А.Батцэцэг ДАШТ-ий анхны медальтан боллоо

Б.Тайван


Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотод болж байна. Тэмцээний эхний өдөр Монголын дөрвөн бүсгүй зодоглосноос 58 кг-ын жинд 2014 оны залуучуудын дэлхийн болон Азийн аварга, 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алт, 2015 оны Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, 2014, 2017 оны хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медаль хүртэв.

Тэрээр Польшийн дэвжээнд эхний даваанд 2015 оны залуучуудын дэлхийн аварга Шведийн Элин Йоханна Нильссоныг 2:1-ээр, шөвгийн наймд Энэтхэгийн Сангеета Сангеетаг цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Ван Шиаосенийг оноогоор цэвэр (10:0) ялж, алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн хошой аварга Японы Юзүрү Күманод 1:6-гаар ялагдсан юм. “U-23”-ын ДАШТ-ий анхны медальтан А.Батцэцэг өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх гэсэн гурван насны ангиллын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн түүхэнд анхны тамирчин боллоо. Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн байдаг. Түүнчлэн А.Батцэцэг гурван жилийн давтамжтай гурван насны ангиллын ДАШТ-ээс (“Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгө, “Загреб-2014” залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн) медаль хүртээд байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Томчуудын ДАШТ-ыг нь хүн тоохгүй байхад U23 ДАШТ-ыг ингэж сүр болгоод яадаг байна, бас яагаачгүй байж гавьяатад санаатай юм болов уу

    0 1 Хариу бичих