Хэлэлцэх “боломжгүй” Үндсэн хуулийн өөрчлөлт

УИХ-ын даргад Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг төсөл санаачлагч гишүүд өргөн мэдүүллээ. Ингэснээр олон жилийн турш дуншсан Үндсэн хуулийн өөрчлөлт ямартай ч парламентын гарт шилжиж ирээд байна. Гэхдээ парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж, батлахад ердөө 40 гаруй хоногийн хугацаа л үлдлээ. Ийм нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй хэмээн УИХ-ын цөөнгүй гишүүн үзэж байна.

Нэг ёсондоо энэ удаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч хэлэлцэж, батлах хугацаа нэгэнт оройтжээ. Учир нь парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаасаа өмнө томоохон хэмжээний дөрвөн хуульд өөрчлөлт оруулж, ард нийтийн санал асуулга явуулах ёстой. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ 40 гаруй хоногийн хугацаанд дөрвөн томоохон хэмжээний хуулийг хэлэлцэж, батлаад, Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг бараг л боломжгүй зүйл. Нөгөөтэйгүүр яаруу сандруу хийсэн зүйл араасаа үргэлж асуудал дагуулдаг. Монголын ард түмний хувь заяа, засаглалтай холбоотой маш чухал асуудалд ингэж “бушуу туулай борвиндоо баастай”-н үлгэр шиг хандаж болохгүй” гэсэн юм. 

Товчхондоо бол нэр бүхий гишүүд “ёс төдий” л Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлээд байна. Яг өөрчлөлт хийх үүрэг нь дараагийн парламентад шилжих биз ээ. Харин энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлт гэх том сэдвийн ард ямар нэгэн том тохироо хийж байна уу

Төсөл санаачлагч гишүүд хуулийн төслийн хамтаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Энэ дагуу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжих, эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулахаар байгаа юм. Харин Ард нийтийн санал асуулгын дүн гарсны дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Дараа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж, арванхоёдугаар сарын 31-нээс өмнө шийдвэрлэх шахуу хуваарьтай байна.  

Мэдээж парламент бүрэн зөвшилцөлд хүрсэн бол энэ хэмжээний хуулийн өөрчлөлтүүдийг богино хугацаанд хэлэлцээд, баталчих боломжтой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын 47 гишүүн гарын үсэг зурж, өргөн мэдүүлсэн. Гэхдээ үүнийг парламент бүрэн зөвшилцөлд хүрсэн гэж хараахан ойлгож болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан онцолсон. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Үндсэн хуулийн өөрчлөлтийг богино хугацаанд, яаруу сандруу хэлэлцэж, батлахыг дэмжихгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн. Нэг ёсондоо парламент бүрэн хэмжээний зөвшилцөлд хүрээгүй байна.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг багасгах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, Засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг өөрчлөх зэрэг олон чухал асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийднэ.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Үндсэн хуулийн өөрчлөлтийг чадвал энэ долоо хоногтоо хэлэлцэж эхэлнэ” гэсэн. Гэхдээ энэ долоо хоногт УИХ төсвөө батлах шахуу хуваарьтай байна. Төсөв баталсны дараа Ард нийтийн санал асуулгын хуулийг хэлэлцэж, батлахад хамгийн багадаа долоо хоног шаардлагатай.

Долоо хоногийн дотор баталлаа гэхэд дараа нь Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад ердөө зургаа хоног үлдэж байгаа юм. Зургаа хоногоос хоёр нь амралтын буюу бямба, ням гараг таарч байгаа. Тэгэхээр дөрөв хоногийн хугацаанд сонгуультай эн зэрэгцэх хэмжээний ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах шаардлагатай болох нь. Онолын хувьд боломжтой ч практикийн хувьд ийм богино хугацаанд санал асуулга хийх ямар ч боломжгүй. Үүнийг улстөрчид, УИХ-ын гишүүд мэдэж л байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг хойшлууллаа гэхэд тэр хэрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хугацаа ч бас шахагдаж таарна.

Товчхондоо бол нэр бүхий гишүүд “ёс төдий” л Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлээд байна. Яг өөрчлөлт хийх үүрэг нь дараагийн парламентад шилжих биз ээ. Харин энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлт гэх том сэдвийн ард ямар нэгэн том тохироо хийж байна уу гэж хардахаар байгаа юм. Жилийн жилд парламент арванхоёрдугаар сарын 31-ний өдөр цаг сунган хуралдаж, ямар нэгэн “сюрпризний” асуудал шийддэг бичигдээгүй хууль бий. Тэр жишгээр явбал, наанаа Үндсэн хуулийн өөрчлөлт гэж анхаарал сарниулаад, цаанаа ханцуй дотроо “тохиролцож” байхыг үгүйсгэх аргагүй. Ерөнхий сценарийг нь харвал тэрхүү “тохиролцсон” асуудлыг парламент шинэ жилийн 31-ний орой батлахаар байгаа юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ