Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа...

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хүчтэй яригдаж байна. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан байдаг. 1992 оны Үндсэн хууль мөрдөгдөөд 20 гаруй жил болж байна.

Үндсэн хуульд тийм амар гар хүрч болохгүй. Маш олон талаас нь шүүн тунгааж, шинжлэх ухаанчаар хандаж, эрдэмтэн мэргэд, судалгааны байгууллагыг өргөн хүрээнд оролцуулж, долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар явах ёстой гэж үзэх судлаач олон. Ямартай ч энэ удаагийн парламент “эцэг” хуульд гар хүрэх талаар яриа эхлүүлж, хуулийн төсөл өргөн барьсан учир өөрчлөлт оруулсан үгүйгээс үл хамааран дараагийн найман жил хүртэл  хөндөж чадахгүй болно. Энэ талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заажээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталсан. Энэ хуулийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх процессыг журмын тухай хуулиар явуулах шаардлага бий ч одоогийн өргөн бариад буй хуулийн төсөлд дутуу дулимаг зүйл их байгаа юм.

Уг хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэлсний дараа ард нийтийн санал асуулгыг явуулах нь зүйтэй гэвэл парламент хоёр удаагийн хэлэлцүүлгээрээ энэ саналыг дэмжсэн байх ёстой аж. Энэ тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулах боломж бүрддэг юм байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлбэл УИХ бусад асуудлыг хэлэлцдэггүй. Чуулганы хуралдаанд гишүүдийн ¾ /дөрөвний гурав/ нь оролцох шаардлагатай гэдгийг уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заажээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ