Утааг бууруулах ШБОС-ын өртөг 200 тэрбум

С.Сосоржав


Улаанбаатарын утааны тухай улиглан гаславч урин цаг ирэхээр мартдаг гашуун үнэн биднийх. Зуны дэлгэр цагт утааны тухай ярьсан нэг ч албан тушаалтан үгүй. Дэлхий тэнхлэгээрээ эргэж байгаа л юм болохоор хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилчихлаа. Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа 2016 оны 12 дугаар сарын 20-нд эрдэмтдэдээ агаарын бохирдлын асуудлаа даатгаж үзлээ. Үүнээс өмнө агаарын бохирдлын асуудлыг албан тушаалтнууд ээлжлэн хариуцсан ч үр дүн гараагүй. Ерөнхийлөгч хүртэл дэргэдээ авч, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог даргалж байгаад Засгийн газарт буцааж шилжүүлсэн нь саяхны үйл явдал.

Агаарын бохирдол бууруулах зориулалтаар манайх улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн 132 тэрбум төгрөгийг 2011-2015 онд зарцуулжээ...

Энэ хөрөнгөөр утаагүй түлшний үйлдвэр барьж, “утаагүй” зуух тарааж, утаа бага гаргана хэмээн гэрийн эсгий хүртэл иргэдэд тарааж байв. Гэсэн ч энэ хугацаанд Мянганы сорилтын сангийн дэргэдэх “Цэвэр агаар” сангийн хөрөнгө эцэстээ үрэн таран болж эмэгтэй хүний 70 хос гутлаар төгссөн, 17 тэрбумаар барьсан шахмал түлшний үйлдвэр нь Монголын нөхцөлд ажиллахгүй болж таарсан зэрэг паян нэмэгдсээр.

Харин энэ олон жилийн туршид санаж сэдээгүйг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гаргаж эрдэмтдээр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийлгэе гэсэн ч Засгийн газар нь огцорч, тэр өөрөө хэрэгжүүлэх эрх зүйн чадамжгүй болов. Тэгвэл ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл энэхүү үүргийг хүлээн аваад “Манайх бол улстөрждөггүй, асуудлыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулдаг учраас магадгүй, Монголын ард түмний хувьд утааг арилгах хамгийн сүүлчийн найдвар нь шинжлэх ухааны салбарын эрдэмтэд гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзсэн байх” хэмээн ам бардам байж. Энэ бол 2016 оны арванхоёрдугаар сарын 20 гэдгийг дахин сануулъя. Ажлын хэсгийг салбарын сайд ахалж байгаа бөгөөд төслийн тайлан бэлэн болж Ерөнхий сайдад өгчээ.

ШУА-ийн ерөнхийлөгчийн хэлснээр Улаанбаатарын утааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бууруулахад эхний ээлжинд дор хаяж 200 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Гэтэл 2017 оны төсөвт агаарын бохирдолтой тэмцэхэд зориулж ердөө 8.2 тэрбум төгрөг суулгаад байгаа юм. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдээс агаар бохирдуулсны төлбөр нэрээр хурааж авч байгаа 22 тэрбум төгрөгийнх нь талд нь ч хүрэхгүй мөнгө. Өөрөөр хэлбэл, агаар бохирдуулсных нь төлөө авч байгаа мөнгөө агаар цэвэршүүлэхэд бүтэн зарцуулахгүй, бусад зардлаа Засгийн газар санхүүжүүлж байна.

Эндээс харвал агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах төсөв хасагдаж, эсрэгээрээ жил бүр утааны хорт бодисын агууламж нэмэгдсээр байна. Яг л Дагдангийн эхнэрийн таргалсан Дулмаагийн турсан хоёр тэнцэнэ гэдэг шиг л.

Үүн дээр гэр хорооллын 130 мянган айл өрхийн нүүрс, түлээндээ зарцуулж буй мөнгийг нэмбэл дээрх бохирдуулж буй тоо мөн л нэмэгдэнэ. Эдгээр өрх жилд нийт 54.3 тэрбум төгрөгийн 524 868 тн нүүрс, 24.7 тэрбум төгрөгийн 290,046 м3 мод зарцуулж байгааг Агаарын чанарын албаны статистикт дурдсан байна. Засгийн газар, “Цэвэр агаар” сангаас сүүлийн хэдэн жилийн хугацаанд “тууштай” тараасны хүчинд гэр хорооллын өрхийн 65 хувь нь сайжруулсан зуухтай болсон байна.

Гэтэл Засгийн газар 2016 оны өвөл эрдэмтдэд агаарын бохирдлыг бууруулах төсөл, тооцоо оруулж ирэх үүрэг өгснөө мартчихсан бололтой, энэ төрлийн зардлаа таначихаж. Танаад зогсохгүй агаар бохирдуулсны төлбөр хэмээн машинтай иргэдээс эхлэн төлдөг татварын дийлэнхийг Сангийн яам нь хурааж авахаар болжээ. Гэтэл ШУА-ийн толгой эрдэмтэд сайдтайгаа нийлээд боловсруулсан 200 тэрбумын төлөвлөгөөгөө Засгийн газарт өгөөд хариу хүлээн суугаа аж. Арай эрдэмтдээсээ асууя гээд нэг жилийг аргалж өнгөрөөх гэсэн юм биш байгаа даа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Утаандаа хордоод эрт хавдар тусч харваж өнгөрцгөөхөө бодоцгооё, өөр яахав?

    0 0 Хариу бичих