Ард нийтийн санал асуулга явуулахыг УИХ дэмжсэн байх ёстой гэв

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн бариад буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын хуульч гишүүдийн нэг Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Тэрээр “Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан. 1992 оны Үндсэн хууль мөрдөгдөөд 20 гаруй жил болж байна. Улс төр, нийгмийн асуудалтай холбоотой зайлшгүй өөрчлөх асуудлууд буй гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчилдөг тодорхой, дүрэм журамтай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталсан. Энэ хуулийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх процессыг энэ журмын тухай хуулиар явуулах ёстой. Хөнгөн гоомой хандаж болохгүй” гэлээ.

 

Уг хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэлсний дараа ард нийтийн санал асуулгыг явуулах нь зүйтэй гэвэл парламент хоёр удаагийн хэлэлцүүлгээрээ энэ саналыг дэмжсэн байх ёстой аж. Энэ тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулах ёстой байдаг юм байна.

 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тавигдах зургаан шаардлага бий. Тодруулбал, сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг шийдсэн байх ёстой. Мөн хуульд зааснаар Ард нийтийн санал асуулгыг Улсын Их Хурлын сонгуультай зэрэгцүүлж явуулж болно гэсэн заалт бий аж.

 

Үүнээс гадна хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа олон улсын гэрээ конвенцэд харшлахгүй байх, ҮАБЗ, ШЕЗ, ХЭҮК-оос санал авах, Монголбанкны ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой гэсэн.   

 

Дашрамд, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлбэл УИХ бусад асуудлыг хэлэлцдэггүй. Чуулганы хуралдаанд гишүүдийн ¾ /дөрөвний гурав/ нь оролцох шаардлагатай гэдгийг уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заажээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ