Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх өдрийг "Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” уриагаар тэмдэглэнэ

С.Цолмон


Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхлэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, цагдаагийн байгууллага, хууль тогтоох дээд шатны байгууллагууд хамтарч хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлөн дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо. Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь, ХЭҮТ-ийн эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч, хуульч Н.Арвинтариа, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Г.Арсланхуяг,  "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, зураач Х.Ариунзаяа нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултанд нь хариуллаа. Мөн хэвлэлийн хурлын үеэр уран бүтээлч Х.Ариунзаяагийн "Нүдээ нээ" уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болжээ.

Дэд сайд С.Мөнгөнчимэгийн хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн хугацаанд хүчирхийлэлтэй тэмцэх, тэр дундаа жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар товч мэдээлэл өгсөн юм. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилт, жендэрт суурилсан хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх байр сууриа илэрхийллээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжилж уриалсан бөгөөд энэхүү аянг дэлхийн 180 гаруй оронд 6000 гаруй байгууллага нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгдэж, ижил цаг хугацаанд нэгэн зэрэг зохион байгуулдаг байна.

Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдэж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ жил бүр хариуцан зохион байгуулж, аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд олон улсын байгууллагуудтай хамтран, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж ирсэн. Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хeвгvvд, эрчvvдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдvvлэх ба аянд оролцогчид нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй гэдгээ илэрхийлж, амлалт өгдөг юм.

Аяныг 12 дугаар сарын 10-нд тэмдэглэдэг “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг угтаж, 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 16 хоногийн турш зохион байгуулдаг юм. 2017 онд дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар амгалангаас дэлхийн энх тайван руу" гэсэн уриан дор “Боловсролыг бүх нийтэд” сэдвийг хөндөж байгаа бөгөөд Монгол Улс жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход бүх нийтийн оролцоог дэмжих, чиглүүлэх зорилгоор “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” уриагаар энэхүү аянд нэгдэж байна.

Аяны хүрээнд дараах тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэдэг. Үүнд:

-11 дүгээр сарын 25- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр,

-11 дүгээр сарын 25- Цагаан туузтаны хөдөлгөөн,

-11 дүгээр сарын 29- Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн өдөр,

-12 дугаар сарын 1- ДОХ-той тэмцэх өдөр,

-12 дугаар сарын 2- Боолчлолыг таслан зогсоох өдөр,

-12 дугаар сарын 3- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр,

-12 дугаар сарын 5- Сайн дурынхны өдөр.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)