Хамгийн найраагүй барилдаан

Уг нь цагаан сарын барилдаан бөхчүүдэд нэг их ач холбогдолгүй. Юу гэвэл, энэ барилдаанаар цол олгодоггүй. Гэвч аваргаасаа эхлээд бүх бөхчүүд чухам энэ барилдаанд зодоглохыг хүсдэг нь сонин. 

Яагаад тийм юм бол? 

Учир нь монголчууд цагаан гэж нэрлэсэн сараараа л ирж буй жилийн өнгийг мэддэг. Бөхчүүд ч ялгаагүй. Иймээс ч хаа байсан зун болох наадамд хэн гээч бөх сайн барилдахыг урьдчилан шинждэг гэлтэй. Ингэж л хэдэн улирлын өмнөөс монголчууд наадамд дуулиан тарих бөхчүүдээ хардаг гэмээр.
Угаасаа цагаан сарын барилдааныг ард түмэн “Бага наадам” гэж нэрийддэг. Бага наадамд ямар ч бага цолтой бөх аваргаас ч айж, бэргэлгүй сайхан чин шударгаар үздэг. Иймээс ч цагаан сараар аймгийн цолтой бөх хүртэл түрүүлж үзүүрлэсэн нь цөөнгүй.

Цагаан сарын барилдаан бол Монголын бүх бөхчүүдийн оролцохыг тэмүүлдэг, нэг ёсны нэр хүндийн тэмцээн байсаар иржээ.

Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн барилдааны тухай ярилцахаас өмнө юуны түрүүнд цагаан сарын барилдааны түүхийг товч дурдах нь зүйтэй болов уу.

Анх цагаан сарын шинийн нэгэнд зориулсан үндэсний бөхийн барилдааныг хөдөөгийн нэгдэлч малчдын баяр хэмээн 1963 оноос эхлэн радиогоор орон даяар дамжуулж, харин 1968 оноос телевизээр шууд дамжуулан үзүүлдэг болжээ. Тэгэхээр, монголчууд цагаан сарын барилдаанаа телевизээр үздэг болсны 50 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэх хэрэгтэй.

Монголчууд бэлэгшээдэг ард түмэн. Бөхчүүд ч бэлэгшээн цагаан сарын баяраар зодоглохыг чухалд үздэг. Аваргууд гэлтгүй наадамд аль хэдийнэ зодоглохоо больсон хайртай бөхчүүдээ зон олон чухам цагаан сарын барилдаанаар л хардаг байлаа. Тэдний нэг нь “цахилгаан” гэх Мөнхөө байсныг 1980-аад оны үзэгчид андахгүй. Хамгийн настайн дээр хамгийн эрэмгий бөх тэр л байсан гэдэг.

Яг тэр үед л ард түмний хайртай Увсын Ө.Тулгаа заан буюу алсын замын жолооч 1300 гаруй километр замд ачаа тээж ирээд шууд л цагаан сарын барилдаандаа зодоглодог байсан юм билээ.

Цагаан сарын анхны барилдаан гэхээр үндэсний бөхөд хоёр Мөнхийн гэх үеийг эхлүүлж байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Хамгийн анхны буюу Нэгдэлчдийн баяр нэрийн дор болсон 1963 оны барилдаанд Ж.Мөнхбат будаг нь ханхалсан залуу заан байхдаа түрүүлж байв. Тэрээр ийнхүү цагаан сарын барилдаанд хамгийн залуу буюу 22 насандаа түрүүлсэн бөхөөр тодорсон бөгөөд түүний энэ амжилтыг өнөө хэр хэн ч эвдэж чадаагүй байна. Харин 1966 оны барилдаанд залуу заан Х.Баянмөнх Д.Дамдин, Ж.Мөнхбат аваргуудыг орхиж, анх удаагаа түрүүлсэн байдаг. Энэ үед Ж.Мөнхбат аварга “Баянааг ааглаж давдаг маань өнгөрч байх шиг байна. Одоо бол ухаанаар давна шүү” хэмээн хэлсэн юм билээ. Цагийг эзэлсэн хоёр бөх цагаан сарын барилдаанд дөрвөн удаа үзүүр түрүүнд таарахад Х.Баянмөнх гурван удаа түрүүлж байжээ.
Яг тэрхүү цагаан сарын барилдаанаас л тэр хоёрын олон жилийн өрсөлдөөн эхэлсэн байдаг юм. Тэр үед шилдэг 64 бөх Спортын ордонд хүч үздэг байжээ.

1991 оноос энэхүү барилдаанд 128 бөх зодоглодог болсноос хойш дархан аварга Б.Бат-Эрдэнийн үе эхэлсэн. Тэрээр цагаан сарын барилдаанд хамгийн их буюу 13 удаа түрүүлсэн билээ. 

2006 он буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн тэгш ойтой нохой жилийн сар шинийн баяраар УИХ-ын гишүүн болоод байсан дархан аварга Б.Бат-Эрдэнэ залуу аварга, гарьд, заануудыг өвдөг шороодуулж түрүүлсэнд бөх сонирхогчид ихэд дургүйцэж, усны сав шидэлж байсан юм. Үүнээс өөр будлиантай барилдаан цагаан сараар тохиогоогүй гэдэг. Энэ нь Б.Бат-Эрдэнэ аваргын сүүлийн түрүү байлаа. Ийнхүү тэрээр цагаан сарын барилдааны түрүү авсан хамгийн настай бөхөөр тодорсон юм.

Энд тэмдэглэхэд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэгш ой буюу ардын хувьсгалын 80 ба 90 жилийн наадмын түрүүгээ том, жижиг Сүхбатад (П.Сүхбат, А.Сүхбат) алдаж байсан. Тиймээс ч Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн тэгш ойн жилийн цагаан сараар тэрээр хүч нь харьсан, барилдахаа больсон 42 насандаа ийнхүү ямар ч хамаагүй аргаар түрүүлэхийг тэмүүлэн ард олны дүргүйцлийг хүргэсэн удаатай. Тэрхүү барилдаанд Б.Бат-Эрдэнэ өөрийн шавь Х.Мөнхбаатар, Б.Одхүү нарыг амлан гар амар даваад их шөвөгт дархан аварга Г.Өсөхбаярыг, үзүүр түрүүнд аварга Д.Сумъяабазар нарыг дэндүү “соёлтой” өвдөг шороодуулсан билээ.

Энэ тохиолдлоос өөр “ичмээр” буюу нэг нь нөгөөдөө зориудаар унаж өгсөн онцгүй цагаан сарын барилдаан болоогүй ээ.

Цагаан сарын барилдааны түүхийн бусад сонирхолтой статистик тоо баримтаас дурдвал, улсын харцага Ч.Өвгөнхүү 1969 онд Д.Дамдин, С.Цэрэн, Ч.Бээжин зэрэг гурван аваргыг дараалан хаян түрүүлж байсан удаатай. Энэ нь таван аваргатай барилдаанд улсын начин цолтой бөх түрүүлсэн анхны тохиолдол байв.

Ер нь наадамд бөхөөр одгүй Сүхбаатар аймгийнхан цагаан сарын барилдаанд онцгой сайн амжилт үзүүлсэн. Жишээ дурдвал, улсын харцага Ч.Өвгөнхүү, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар нар түрүүлсэн бол улсын заан Ц.Магалжав, улсын начин Л.Дашдаваа нар үзүүрлэж байсан түүхтэй.

Харин тус барилдаанд улсын цолгүй хоёр бөх жил дараалан түрүүлж байсан нь 2010 онд цэргийн арслан цолтой байсан Ц.Санжаадамба, 2011 онд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар юм. Харин улсын цолгүй үзүүрлэж байсан бөхчүүд гэвэл Б.Ганбат (1998), Ц.Магалжав (2000), Ш.Жаргалсайхан (2008) О.Хангай (2014) нар ажээ.

Сонирхолтой нь, цагаан сарын барилдаанд зодоглосон аваргуудаас түрүүлж үзээгүй нэг бөх байдаг нь Ч.Бээжин аварга юм. Цагаан сарын барилдаанд хамгийн их буюу Хэнтий аймаг 13, Төв аймаг 10, Увс аймаг ес, Архангай долоон түрүү тус тус авчээ.

Тэгвэл цагаан сарын барилдаанд түрүүлсэн жилийнхээ Улсын баяр наадамд түрүүлсэн зургаан бөх байдаг бөгөөд 1963, 1964 онд Ж.Мөнхбат, 1972, 1979, 1982 онд Х.Баянмөнх, 1978, 1983 онд Д.Цэрэнтогтох, 1988, 1989, 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998 онд Б.Бат-Эрдэнэ, 2005 онд Г.Өсөхбаяр, 2013 онд Г.Эрхэмбаяр нар байна.

Хамгийн найраагүй, хамгийн их үзэгчтэй гэгддэг цагаан сарын энэ удаагийн барилдаанд өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй таван залуу арслан (П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва), бөхийн чансааг өнгөлж буй шижигнэсэн харцагуудын хэн нь түрүүлэх вэ гэдгийг харах л үлдлээ. Эс бөгөөс таавар эвдсэн улсын цолгүй нэгэн залуу цахиур хагалах ч юм билүү, хэн мэдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Заа шаана биз. Найраа замбраагүй явагдсаан.

    0 0 Хариу бичих
  2. Хамгийн найраагүй барилдаан гэж итгэж шимтэж үздэг байж билээ. Тэгсэн 2006 оны 1 сарын 29 ний цагаан сарын барилдаанаар дархан аварга Бат-Эрдэнэ ид барилдаж байгаа 2 зааныг Сумъяабазар, Өсөхбаяр нарыг шуудагнаас нээх сулхан үнэмшилгүй татаж унагаагаад нөгөө 2 нь жүжиглэж унаад тэр жилийн цагаан сарын барилдааныг гутам шиг болгож байлаа. Уг нь хүн бүр л Битүүний оройноос эхлээд л барилдааны тухай ам уралдуулан яридаг байтал тэр жил Бат-Эрдэнэ, Сумъяабазар, Өсөхбаяр нараас болж хүн болгон найраа яриж үндэсний бөхөд итгэх итгэлээ улам л алдсан даа

    1 0 Хариу бичих
    • Yaaag unen

      0 0

ЭНЭ ТУХАЙ