ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн хоолны хордлогын үед гэрийн нөхцөлд авах аргууд

Сар шинийн өдрүүдээр бага насны хүүхдүүд хоолны хордлого авах нь бий. Хоолны хордлогын үед гэрийн нөхцөлд авч болох аргуудыг хуваалцья.

Гэхдээ хоолны хордлогын хурц шинж тэмдэг илэрч буй тохиолдолд түргэн дуудах буюу ойролцоох эмнэлэгтээ яаралтай хүргэж эмчлүүлэх хэрэгтэй.

Хоолны хордлого нь эхүүн үнэртэй хэхрэх, бөөлжих, ойр ойрхон гүйлгэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Гүйлгэж, бөөлжсөн тохиолдолд хүүхэд маш хурдан шингэнээ алддаг. Тиймээс нэн түрүүнд хүүхдийн шингэнийг нөхөх хэрэгтэй.

Давстай ширгээсэн ус 

Зориулалтын саванд ус хийн ширгээж буцалгана. Буцлах үед нь жамц давс хийнэ. Жамц давс байхгүй тохиолдолд энгийн иоджуулсан давс зэргийг орлуулан хэрэглэж болно. Ингээд давстай ширгээсэн усаа халуун бүлээнээр нь бага багаар ойр ойрхон уулгах хэрэгтэй.

Хросол буюу давс чихрийн уусмал 

Эмийн сангуудаар үйлдвэрийн аргаар найруулсан хросолууд зардаг. Ийм төрлийн хросолыг зааврын дагуу усанд найруулж халуун бүлээнээр нь уулгана.

Эсвэл  1 литр буцалсан усанд 8 ц/х элсэн чихэр, 1 ц/х давс хийн сайтар хутгаж хросол бэлдэн хэрэглэж болно.  

Эдгээр шингэнүүд нь хүүхдийн шингэнийг нөхөхөөс гадна ходоод гэдсийг цэвэрлэх үүргийг давхар гүйцэтгэдэг.

Хярам

Хөнгөн хордлогын үед багахан давстай шингэн хярам уулгаж болно. Давстай хярам нь гэдэс дотрыг цэвэрлэхийн зэрэгцээ шингэн нөхдөг ачтай.

Бантан

Хордлогоны эхэн үед р шингэн бантан өгнө. Хийхдээ махаа угаах, эсвэл эхний буцалсан шөлийг нь солих буюу хоёр дахь удаагаа буцалгасан цагаан шөлөөр бантан хийж өгөөрэй. Хордлого гайгүй болох тусам гурилаа бантагнаж өтгөрүүлэн өгөх нь зүйтэй.

Цагаан будааны шүүс 

Бага зэрэг будааг усанд хийн шүүсийг нь өтгөртөл буцалгана.  Цагаан будааны шүүсийг дангаар нь уулгах буюу будааг нь идүүлж болно. Цагаан будааны шүүс нь ходоод гэдсэнд өнгөр тогтоож, гүйлгэлтийг зогсоодог. Гэхдээ 2-оос дээш хоног дан цагаан будааны шүүс өгөх нь хүүхдийг тэжээлийн дутагдалд оруулдаг аюултай.

Хуурсан мах

Хүүхдийн гэдэсний гүйлгэлт намдахгүй байгаа үед мах хуурч өгөх нь бий. Ингэхдээ дан хар махыг ( хүзүүний мах тохиромжтой) жижиг хэрчиж, ямар ч тос ус хийлгүйгээр махны өөрийнх нь шөлөнд хуурч болгоно. Давсаар амталж болно.  

Түлсэн цагаан будаа

Хүүхдийн гүйлгэлт зогсохгүй байгаа цагаан будаа түлж өгөх аргаар гэдсэнд өнгөр тогтоох арга бий. Ингэхдээ цөөхөн цагаан будааг саванд хийн түлэгдэж нүүрс болтол нь байлгана. Дараа нь түлэгдсэн будаагаа нунтаглаж идүүлнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)