Г.Амгаланбаатар: “Би эндээс явахгүй” жүжгийг контемпорари хэлбэрээр тавина

Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч, нийгмийн зүтгэлтэн Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. УДЭТ-ынхан уг ойг тохиолдуулан Э.Оюуны “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг нь удахгүй тайзнаа тавих гэж байна.

Энэхүү жүжгийн талаар УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатартай ярилцлаа.

 

-Э.Оюун гуайн зохиол “Би эндээс явахгүй” киног үзэгчид сайн мэднэ. 1990-ээд оны эхээр хийгдсэн анхны видео кино ч гэдэг. Киноных нь дууг л гэхэд У.Далантай, С.Эрдэнэцэцэг гавьяатууд дуулж хит болгож байсан даа. Харин одоо энэ зохиол УДЭТ-ын тайзнаа амилах гэж байгаа юм байна. Өмнө нь тайзанд тавигдаж байсан юм болов уу?

-Хөдөө орон нутгийн театрт тавигдаж байсан юм билээ. Драмын театрын тайзнаа бол тавигдаагүй. Э.Оюун гуайн энэ зохиолыг төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар маань найруулж байгаа.

-Та ямар дүр бүтээж байна вэ?

-Цэвэг гэж эмчийн дүрд тоглож байна. Гол дүр биш ч жүжигт нэлээд нөлөөлөхүйц дүр.

-Өмнө нь бүтээж байсан дүрүүдээс хэр ялгаатай байна вэ. Өөрийгөө хэр “шавхаж” ажиллаж байна?

-Жүжигчин хүн тоглох жүжгээ орчин үеийн, сонгодог гэж ялгадаггүй. Өөрт оногдсон дүрдээ бүх л юмаа гаргадаг. Энэ жүжигт тэгж л ажиллаж байна. Ачаалал нэлээд өндөр байгаа.

-Н.Наранбаатар найруулагчийн “Би эндээс явахгүй” ямар байх бол гэж үзэгчид хүлээж байгаа байх. Та жүжигчний хувьд энэ жүжгийн онцлог гэвэл юуг  хэлэх бол?

-Энэ бол Э.Оюун багшийн 1960 хэдэн онд бичсэн жүжиг. Гол утга санаа нь гэр бүл, хайр сэтгэлийн тухай. Тухайн үед социалист нийгмийн үзэл суртлын үүднээс бичсэн байж таарна. Гэхдээ тэр үед байсан асуудал одоо ч гэсэн өнөөгийн энэ нийгэмд байж л байна. Тэр нь юу вэ гэхээр гэр бүлийн ариун нандин нь юундаа байдаг юм бэ. Гэр бүлээ аврахын тулд, гэр бүлдээ хайртай байхын тулд хүн яах ёстой вэ гэдэг санааг яг хэвээр нь гаргана. Мэдээж орчин үед тохируулж шинэчилсэн. Тавь гаруй жилийн  тэртээ XX зууны дунд үед бичигдсэн жүжгийн зохиолыг XXI зууны үзэгчдэд толилуулахын  тулд өөрчлөхгүй бол болохгүй. Тиймээс энэ зохиолын шинэтгэсэн хувилбарыг залуу зохиолч Д.Мэндсайхан гэж бүсгүй бичсэн.

Манай жүжгийн онцлог нь Н.Наранбаатар найруулагч шинэлэг шийдэл хайж байна. Контемпорари маягаар туршиж байна. Ямар ч байсан хүн уйдаахгүй, сонирхолтой жүжиг болно. Манай үзэгчид төрийн соёрхолт Н.Наранбаатарын жүжгүүдийг үзэх дуртай байдаг.

-Гэр бүл салалт, хайр дурлалын үнэ цэнийн тухай ойлголт өнөөгийн нийгэмд илүү хурцаар тавигдаж байгаа. Тэгэхээр хуучин зохиолын санаа хуучраагүй байгаа гэж болох юм байна даа?

-Тийм. Гэр бүлийн асуудал бол мөнхийн сэдэв юм. Ялангуяа өнөө үед гэр бүлийн үнэ цэнэ алга болох нь. Жилд 3500 хос салж байна гэсэн статистик саяхан би олж уншсан. Энэ бол сэтгэл эмзэглэмээр тоо, аймаар дохио, сэрдхиймээр үзүүлэлт. Тиймээс гэр бүлийн ариун нандин холбоог харуулсан чухал сэдвийг хөндсөнөөрөө энэ жүжиг үнэ цэнэтэй.

-Жүжигчдийн дүр сонголт ч бас сонирхолтой санагдсан. Жишээ нь О.Гэрэлсүх жүжигчин гол дүрд тоглох юм билээ?

-“Би эндээс явахгүй” жүжгийн гол дүр Дорлигт О.Гэрэлсүх жүжигчин тоглож байгаа. О.Гэрэлсүх маань тайзнаа тоглоогүй удсан. Манай УДЭТ-ын 1996 оны Ромео шүү дээ. Сүүлийн 10 гаруй жил, бараг 20-иод жил жүжигт тоглоогүй болохоор тайзаа их санагалзсан байна лээ. Эргэж формондоо орох гэж их хөдөлмөрлөж байгаа. Сайхан дүр бүтээх байх аа.

-Жүжиг хэзээ  нээлтээ хийх вэ?

-Хоёрдугаар сарын 27-нд нээлтээ хийнэ. Гуравдугаар сарын 15 хүртэл УДЭТ-т тавигдана. Тэгээд хөдөө орон нутгаар тоглох байх. Энэ жүжигт зөвхөн хотын амьдрал бус хөдөөгийн амьдрал бас гардаг юм. Тэгэхээр орон нутгийнханд сонирхолтой байх бизээ.

Манай УДЭТ жил бүр алтан үеийнхнийхээ дурсамж тоглолтыг хийдэг. Ахмад үеийн алдартнуудын тэгш ойг нэлээд өндөр хэмжээнд онцолж тэмдэглэдэг. Тэр тусмаа Э.Оюун багш бол театрын этик буюу ёс зүйн талаар их зүйл хийсэн, театрынхны дээдлэн хүндэлдэг тийм хүн. Тиймээс энэ жил тохиож байгаа 100 жилийнх нь ойд ингэж хүндэтгэл үзүүлэх нь манай театрынхны зайлшгүй хийх ажил юм.

-УДЭТ-ын ойрын үеийн жүжгүүд, ирэх сарын хуваарийг сонирхоё?

-“Би эндээс явахгүй” жүжиг маань ирэх сард ч гэсэн тавигдана. Олон улсын театрын өдрийг угтаад сонгодог жүжгүүдээ тоглох байх. Дөрөвдүгээр сард Өмнөговь, Дундговь, Дорнод аймгаар жүжгүүдээ авч явна.

-Жүжигчин Г.Амгаланбаатар жүжгээс гадна хувийн уран бүтээлдээ хэр цаг гаргаж байна вэ. Дэлгэцийн шинэ уран бүтээлд тоглож байна уу?

-Би УДЭТ-аа ажлаа хийгээд л, тавигдаж байгаа жүжгүүдэд бүгдэд нь тоглоод явж байна. Хамгийн сүүлд “Хуримын даашинзтай бүсгүй” кинонд тоглосон. Одоо нэг киноны санал ирсэн. Зураг авалт нь гуравдугаар сард эхэлнэ. Театрын ажил их тул тэр бүр кинонд тоглох зав гардаггүй юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. darga bolson yum uu muruuduj bgaa yum uu

    0 0 Хариу бичих