Үл тоогдсон соёлын өв – II

С.Батзаяа


Монголын соёлын салбар эзэнгүйджээ. Цаг төрийн байдал тайван ч соёлын үнэт өв, дурсгалаа хайхрахгүй XXI зууны иргэд бид ажин түжин амьдарсаар байна.

Бүрэн эрхт улсын маань БҮТЭН түүх, тухайн цаг үеийг илтгэх түүх соёлын дурсгал, байшин барилгаа нурааж, хойч үедээ үзүүлж харуулах түүх шастираа сүйтгэж байгааг он цаг гэрчлэн чимээгүйхэн дүнхийх. Гэтэл улс орнууд түүх соёлоо сурталчилж, байгаагүй түүхийг дэлгэцэнд мөнхөлж, хойч үедээ үлдээн дэлхий нийтэд түгээх соёлын бодлого, хувьсгал явуулсаар. Харин 2000 гаруй жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улсын үр сад бид энэ цаг үед түүхээ умартаж, соёлоо түгээхэд төр засаг ч тэр, түүний иргэн болсон бид ч хойрго хандсаар ирснийг өнгөрсөн дугааруудад “Орхигдсон музей” цуврал нийтлэлээрээ хөндсөн. Бид энэ сэдвийг үргэлжлүүлж байна. Ингэхээс ч өөр арга зам алга гэдгийг энэ цаг үе маань тод томруунаар харуулсаар... 

Үндсэндээ шинэ үе, мянганы монгол үрс түүхээ, соёлын өвөө, дурсгалт зүйлсээ мэдэхгүй өсч торниж байна. Үгүйдээ л ерөнхий боловсролын сургуульд музей, соёлын өвөөр аялуулах хөтөлбөр багтаагүй байх жишээтэй. Он цаг улирч бүх зүйлс хуучирч, зарим нь тухайн цаг хугацаандаа уусч алга болоход хүн төрөлхтнийг амьдарч байсныг илтгэх ганц зүйл нь түүх соёлын дурсгалт зүйл, өв, олдворууд юм. Үүнийгээ хайрлаж, хамгаалж, хойч үедээ бүтэн үлдээх нь бидний үүрэг гэлтэй. Тиймдээ ч “Үндэстний ТОЙМ” сэтгүүл орхигдсон салбар болох түүх, соёл, шинжлэх ухаан, архив зэрэгт тулгамдаж буй асуудлыг цувралаар хөндөж байгааг дахин тодотгоё.

Гурван байгууллага нэг байранд

Цаг хугацаа хөвөрсөөр хүмүүний амьдрал үргэлжлэх ч биднийг баясгах, сэтгэлийн таашаал эдлүүлэх, соён гэгээрүүлэх салбар бол соёл урлаг. Тухайн орны нүүр царай, хөгжил цэцэглэлтийг ч эндээс харж болох учраас хамгийн их анхаарал хандуулдаг салбарын нэг болжээ. Харин манайд урсгалаараа явж байх. Нэг ёсондоо тусгаар улсын маань соёл урлагийн салбар “ТУСГААР ТОГТНОЛ”-оо алдаад удаж байна. Улс орны эдийн засаг сайжирч, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхагдлаа хэмээн шагшин магтаж, биенээ хөөргөж байсан цаг саяхан. Янз бүрийн хэлбэр хийцтэй, өндөр барилгууд хотын төвөөр сүндэрлэснээс харахад үнэхээр эдийн засаг сайн байж гэж хэлж болох. 

“Сайн эцгийн үлдээсэн хур хөрөнгөөр сагаж яваа юм” гэдэг шиг тэр үедээ л сумын төвийн хаалга, энд тэндгүй суварга, хөшөө, самбар бүтээж соёл урлагийн салбарт хөрөнгө оруулалт хийлээ хэмээн мяндагтнууд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан задаргаагаа хэвлэлээр сайрхан ярьж байсан нь нэг бус удаа билээ. Тэгсэн хэр нь хамгийн чухалд тооцогдох урлагийн байгууллагуудаа дэмжиж, ганц театр бариад өгчихөөгүй нь цагийн урсгалд улам бүр тодорч энэ хэрээр соёл урлагийн салбарын хөгжилд чөдөр тушаа болсоор өнөөдрийг хүрэв. Товчхондоо, мэргэжлийн урлагийн төв байгууллага болох УДЭТ, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр нэг байранд бэлтгэл сургуулилалтаа хийж, үзэгчдэдээ бүтээлээ толилуулсаар хэдэн арван оны үдлээ.
Хүүхэлдэйн театр хэдий өөрийн тайзтай ч байртай болох шаардлагатай.

Соёлын салбарт бодлого байна уу гэхээр “онц” гэж хэлж болохоор хууль эрхзүйн орчинтой. Гэхдээ бид хууль хэрэгжиж байна уу гэдгийг ярихаас өмнө хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаж өгөх асуудал дутмаг явж иржээ. 

Хүүхэлдэйн театрын захирал П.Нямлхагва Барилга барих төсөв мөнгө хүрэхгүй бол МҮЭСТО, СТӨ, Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордонд байрлуулж, уян хатан хөшүүрэг хийж яагаад болохгүй гэж. Соёлын өв хадгалах нөхцөлгүйгээс устаж үгүй болж байна. Урлагийн байгууллагуудад хамгийн гол тулгамдаж байгаа асуудал энэ. Үүнийг шийдчихвэл цалин хангамжийг нэмэгдүүлэх асуудал аандаа бүрдээд ирнэ. Уран бүтээл хийхэд байр сав, ажиллах нөхцөл сайн байх ёстой. Орчин байхгүй нөхцөлд хөрсөн дээр буухгүй хууль мөрдүүлэх гээд байна. Бид өөрийн байртай бол уран бүтээл маань ч чанаржина. Ядаж л төрөөс гар харалгүй өөрсдөө уран бүтээлээ санхүүжүүлээд явна. Урлагийн бүтээлүүдээ хөдөө орон нутаг үзүүлж, иргэдийг соён гэгээрүүлж, дараагийн жүжгээ санхүүжүүлээд явах боломжтой газар шүү дээ. Гэтэл орон нутагт тоглох төсөв шийдэгдээгүй учраас бид ажиллах нөхцөл байдаггүй.

Соёлын салбарт бодлого байна уу гэхээр “онц” гэж хэлж болохоор хууль эрхзүйн орчинтой. Гэхдээ бид хууль хэрэгжиж байна уу гэдгийг ярихаас өмнө хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаж өгөх асуудал дутмаг явж иржээ. 

70 жилийн түүхтэй Монгол Улсын Хүүхэлдэйн театр өнөөдөр ивээн тэтгэгч байгууллага, тухайн орон нутгийн сайн санаат хүмүүсийн дэмэнд хөдөөд 70 жүжиг тоглож, иргэдийг соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэнэ гэх зорилттой ажиллаж байна. Энэ шударга үнэнд хэр нийцэж байна вэ. Сүүлийн үед хүүхдэд ээлтэй хот, дүүрэг, аймаг болно гэж дарга нар байсхийгээд ярих болсон. Гэтэл багачуудаа соён гэгээрүүлэх, эх оронч дархлаа суулгах гол ажлаа мартчихаад төсөл хөтөлбөр яриад сууж байгааг аль аль талдаа бодлого алдагдасны илрэл гэж тодорхойлохоос өөр аргагүй.

Үнэгүйдэл

Хүүхэлдэйн театр мэргэжлийн урлагийн таван театрын нэг. Энэ таван театрын гурав нь УДЭТ-д байрладаг. Үүний нэг болох Монгол Улсын нүүр царай болсон Үндэсний урлагийн их театр ч өөрийн гэсэн байргүй,

Драмын театртай нэг тайзтай. Тайзаа “булаалдах” үе ч гардаг байна. Ингэхээр тэнд ажиллаж байгаа уран бүтээлчдийн ажиллах орчин, мэргэжлийн бүтээл гаргах эсэх нь ямар байх билээ. Тус театрынхан газрын асуудал шийдэж өгөх хүсэлт нийслэлийн удирдлагуудад тавьдаг ч шийдэж өгөлгүй 20 гаруй жил болсон байна. Нэг театрын “бөөрөнд” байрладаг учраас техник хэрэгслээ ч сайжруулах боломж хомс аж. Анх театр үүсгэн байгуулагдахад байсан зарим гэрлээ одоо ч хэрэглэдэг тухай ажилтнууд нь ярьж байна.

Соёлын байгууллагуудын байрны асуудалтай зэрэгцэн үнэт өвийн хадгалалт, хамгаалалт яригдана. Манайд соёлын өвөө хадгалах хамгаалах орчин маш муу. Эндээс бидний үнэт зүйл хаана оршиж байна вэ гэх асуулт ургана. Соёл бол тухайн улсын тусгаар тогтнолын илэрхийлэл. Тухайн орны оршихуйн үндэс. Соёлын өв монголчуудын өнөөдрийг хүртэл оршсоор ирсэн үүх түүх, үнэ цэнэтэй бүхний баталгаа юм. Гэтэл Монгол Улсад сэргээн засварлалтын ямар нэг бодлого алга. Харин тэр бодлогын малгай хууль эрхзүйн орчин бий. Соёлын өвийг хамгаалахын тулд ингэх, тэгэх ёстой гээд хуульчилсан байдаг ч төсөв мөнгөнөөс шалтгаалаад хэрэгждэггүй. Монгол Улс 2012 онд Төрөөс соёлын талаар баримтлах бодлогоо баталсан. Энэ бодлогод соёлын өвийг хамгаалах сэргээн засварлах талаар тусгасан ч хуулийг хэрэгжүүлэх журам хөтөлбөр гарах ёстой. Энэ журам хөтөлбөр өнөөг хүртэл гараагүй байх жишээтэй. 

Соёлын байгууллагуудын байрны асуудалтай зэрэгцэн үнэт өвийн хадгалалт, хамгаалалт яригдана. Манайд соёлын өвөө хадгалах хамгаалах орчин маш муу. Эндээс бидний үнэт зүйл хаана оршиж байна вэ гэх асуулт ургана.

Дараагийн жишээ, Үндэсний номын сангийн байр хуучирсан, зай талбай багатай, шинээр барих шаардлагатай ч төсөв мөнгө хүрэлцдэггүй. Хадгалалтын нөхцөл муу гээд бас л ярвигтай асуудал захаас аваад мундахгүй байна. 

Санхүү, хүний нөөцийн бодлогын талаар соёлын салбарт яриад ч хэрэггүй. Мэргэжлийн сэргээн засварлагч улсын хэмжээнд 10 гаруйхан байдаг аж. Хүний нөөцийн чадавхи муугийн дээр төрөөс сэргээн завсарлах ажилд хөрөнгө мөнгө бага зарцуулдаг. Энэ нь түүхчид, судлаачид соёлын өвийг сурталчлан таниулах ажил муу хийж байгаатай нэг талаараа холбоотой ч байж мэдэх юм. Бид жил бүр түүх соёлын дурсгалаа хамгаалах бус алдсаар байна. Жилд ийм соёлын өв сэргээн засварлалт хийнэ гэсэн дунд хугацааны төлөвлөгөө байдаг ч санхүүжилт байхгүй учраас хэрэгждэггүй. Энэ ажилд төр “гал унтраах” маягаар оролцож байна. Түүнээс соёлын өвөө авч үлдэх тал дээр дорвитой анхаарахгүй байгаа. Мөнгөнөөс гадна сэтгэл алга гээд тоочвол энэ мэт олон зүйл хөвөрнө.

Үргэлжлэл бий.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. BATLAN HAMGAALAH YAM GESEN UG HEL HEL SOYL GEDEG

    0 0 Хариу бичих