УИХ-ын гишүүдтэй холбоотой өргөдөл, гомдол ирээгүй гэв

Eagle.mn


УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 250 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 8,678 иргэний өргөдлийг 4 удаа багцлан иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Нийт 197 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 59 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байгаа аж.

Нийт ирүүлсэн 250 өргөдлийн зургаан хувь нь нийтийн эрх ашгийг хөндсөн байсан бол үлдсэн нь хувийн асуудлаар ханджээ. Тэгвэл УИХ-д нийт 13500 гаруй иргэнээс 9603 хуудас бүхий 1310 өргөдөл, гомдол иржээ. Нийт гомдол, өргөдлийн 63 хувь нь Улаанбаатар хотоос, үлдсэн 37 хувь нь хөдөө орон нутгаас ирүүлсэн байна.

Өргөдлийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж хоёр тогтоол, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр гурван удаа Монгол Улсын Засгийн газарт үүрэг, чиглэл өгч иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна.

Энэ талаар тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Бид ирсэн өргөдөл бүхэнд хариуцлагатай, хянамгай хандаж байгаа. Ямар ч байсан улс эх орны болон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд ач холбогдол өгч ажилласан. Нийт өргөдлийг дөрвөн бүлэгт хуваасан. Ингэхдээ өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд дөрвөн удаа томоохон хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Эдийн засаг, нийгмийн том асуудлыг хөндсөн. Үүний үр дүнд тодорхой асуудлыг шийдэж чадсан.  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 200 орчим тэрбум төгрөг  зарцуулсан байдаг. Гэвч бодитой үр дүн гарахгүй байсаар өнөөдрийн хүрсэн. Харин намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос тодорхой ажлууд зохион байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлт, Засгийн газарт тодорхой үүрэг чиглэл өгч ажилласан. Үүний үр дүнд БНСУ-аас 0,2 хувийн хүүтэй урт хугацаатай зээлийг зөвхөн  агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулахаар болсон.

-Өргөдлийн байнгын хороонд УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой өргөдөл, гомдол ирсэн үү?

-УИХ-ын гишүүдтэй холбоотой өргөдөл, гомдол байнгын хороонд ирээгүй. Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлаар иргэдээс гомдол, өргөдөл ирсэн. Энэ дагуу нэр бүхий гишүүд иргэдтэй уулзсан. Мөн холбогдох хуулийн байгууллагад хандсан. Хувь гишүүнийхээ хувьд гомдол ирүүлсэн иргэдтэй уулзсан. Энэ асуудлаар Нийслэлийн прокурорын байгууллагад хандаад байгаа. Б.Хурцтай холбоотой асуудлаар ямар арга хэмжээ авах асуудлаар маш тодорхой албан бичгийг хүргүүлсэн. Энэхүү албан бичигт н.Энхбат, н.Жаргал нараас гарсан гомдол, хүсэлтийг харьяалалын дагуу хүлээн авлаа. Прокурорын байгууллагаас “Б.Хурц нь өс хонзонгийн болон бусад хувийн сэдлээр н.Энхбаяр, н.Жаргал нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-т зааснаар үндэслэл тогтоогдохгүй байна. Тиймээс гомдлыг нь хүлээн авахаас татгалзаж байна” гэсэн бичиг ирсэн.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Агаарын бохирдолыг бууруулахад салхинд хийсгэсэн гээд байгаа 200 гаруй тэр бум ын асуудалаа шийдэж чадахгүй байж яасан их худлаа ярих дуртай юм бэ

    0 0 Хариу бичих