Шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

Eagle.mn


Эрт дээр үед Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийдэг байжээ. Ингэхдээ хот айлын ахлагчид, өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлагч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай ажээ. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг. 

Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн “цог хийморийн” зүгт гарч,  "буян хишгийн” зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “хар нохойн ам” таарвал “эмийн“ ба “амин” зүгт мөрөө гаргаад “буян хишгийн” зүгээс гэртээ ирнэ. “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн “хар нохойн ам” аль зүгт буйг үзүүлье. Үүнд: Жилийнх нь баруун хойд, сарынх нь зүүн, өдрийнх нь зүүн зүгт байна. Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал «Суудал өнцөгдсөн»; нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал «Суудал салгуулах» засал хийлгэдэг болой.

-ГАЛ-

Гал суудалд суусан хүн-«Хадуур барьсан» тул маш сайн. Тэр жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.

Төрсөн он.
Эрэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Эмэгтэй: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, гал гаргаж зүүн хойт зүгт хаяж, шавар юмуу гурилаар «морины толгой» хийн урьд зүгт газарт булаад, урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Цэнд уншуул.

«ШОРООН»

Шороон суудалд суусан хүн–«Буян хишиг барьсан» тул сайн. Тэр жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү авагтун. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй байх. Улаан хонины мах идэхгүй, чоно барьсан малын мах идэхгүй, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.

Төрсөн он.
Эрэгтэй: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
Эмэгтэй: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

Мөрөө гаргахдаа – “ Ум бадма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн зүгт хаяж, шавар эсвэл гурилаар «хонины толгой» хийн баруун урьд зүгт газарт булаад, баруун урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Саейнинбо уншуул, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.

-ТӨМӨР-

Төмөр суудалд суусан хүн–«Яс барьсан» тул сайн. Тэр жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах идэхийг цээрлэнэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Чоно барьсан малын зүүн хавирганы мах идэж болохгүй. Хутга мэсний аюулаас болгоомжлох шаардлагатай. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.

Төрсөн он.
Эрэгтэй, эмэгтэй: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016
Мөрөө гаргахдаа – “ Ум радна дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун урд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлийг нугалж, хугалан хойд зүгт хаяж, шавар юмуу гурилаар «ямааны толгой» хийн баруун зүгт булаад, баруун (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул. «Мэсний хариулга» хийлгэх сайн.

-ОГТОРГУЙ-

Огторгуй суудалд суусан хүн–«Уут барьсан» тул маш муу. Тэр жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.

Төрсөн он.
Эрэгтэй: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015
Эмэгтэй: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Мөрөө гаргахдаа –“ Ум пагма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас зүүн зүгт хаяж, гурилаар «нохойн толгой» хийн баруун хойд зүгт газарт булаад, баруун хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.

-УС-

Ус суудалд суусан хүн–«Түлхүүр барьсан» тул маш сайн. Тэр жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.

Төрсөн он.
Эрэгтэй: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014
Эмэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Мөрөө гаргахдаа – “ Ум гарма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урд (эмийн) зүгт зүгээ гаргаад, баруун зүгт ус асгаж алхлан, гурилаар “гахайн толгой” хийн хойд зүгт газарт булаад, хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал – Лүмбүмгарав, Лүйвангон, Шавдаг дором уншуул, Газар усаа тахь.

«УУЛ»

Уул суудалд суусан хүн–«Гангар (шаазан) барьсан» тул муу. Тэр жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Төрсөн он.
Эрэгтэй: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013
Эмэгтэй: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

Мөрөө гаргахдаа – “ Ум будда дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (эмийн) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо өмнө зүгт хаяж, гурилаар «үхрийн толгой» хийн зүүн хойд зүгт газарт булаад, зүүн хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.

-МОД-

Мод суудалд суусан хүн–«Хог барьсан» тул муу. Тэр жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Төрсөн он.
Эрэгтэй, эмэгтэй: 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

Мөрөө гаргахдаа – “ Ум базар дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, хойт (цог хийморь) зүгт зүгээ гаргаад,–Модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд зүгт хаяж, гурилаар «туулайн толгой» хийн зүүн зүгт газарт булаад, зүүн (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Нит, Ариун сан уншуул, Усан балин өргө.

-ХИЙ-

Хий суудалд суусан хүн–«Шөргүүл барьсан» тул муу. Тэр жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Төрсөн он.
Эрэгтэй: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011
Эмэгтэй: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, гурилаар “лууны толгой” хийн зүүн урд зүгт газарт булаад, зүүн урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Яг унун биз

    0 0 Хариу бичих
  2. Календариас зөрөөд байна. Аль нь зөв бэ

    0 0 Хариу бичих
  3. Хэрэгтэй юм бна

    0 0 Хариу бичих