2.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж авахаар болжээ

Eagle.mn


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 15 удаа хуралдаж, 41 хуулийн төсөл (давхардсан тоогоор),  дөрвөн Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцжээ.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд байгуулагдаж, эрчимтэй ажиллаж Засгийн газарт 16 зүйл, заалт бүхий зөвлөмж, чиглэлийг хүргүүлсэн байна. Мөн Байнгын хорооноос  Монгол Улсын Ерөнхий сайд болон салбарын яамдын сайд нарт агаарын бохирдлыг бууруулах талаар бодитой гарц шийдлийн талаар санал ирүүлэхийг хүссэн. Эдгээр саналыг Ажлын хэсэг нэгтгэн дүгнэж, цаашид холбогдох байгуулагуудад шахаж шаардаж, бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллаж байгаагаа Байнгын хорооны дарга Л.Эрдэнэ-Очир хэллээ.

Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулах асуудалд Засгийн газарт хугацаатай чиглэл өгсөн байна. Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа 30 жилийн хугацаатай, 0.2 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын хөгжлийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан.  Энэ бол өрийн ачаалал нэмсэн арилжааны зээл биш. Үүнийг агаарын бохирдол, утаанд зориулна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Өмнө нь агаарын бохирдлыг бууруулахын эсрэг ийм далайцтай хөрөнгийн эх үүсвэр байгаагүй. Хөтөлбөр боловсруулагдахаар энэ мөнгийг юунд зарцуулах нь тодорхой болно.

Түүнчлэн Д.Цогтбаатар сайд БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хятадын талтай хамтарч хэрэгжүүлэхээр болсон байна. Уг асуудлын хүрээнд 2.3 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг хятадын тал гурван жилийн хугацаанд өгөхөөр талууд тохирчээ. Энэ мөнгө гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулагдах аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)