УИХ-ын Тамгын газрын ажилтнууд төрийн одон, медиалаар шагнууллаа

Ерөнхийлөгчийн 2018 оны хоёрдугаар сарын 12-ны 14 дүгээр зарлигаар Алтангадас одонгоор шагнагдсан УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Сэрээтэрийн Доржханд, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны референт Гомбо-Очирын Баярмаа нарт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон шагнал гардуулж, хэлсэн үгэндээ “УИХ-ын Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтнууддаа Төрийн дээд одон, медалиар шагнагдсан тань баяр хүргэе. Эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, угтан золгож буй арвандолоодугаар жарны “Тийн унжлагат" хэмээх шороон /шар/ нохой жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлье” гэлээ. Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Сэрээтэрийн Доржханд нь УИХ-ын Тамгын газарт ажил, хөдөлмөрийн гараагаа 1992 онд Эдийн засгийн байнгын хороонд нарийн бичгийн дарга, референт, зөвлөхөөр эхэлж байсан бол 2009 оноос эдүгээг хүртэл Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны референт Гомбо-Очирын Баярмаа нь анх 2005 онд Дэд бүтцийн байнгын хороо гэж байхад зохион байгуулагчаар ажиллаж байсан ба 2009 оноос Эдийн засгийн байнгын хороонд шинжээч, зохион байгуулагч, референт гэсэн албанд тус тус ажиллаж иржээ. Шагнал гардуулахад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Баяр хүргэж, ажилд нь улам их амжилт хүсье. Миний мэдэхээс Доржханд л лав УИХ-д нилээн олон жил ажиллаж байгаа .

    0 0 Хариу бичих