АНУ-д Трампын нэр хүнд өсчээ

Ш.Самбуу


Цагаан ордны эзний нэр төр өсч эхэлснийг АНУ-ын бүх л тэргүүлэх сайтууд мэдээлж байна. Энэ нь тус орны улс төрийн амьдралд хэрхэн нөлөөлөх бол. АНУ-ын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг дэмжсэн чансаа хоёр оронтой тоогоор илэрхийлэгджээ. Нийгмийн судалгааны албанууд америкчуудаас нэг янзын асуултыг байнга асууж, тэд байнга л хариулт өгч байдаг. Сонин хэвлэл иргэд юу хэлснийг бичиж, түүнийг нь шинжээчид дүгнэдэг. Харин улстөрчид цааш нь юу хийхээ боддог.

Мэнд мэдсэнээр эхэлсэн

Трампын 2016 онд ялна гэдэгт хэн ч итгээгүй. Бүх л олон нийтийн санал асуулга Хиллари Клинтоныг давуутай гэж байв. RealClearPolitics албаны  санал хураалтын өдөр явуулсан асуулгаар, Хиллари Трампаас 3.2 хувиар илүүтэй байлаа. Төрийн нарийн бичгийн дарга асанд энгийн америкчууд Трампаас илүүтэй санал өгсөн юм. Гэтэл харин  иргэд нь Ерөнхийлөгчөө сонгодоггүй, америкчуудын сонирхлыг төлөөлсөн сонгогчдын коллеги гэсэн цөөн тооны хүрээ л сонгодогт хамаг учир байв. 

Сонгогчдын коллеги Трампт  ялалтыг өгсний дараа ардчилагчид ба тэднийг дэмжигчид цочролд орсон юм. Либерал хэвлэл мэдээлэл ч ялгаагүй.  Медиа орчныг сонгогдсон Ерөнхийлөгчийн бүхий л нүгэлд буруутгах болсны дараа тэдний цочрол нь антагонизм (өрсөлдөөн, сөргөлдөөн) болон хувирсан билээ. Трамп тэдэнд хорон үг хаяж эхлэв. Сонгуулий дараагийн өдрүүдэд түүнийг дэмжигчдийн тоо нь үл дэмжигчдийнхээс давж байлаа. Гэтэл байдал хурдан өөрчлөгдөж, Ерөнхийлөгчийн эсрэг талынхан илүүтэй болсон юм. 

Гучаас дөч хүртэл

Эхний нэг жил Ерөнхийлөгчийн рейтинг хэлбэлзэлтэй өнгөрөв. Түүнийг дэмжигчид 30-40 хувьтай байлаа.

Ардчилсан намын талынхан, Африк гаралтнууд ба эмэгтэйчүүд гэсэн америк иргэдийн гурван бүлэг Трампт хэзээ ч сэтгэлгүй байсан нь түүний  чансаанд хүчтэй нөлөөлж ирэв. Мөн  чансаанд илүү хүчтэй дарамтыг хэвлэл мэдээлэл үзүүлж иржээ. Тэргүүлэх хэвлэлийн ихэнх түүнийг сөргөөр харуулж байсан юм. 

Ерөнхийлөгч Трамп өөрийнх нь талаархи эсрэг тэсрэг зөрөлдөөнтэй санал, үйлдэл нь иргэдийн дунд эерэг ойлголтыг төрүүлэхгүй байгааг анзаарч байв. Мексикийн хил дээр хана босгоно гэсэн ганцхан санаа нь л гэхэд түүнд хангалттай шүүмжлэл авчирсан. Ойрхи дорнодын орнуудын иргэдэд виз олгохгүй, DACA гэх хууль бус залуу цагаачдыг хамгаалах хөтөлбөрийг зогсоосон зэрэг нь юунд хүргэв. Эсвэл эмэгтэйчүүдийн хаягаар болчимгүй үг шидсэн нь яав гээд л асуудлууд олон байгаа.

Ерөнхийлөгч өөрөө чансаагаа анхааралтайгаар харж байгаа. Гэхдээ өөрийг нь аль болох их дэмжсэн санал асуулгад тэрээр хандах дуртай. "Rasmussen дөнгөж сая миний чансааг 49 хувь хүрсэн гэлээ. Энэ үзүүлэлт нь сонгуульд ялснаас хойш авч байснаас илүү” хэмээн Трамп Twitter-тээ хоёрдугаар сарын 3-нд бичиж 2017 оны гуравдугаар сарын 7-ноос хойшхи өндөр дэмжлэгийг тайлбарласан байлаа. Гэтэл бүгд найрамдахчуудын Rasmussen албанаас бусад нь ч  дээд үзүүлэлт гэдгийг хэлсэн байв. Тухайлбал, Квиннипэкийн их сургуулийн мэдээгээр хоёрдугаар сарын 7-нд Трампын дэмжлэг 40 хувь хүрсэн нь сүүлийн долоон сар дахь дээд амжилт гэсэн байлаа. Харьцуулахад, тэр өдөр Rasmussen Reports мэдээлснээр тэр үзүүлэлт нь 48 хувийг заажээ. Gallup төв Трампын дэмжлэгийн дундаж сүүлийн 80 жилийн дотор ажилласан Ерөнхийлөгч нарын дундаас хамгийн доод хэмжээнийх гэжээ. Байдлыг засах боломжийн хувьд түүнд гурван жилийн хугацаа байгаа. 

Дээшлэх хөдөлгөөн

Трампын чансааны хоёрдугаар сарын өсөлтийг хоорондоо холбоотой хоёр шалтгаанаар тайлбарлаж болно.  Эхнийх нь урт хугацааны трендтэй түүний эдийн засгийн бодлого нь юм. Тус оронд эдийн засгийн байдал сайжирч байгаа. Үүнийг ямар ч либерал хэвлэл нууж чадахгүй. Хэрэв өсөлт нь тогтвортой байх юм бол Ерөнхийлөгчийн рейтинг өснө. Өнгөрсөн онд эдийн засаг нь 2.5 хувь хүртэл өсч, ажилгүйдлийн төвшин 4.1 хувь хүрчлээ. Инфляц 1.7 хувийн төвшинд байсан аж. Трампын татварын шинэчлэл нь  Америкийн том корпорацийн олон ажилтанд 1-2.5 мянган ам.долларын тааламжтай бонусыг олгуулжээ.

Хоёр дахь шалтгаан нь Конгресст уншсан түүний “Улс орны байдлын тухай” гэсэн илгээлт болов. CBS News мэдээлснээр америкчуудын 75 хувь түүний үгийг дэмжив. Улс орны эв нэгдлийг эрхэмлэсэн гэж 80 хувь үзжээ Үүний зэрэгцээ түүнийг сонсч үзсэн америкчуудын ихэнх 40 орчим хувь нь Бүгд найрамдах намынхан, 30 орчим хувь нь нам бусчууд байжээ. Ардчилагч нарын хоёр хүний нэгийг трампын эв нэгдлийн үг нь уурлуулжээ. 

Түүхийн сургамж

Ер нь бол энгийн америкчуудад  гадаад биш дотоод бодлого нь ямагт нэгдүгээрт тавигдаж ирсэн билээ. Зэвсэгт хүчнийх нь гадаад дахь ялалт биш, эдийн засаг л тэдэнд чухал байдаг. Үүний нэг тод жишээ нь, том Жорж Буш  хоёр дахь удаагаа сонгогдож чадалгүй  Билл Клинтонд ялагдсан 1992 оны үйл явдал юм. Гол шалтгаан нь эдийн засгийн зогсонги байдал. Бушийг 1991 онд “Цөлийн шуурганы” дараа америкчуудын 89 хувь дэмжсэн байсан нь ч тус болоогүй. Улс төрийн карьераа дуусгасан нь ч аврал болоогүй юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)