Гал тахиа жилийн тэргүүн бөх: Улсын харцага Б.Бат-Өлзий

Сар шинийн өмнөхөн МҮБХ-ноос зарласан Гал Тахиа жилийн шилдэг найман бөхийн жагсаалтыг аварга арслангуудыг ардаа орхин тэргүүлсэн Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий чансаагаа баталж, сар шинийн барилдаанд түрүүллээ. 

XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд Б.Бат-Өлзий тахиа жилийн шилдэг найман бөхөд багтсан Улсын харцага О.Хангай, Т.Баасанхүү, Улсын арслан Ц.Содномдорж, арслан П.Бүрэнтөгс нарыг ээлж дараалан давж, иртэй, бяртай, өндөр түвшний бэлтгэлтэй байгаагаа баталсан юм. 

Улсын харцага Б.Бат-Өлзий нь 1992.06.08-нд Ховд аймгийн Зэрэг суманд Сумын заан Б.Баярхүүгийн гэрт төрсөн, удам дамжсан хүчтэн юм. 2008 онд Ховд аймгийн Чандмань сумын баяр наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэн Б.Бат-Өлзий 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Амарзаяагаар тав, аймгийн арслан Д.Анараар зургаа даван шөвгөрч, улсын харцага цол хүртсэн юм. 

2010 оноос Шонхор БТДС-ийн багш, дасгалжуулагч аймгийн начин Батбаатарын удирдлаган дор үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн тэрээр ийнхүү найман жилийн дотор Үндэсний бөхийн өнгө төрхийг тодорхойлогч хүчтэнүүдийн нэг болж, наадмын тааварт орж ирлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ