Үндсэн хуулийн өөрчлөлт & намуудын байр суурь

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж УИХ-ын 40 гаруй гишүүн үзэж, хуулийн төсөл өргөн мэдүүлээд буй. Цаг хугацааны хувьд давчуу, энэ удаагийн парламент өөрчлөх нь юу л бол гэж зарим судлаач үзэж байсан. УИХ-ын гишүүн Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэгт бүх намын төлөөлөл багтаж ажиллажээ. Тиймээс парламентад суудалтай нам эвсэл болоод бие даагч гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байгааг хүргэе.

М.Энхболд: Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд болсон үйл явдлууд, төр засгийг эмхлэн байгуулсан байдлаас харахад Үндсэн хуульд засч залруулах зүйл байгаа ч өнөөдөртөө хийх боломж бололцоо байхгүй.

Нэгдүгээрт, манай улсад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам, парламентад суудалтай таван нам бий. Манай нам энэ оны есдүгээр сарын 6-нд улс төрийн 20-иод намыг урьж үндэсний зөвшилцлийн 12 дахь удаагийн уулзалтыг хийсэн. Энэ уулзалтаар парламентад суудалгүй намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ хийх боломжгүй, улс орны өмнө тулгамдсан өөр асуудлуудаа ярьж шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн гишүүдийн санаа бодлыг бүрэн тусгаагүй, ажлын хэсгийн есөн гишүүний хоёр нь гарын үсэг зураагүй. Үндсэн хуулийн нэрийг өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг дэмжихгүй хэмээн манай хоёр гишүүн хуулийн төслөөс нэрээ татвал ажлын хэсгийн гишүүдийн санал 50 хувьд хүрэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс төслийг хэлэлцэхэд хүндрэл гарна. Гуравдугаарт, Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчилнө, үүний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Тэгж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Тэгэхээр ийм богино хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй. Дөрөвдүгээрт, улс төр, эдийн засаг, нийгмийн байдал хүндэрсэн явдалд Үндсэн хууль буруугүй. Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд, хууль зүйн хэм хэмжээний хувьд, санаачилсан гишүүдийн байр суурь, Монголын улс төрийн намуудын баримталж буй байр сууриудыг ч үзэхэд энэ УИХ бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран сандран хийх боломжгүй.

Н.Батбаяр: Үндсэн хуулиа өөрчилж тогтолцоогоо сайжруулах шаардлагатай гэж үзсэн

-Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 14 Засгийн газрын нүүр үзжээ. Тэр 14 Засгийн  газраас  долоог нь огцруулсан байх юм. Нэг Засгийн газрын ажилласан дундаж хугацаа хоёр жилээс илүүгүй гэсэн үг. Гэтэл өндөр хөгжилд хүрсэн орнуудын Засгийн газар урт хугацаанд тогтвортой ажиллаж байж хүссэн үр дүндээ, хөгжилд хүрдэг юм байна. Тэгэхээр Засгийн газар нь тогтворгүй, бодлогоо хэрэгжүүлж чадаагүй учраас Монгол хөгжсөнгүй гэсэн дүгнэлт гарч ирж байгаа юм. Аль ч засгийн үйл ажиллагааг дунд нь тасалдуулчихаар бодлого нь хэчнээн зөв байсан ч буруу болоод хувирчихдаг юм байна л даа.

Нөгөө талдаа Засгийн  газар олигтой ажиллаж чадаагүй юм чинь бодлого нь олиггүй байсан байх гэдэг. Хэн нэгэн Ерөнхий сайд боллоо гэхэд хүссэн ч, хүсээгүй өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гэж үздэг. Хүн болгон өөрийн гэсэн бодолтой. Өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бодлогоо боловсруулах ёстой, хэрэгжүүлэх аппаратаа байгуулах ёстой. Ийм хугацааг монголчууд Засгийн газартаа олгохгүй байна. Өнгөрсөн хугацаанд асуудал нь хүндээ байна гээд огцруулаад байсан. Харамсалтай нь ажил сайжирсангүй. Тэгэхээр асуудал хүний муудаа биш юм байна. Гол алдаа нь Засгийн газраа тогтвортой байлгадаггүй тогтолцоондоо байжээ. Тиймээс Үндсэн хуулиа өөрчилж тогтолцоогоо сайжруулах шаардлагатай гэж үзсэн.    

Эх сурвалж: www.news.mn

Н.Батцэрэг: Хугацааг нь хойшлуулахаас өөр аргагүй

-Цаг хугацааны хувьд давчуу байгаа нь үнэн. УИХ- ын тогтоолын төслөөр арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал, асуулга явуулахаар тусгаад байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. Гэхдээ үүнээс өмнө Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг томьёоллыг иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох нь чухал.

Ямар ч байсан эхний ээлжид санал асуулга явуулах эсэхээ шийдэх хэрэгтэй. Үүний дараагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй. Эдийн засаг, нийгэм хүнд байгаа үед УИХ-ын бүрэн эрх дөрвөн жил байгаа нь хэт ойр байна. Өнгөрсөн жилүүдийг аваад үзэхээр зун нь УИХ- ын сонгууль болж, намар нь орон нутгийн сонгууль үргэлжилдэг. Дараа жилийнх нь хавар Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Үндсэндээ хоёр жилийн хугацаанд бүх нийтээрээ улстөрждөг. Ингээд хоёр жилийн дараа дахиад УИХ-ын сонгууль болох жишээтэй. Бодит байдал дээр парламентын ажил хийх хугацаа 1.5-2 жил болчихоод байгаа учраас хугацааг нь таван жил болгоход буруудах зүйлгүй. Дээрээс нь УИХ-ын гишүүд 76 байна гэж ярьж байх үед Монгол Улсын хүн ам 2.4 сая байсан. Гэтэл одоо гурван сая давсан хүнтэй болсон. Тиймээс дэлхийн бусад оронд нийт хүн амынхаа тоотой зохистой харьцаатай байхаар парламентынхаа гишүүдийн тоог сонгодог.

Энэ үүднээс нь үзвэл яах аргагүй 100 давсан байхаар харагдаж байгаа юм. Санал асуулга явуулахаар болвол богино хугацаанд сонгуультай дүйх хэмжээний ажлыг зохион байгуулж чадах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс хугацааг нь хойшлуулахаас өөр аргагүй. Бид зөвшилцөл хийх хэрэгтэй гэж үзэж байгаа.

С.Оюун: Хугацаа бага байгаа ч хэлэлцүүлэг сайн өрнүүлэх хэрэгтэй

-Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад бүх нам Засгийн газарт хамтарсан. Ингэхдээ тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Түүний эхний заалт нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулна” гэж байсан. Энэ дагуу УИХ-ын даргын захирамж гаргаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж, бүх намын төлөөллийг оролцуулахад нь орж ажилласан. Ажлын хэсэг нэн түрүүнд парламентын засаглалыг сонгодог хэлбэр рүү оруулах талаар ярьсан. Ерөнхий сайд ойлгомжтой, тодорхой эрх мэдэлтэй байх ёстой.

Сонгуулиар хамгийн олон санал авсан нам Засгийн газраа байгуулна. Засгийн газрыг Ерөнхий сайд нь бүрдүүлнэ. Одоо мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бүрэн эрх нь Монголд тэр бүр байдаггүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн дөрөвдүгээр сард чуулганы танхимд хийх гэж ажлуудаа танилцуулсан. Гэтэл маргааш нь явахгүй байх жишээтэй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 12 Засгийн газар солигдсон байна. Гүйцэтгэх засаглалын дундаж наслалт хоёр жил байж. Монгол Улсад засаглалын тогтворгүй байдал бий болсон. Бодлогууд нь тэр бүр шийдэгдэхгүй гацдаг УИХ-д ард түмэн итгэдэггүй болсон байна. Судалгаанаас ч, Л.Цог даргын ажлын хэсгийн дүгнэлтээс ч засаглалын гол гол институциуд эрх мэдэл, үүргийн давхардал бий болсноос болоод хувь хүн хэн байхаас үл хамаараад хоорондоо зөрчилддөг юм байна гэдэг нь харагдсан.

Ерөнхийлөгчийг парламентаас шууд сонгох заалт оруулсан. Ажлын хэсгийнхэн нэмэлт өөрчлөлтүүдээ олон түмэнд сайн таниулаад, үзэл баримтлалаар нь бүх нийтийг хамарсан хэлэлцүүлэг судлаач эрдэмтэд, ард түмний дунд сайн өрнүүлээсэй. Ард түмэндээ сайн ойлгуулаад зөв бурууг нь шүүлгэчихвэл дараа нь УИХ-аар хэлэлцэхэд амар байх. Уг нь амжуулчихвал дараагийн дөрвөн жилдээ тодорхой зүйлүүдээ цэгцлээд засч залруулаад явбал хөгжлийн зам арай дардан байх болов уу гэж бодож байна. Цаг хугацааны хувьд асуудлууд бий. Гэхдээ нэгдүгээр сард байгуулагдсан ажлын хэсэг нэлээд сайн ажиллаад хугацаандаа багтаагаад өргөн мэдүүлж байгаа нь энэ. Хугацаа бага байгаа ч хэлэлцүүлэг сайн өрнүүлэх хэрэгтэй.

Ц.Даваасүрэн: Энэ удаагийн УИХ-ын хийх ажил биш

-Бие даагчид Үндсэн хуульд гар хүрэхийг дэмжихгүй байгаа. Энэ  парламент Үндсэн хуульд өөрчлөлт хийх чадамжгүй. Эх орноо худалддаг, авлига авдаг нөхөд Үндсэн хуульд өөрчлөлт хийж чадахгүй. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг сайтар нягталж үзэх шаардлагатай.

Ер нь сонгуулиар гарч ирсэн нам бүр өөрсдийн эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг буруу жишиг тогтохоос эмээж байгаа. Ард нийтийн санал асуулгыг бие даагчид сайшаахгүй байна. Энэ удаагийн УИХ-ын хийх ажил биш. Ийм ёс суртахуунгүй, гаднын нөхдөд баялгаа үр ашиггүй өгдөг хүмүүс Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж байгаагийн шинж.

Тиймээс ч ирэх оны сонгуулийг хүлээгээсэй гэж хүсч байгаа. Ард түмнийхээ сонголтыг харъя. Хамгийн гол нь иргэдийн сонголт зөв байвал “эцэг” хуулийг ард түмэнд ашигтайгаар өөрчилж болно. Нам бүр энэ хуулийг өөрчлөөд байж болохгүй. Хэрвээ ийм байдалд шилжвэл цаашдаа амьдрахад хүнд болно. Би бүх улстөрчийг хэлж байгаа юм биш. Эрх барьж байгаа, улс орноо худалдаж байгаа нөхөд Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Ард түмэн ч мөн ийм УИХ-аар Үндсэн хуулиа өөрчлүүлэхгүй гэдэгт найдаж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ