиллаад, жил шахам боллоо.

Ингээд есдүгээр сард төслийн эх бичвэр гарсан. Үүнд ажлын хэсэг дээр саналын зөрүүнүүд маш их гарсан. Ингээд нэлээд олон юмаа шийдсэн, гэхдээ гарын үсэг зурсан миний хувьд ч, Д.Дэмбэрэл даргын хувьд ч бас саналын зөрүүнүүд бий. Харамсалтай нь өргөн барьсан төсөл дотор бидэнтэй ярилгүйгээр шийдсэн зүйл олон байна.

-Тухайлбал?

-Үндсэн хуулийн нэрийг “Эх хууль” гэж өөрчлөх, Их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, бүрэн эрхийн хугацааг таван жил болгож өөрчилсөн зэрэг зүйл заалтууд байна. Энэ бүхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай зөрчилдөж байгаа. Тэгэхээр тэр хуулиудаа бас өөрчлөх боломжтой юм аа гэж байгаа.

-Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэ үзэл баримтлал есдүгээр сард яригдсан асуудал. Хэрвээ есдүгээр сарын дундуур ээлжит бус чуулган хийсэн бол үзэл баримтлалуудаа нэг бүрчилж хэлэлцээд, Их хурлаас өөрчлөлт оруулахаар болвол 4/3 буюу 57-оос дээш гишүүн кнопоо дарах ёстой. Ард нийтийн санал асуулга явуулах юм бол 3/2 буюу 51-ээс дээш гишүүн дэмжих ёстой. Тэгэхээр ард түмнээсээ асууя гэж байгаа нөхцөлд 51 гишүүн тохиролцоод, яг бэлэн болсон төслөө ард түмний санал асуулгаар шийдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Яг ийм байр сууринаас бид гарын үсгээ зурсан. Харамсалтай нь цаг хугацааны хүчин зүйл одоо тулчихсан байна. Одоо Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг яаралтай өөрчиллөө гэхэд ард түмний саналаа өгөх эрхэнд халдах гээд байна. Ард иргэд ямар санал өгөхөө судалж, мэдэж байж өгөх ёстой шүү дээ. Манай 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмэн, үндэсний мэргэжилтнүүдийн оюуны чадварт тулгуурласан ард түмний өөрсдийнх нь бүтээл, туурвил юм.

-Тэгэхээр та яг одоогийн байдлаар өргөн баригдаад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлттэй санал нийлэхгүй байгаа юм байна? 

-Үндсэн хуульд зарим өөрчлөлт хийх гарцаагүй шаардлага бий. Тухайлбал, давхар дээл тайлах, яамдын тоог нарийн тогтоож өгөх, Ерөнхий сайд кабинетээ эмхлэн байгуулах, аймгийн төв, сумдыг хотын статустай болгох зэргээр дурьдаж болно. Ийм асуудлуудад бид санал нийлж байгаа. Харин зарим асуудлаар санал нийлэхгүй байна. Тийм учраас УИХ дээрээ маш сайн хэлэлцээд, дараагийн парламент ч бас хэлэлцэж болно.

Үндсэн хуульд тийм амар гар хүрч болохгүй. Маш олон талаас нь шүүн тунгааж, шинжлэх ухаанчаар хандаж, эрдэмтэн мэргэд, судалгааны байгууллагыг өргөн хүрээнд оролцуулж, долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар явдаг. Б.Чимэд багш нэгэнтээ хэлсэн байдаг. “Нийгэм, эдийн засгийн тогтолцоог үндсээр нь хөндсөн Үндсэн хуулийн зүйл заалтад хамаагүй гар хүрвэл, тэр тогтолцооныхоо судсыг гэмтээх аюултай” гэж.

Магадгүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтруулаад, “Үндсэн хуулийн ийм өөрчлөлтийг ард түмэн дэмжих үү” гэдэг санал асуулгыг авах нь зүйтэй гэж би үзэж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа муужруулах биш, сайжруулах ёстой. Үндсэн хуулийнхаа дархлааг бас сайн хийж өгөх ёстой. Тэгж байж, Үндсэн хууль өөрөө амьдрах чадвар нь уртасч, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, төрийн зөв тогтолцоог бий болгоход үр дүнтэй. Хоёрдугаарт, бүх болохгүй, бүтэхгүй байгаа хүндрэл, бэрхшээл, дутагдлаа Үндсэн хуулиас болж байна гэж чихэж болохгүй. 

-Ерөнхийлөгчийн нэлээд хэдэн эрх мэдлийг хасахаар орж ирж байгаа юм билээ. Тухайлбал, хууль санаачлах эрх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг удирдах гэх зэргээр. Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Судлаачийн байр сууринаас бол Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах нь зүйтэй гэж боддог. Засгийн газарт чиглэл өгөөд, дээрээс нь хууль санаачлаад байхаар хоёр Засгийн газартай юм шиг болчихоод байгаа. Харин Ерөнхийлөгч төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа байх ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг сонгодог парламенттай улсад Ерөнхий сайд толгойлдог. Гэвч манай улсад бол Ерөнхийлөгчийн дэргэд байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэх мэтчилэнгээр би хэдийгээр гарын үсэг зурсан ч өргөн баригдсан хуулийн төсөлд нэлээд олон зөрүү байна. 

-Тэгэхээр зөрүүг арилгасны дараа УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн үг үү?

-Арилгасны дараа ард нийтээр санал асуулга явуулах ёстой юм. Үзэл баримтлалыг дэмжих үү, үгүй юу гэдгийг УИХ өөрөө шийдэх ёстой. Үүнийг УИХ-ын гишүүд 3/2-оос доошгүй саналаар дэмжиж, бэлтгээд, ард түмнээсээ асууж шийдүүлэх ёстой гэдэг байр сууринаас хандаж байгаа.

-Парламентын дээд, доод танхимтай болох асуудал энэ удаагийн өөрчлөлтөд байгаа юу?

-Ардынх Их хурлаар анх Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед 102 гишүүнтэй байна гэдэг хувилбар байсан. Энэ тоо хоёрдугаар хэлэлцүүлгийн үед хасагдсанаар 76 болсон байдаг. Ер нь алсыг харсан тооны өөрчлөлт байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн нийгмийн сэтгэл зүй хоёр танхимтай парламент болон гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй.  Тийм учраас одоо байгаа 76-аараа байх нь зүйтэй.

-Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, засаг захиргааны нэгж, хуваарилалтыг илүү тодорхой болгох чиглэлд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ. Тухайлбал, Эрдэнэт, Дархан зэрэг хотыг хотын статустай болгоно гэж байна?  

-1992-1996 онд хэрэгжсэн Засаг захиргаа, түүний нэгж, удирдлагын тухай хуулинд энэ санаа байсан. Үүнийг сэргээж байгаа. Гэхдээ ингэлээ гээд намын үүргийг хэт үгүйсгэх нь хэр зохимжтой вэ гэдэг асуудал бий. Бас л Их хурал дээр яригдаж, тал талаасаа мэтгэлцээн хийж, нэгдсэн шийдэлд хүрсний дараа ард түмнээсээ асуух ёстой. 

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасч байгаа нь цаашдаа бүрэн утгаараа сонгодог парламентын жишиг рүү явах эхлэл гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, манайх нэг талаас харахад холимог гэмээр засаглалтай байгаа. Уг нь парламентын бүгд найрамдах улс шүү дээ. Гэтэл хагас парламент, хагас Ерөнхийлөгчийнх юм шиг харагддаг. Ерөнхийлөгчид хуулиар тусгайлсан бүрэн эрх олгож болно гээд заачихсан. Ингээд 100 гаруй хуулиар Ерөнхийлөгчид маш их эрх мэдэл өгчихсөн байгаа. Нэг ёсондоо эрхээс гадна хариуцлага л даа. Төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг эрхэмлэгч гэдэг утгаараа энэ их эрхийг өөр дээрээ овоолох нь зохимжгүй юм гэдэг ерөнхий үзэл баримтлал бий. 

-Засгийн газар болон гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах үүднээс Ерөнхий сайд кабинетээ томилдог байх зохицуулалтыг та хэрхэн харж байгаа вэ?

-Үүнийг бид анх сэдэж гаргасан л даа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг нь өгье гэж. Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаар томилогдсонд тооцно. Төрийн сайд учраас Их хурал, Ерөнхийлөгчийн тодорхой оролцоо байх хэрэгтэй. Гэхдээ одоогийнх шиг Их хурал нэг нэгээр нь томилдог зүйл байж болохгүй. Харин үүний нөгөө талд Ерөнхий сайд нь Их хурлын өмнө жинхэнэ утгаараа ажлаа хариуцдаг, тайлагнадаг, Ерөнхий сайд нь парламентаасаа томилогддог байх юм.

-Сонгодог парламенттай улсуудад Засгийн газар нь Их хуралтайгаа парламенттайгаа аливаа нийгэм, эдийн засгийн томоохон асуудлаар санал зөрөлдвөл ээлжит бус сонгууль зарладаг. Парламентаа тараадаг. Энэ зохицуулалт заавал байх шаардлагатай юу?

-Ер нь парламентын засаглалтай орнуудад парламентынхаа хариуцлагыг дээшлүүлдэг. Манайд бол Ерөнхий сайдаа томилж чадахгүй 45 хоновол парламентыг Ерөнхийлөгч зарлиг гаргаад, тараана гэсэн зүйл бий. Гэхдээ энэ тунхаглалын чанартай л гэж ойлгож болно.  Ганц танхимтай, төрийн эрх барих дээд байгууллага болох парламент бас нэг их хэврэг байж болохгүй. Магадгүй онцгой нөхцөл байдал үүссэн үед парламент нь Ерөнхий сайдаа огцруулаад байх уу, эсвэл Ерөнхий сайд нь парламентаа тараах уу гэх асуудал бий. Энэ үед төрийн тэргүүн маш өндөр үүрэг, хариуцлагатай байж, парламентыг тараах, эсвэл Ерөнхий сайдыг огцруулах хоёроор аль нэгээр шийдвэр гаргах асуудлыг оруулж өгөх ёстой гэж хувь судлаачийн үүднээс ханддаг.

-Одоогийн төсөлд бол тийм зохицуулалт байхгүй байгаа?

-Одоохондоо тэр байхгүй байгаа. Яваандаа тэрийг оруулж өгч болно л доо.

-Өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд 47 гишүүн өргөн барьсан юм билээ. Тэгэхээр бүрэн ойлголцсон гэж үзэх үү?

-Яг нарийн зөвшилцсөн гэж ойлгож болохгүй. Их хурлын танхимд хэлэлцэж байж эцсийн шийдвэрийг гаргана. Хасахыг нь хасч, зохицуулахыг нь зохицуулж, балансыг нь барина. Ингээд эцсийн байдлаар бэлэн болгож байж, ард түмнээсээ асуугаад, шийдэх ёстой. Их хурлын дамжлагагүйгээр ард түмнээсээ асуух зүйл байж болохгүй.  

-Тэгэхээр эхлээд Их хурлаараа хэлэлцээд, дараа нь ард түмнээс асуух ёстой гэж үү?

-Ард түмнээс асуусан бол тэр асуудал шийдэгдсэн гэж үзнэ. Тэгэхээр логикийн хувьд эхлээд үзэл баримтлалаа парламент боловсруулаад, тэрнийгээ ард түмнээсээ асууж, эцсийн байдлаар шийдвэрлэх нь зөв.

-Ярилцсанд баярлалаа.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ