ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-2030: Тэгш эрхийн төлөөх 100 жилийн тэмцлийн үр дүн

Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж эхлээд хоёр зууныг ардаа орхижээ. Ердөө л зуу гаруйхан жилийн өмнө тэд эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө эрчүүдэдэд бараа мэт худалдагдаж, дарлагдан зовсон ч энэ тухайгаа илэрхийлэх ч эрхгүй байв. Харин зориг гарган дуу хоолойгоо илэрхийлж эхэлснээр тэд бага багаар амжилт олсоор өнөөдрийг хүрчээ. Эрчүүдтэй хийсэн энэ урт удаан хугацааны тэмцэлд хадан дээрээс түлхүүлэх, үй олноороо торны цаана суух, тэр ч бүү хэл амьдаараа шатаалгах зэргээр зовсон ч эрх мэдлээ тодорхой хэмжээгээр ахиулж чадсан байна. Бүсгүйчүүд 100 жилийн өмнө сонгуульд ч оролцох эрхгүй байсан бол өдгөө зарим нэг оронд Парламентын дийлэнхийг эзлэн суух болжээ. Дэлхий дээр тусгаар тогтносон 200 гаруй улсаас эмэгтэй парламентчгүй улс зургаахан (Вануату, Тонга, Катар, Палау, Йемен, Микронези) үлджээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Европын комиссоос нэгэн сонирхолтой судалгааг гаргасныг тоймлон сонирхуулья.

Эдийн засаг бизнесийн салбарт норвеги бүсгүйчүүд тэмцэлд оройлон оролцсон гэдэг нь судалгааны үр дүнгээс харагдсан байна. Энэ хүчин зүтгэлийн үр дүнд тус улсын тэргүүлэх компаниудын 40 орчим хувийг эмэгтэйчүүд атгаж байдаг аж. Европ тивийг бүхэлд нь авч үзвэл томоохон 10 компани тутмын нэг нь эмэгтэй захиралтай байна гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ энэ тоо цаашид өсөх бүрэн боломжтой. Учир нь энэ чиглэлээр их дээд сургуульд суралцагч, 2010-2011 онд элсэн суралцагчдын тоо эрчүүдээс хамаагүй их буюу 60:40 харьцаатай байна. Энэ үзүүлэлт манай өмнөд хөршид хамгийн их буюу бүх элсэгч, суралцагчдын 63 хувьд хүсэн бол эрчимтэй хөгжлийн гараанд дээр ирээд буй зүүн Европын Румын, ОХУ, Украин зэрэг оронд тавиас дээш хувьтай гарчээ.

Харин Парламентын төвшинд аваад үзвэл

Руанда (Парламентын 80 гишүүний 49 нь эмэгтэй, хувь нь 61.3),

Болив (130/69/53/61%),

Куба (299/612/49.1),

Исланд (63/30/40.6%),

Никарагуа (92/42/45.7%)

Швед (349/152/43.6%)-ийн шингэн дуутнууд илүү амжилтад хүрчээ. Эдгээр орны Парламентад эмэгтэйчүүдийн оролцоо 100 жилийн хугацаанд 40-өөс дээш хувь болтлоо нэмэгдсэн аж. Гэхдээ эдийн засгийн салбараас ялгаатай нь, зарим улсад “бөндгөрийнхөө” хүчээр биш, квот тогтоосны хүчээр энэ амжилтыг гаргасан.

Руанда улсын одоогийн Парламентын гишүүдийн  61 хувь нь эмэгтэй. Ингэснээр энэ салбарт эрчүүдийг ялсан анхны улс Руанда болсон юм. Шоглож хэлбэл, эмэгтэйчүүдийн зорилго зөвхөн “Хүйсийн тэгш эрх, 50:50” биш, хэдэн мянган жилийн тэртээд ноёрхож асан “Эхийн эрхт ёс”-ыг сэргээх ч юм шиг. Гэхдээ ард нь эмэгтэйчүүдийн дуу хоолой Парламентад нь огт байхгүй улсууд ч байгаа гэдгийг дээр хальт дурдсан.

Манай улсын хувьд, Парламентдаа 13 эмэгтэй төлөөлөгчтэй, нийт гишүүдийн 17.1 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг гэдэг үзүүлэлтээр сүүл хавьцаа бичигдэж байна. 

НҮБ 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг батлахдаа тавдугаарт нь “Хүйсийн тэгш байдалд хүрэх, бүх эмэгтэйчүүд охидод эрх олгох” хэмээн зарлан тунхагласан билээ. Парламент, Засгийн газрын төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо багатай улсуудын хувьд дээр нэр дурьдагдсан улсууд үлгэр жишээ, цаашид хийх ажлынх нь түүчээ болж явах учиртай. 

Манай улсын хувьд, Парламентдаа 13 эмэгтэй төлөөлөгчтэй, нийт гишүүдийн 17.1 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг гэдэг үзүүлэлтээр сүүл хавьцаа бичигдэж байна. 

Дэлхий нийтийн төвшинд аваад үзвэл, ажил хөдөлмөрийн салбарт хүүхнүүд харин эрчүүдийг хол хаяжээ. Өмнө нь өрх гэрийн “нэргүй ажил” хийсээр хөдөлмөрөө үнэлүүлж чаддаггүй байсан бол одоо хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлж хөдөлмөрчин ангийн дийлэнхийг бүрдүүлэх болсон байна. Өдгөө өндөр хөгжилтэй орнуудын ажиллах хүчний 60-аас дээш хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм.

Парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь харьцангуй бага ч гэсэн Монгол Улс хүйсийн тэгш эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг.

Жендерийн асуудлаар дагнан ажилладаг бүхэл бүтэн агентлагийг Засгийн газрынхаа дэргэд байгуулан ажиллаж байгаа нь үүний илэрхийлэл юм. "Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай" НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх МУ-ын үндэсний 8, 9 дүгээр нэгтгэсэн илтгэл хэлэлцүүлэх 63 дугаар хуралдаан 2016 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Швейцарийн Женев хотноо болж өнгөрсөн. Тэрхүү хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэлийн тавьсан илтгэлд, конвенцийн хэрэгжилт Монгол Улсад 75 хувьтай байгаа гэж дурджээ.  Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай тусгай хууль баталснаас гадна, Хөдөлмөрийн тухай, төрийн албаны тухай гэх мэт бусад бүх хуульд хүсийн тэгш эрхийг хангах талаар заалт оруулан мөрдөж, олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь энэхүү дүгнэлтийг хийхэд нөлөөлсөн нь дамжиггүй.

Боловсролын салбарт бол эмэгтэйчүүд бүх төвшинд (цэцэрлэг, сургууль, их дээд сргуулийн оюутан суралцагчид, багш сурган хүмүүжүүлэгчид) давамгайлж, нэгэнт ноёрхлоо тогтоож чадсан. Өрх гэрийн төвшинд ч энэ байдал хадгалагддаг. Элэг бүтэн гэр бүлүүдийн дунд эмэгтэй “жанжин”-тай нь олон бий. Харин, Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2017 оны жилийн эцсийн тайланд “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өссөн” гэсэн баримт байгаа нь харамсалтай.

Сүүлийн 3 жилийн дунджаар Монгол улсын хэмжээнд нийт 81.2 мянган өрх толгойлсон эмэгтэй  байгаагийн 23.8 мянга нь УБ хотод байдаг гэсэн тоо Нийслэлийн Статистикийн Газраас гаргасан байна. Монголын нийт гэр бүлийн 10 хувьд хүрсэн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн цаана нийгмийн олон асуудал нуугдаж байгаа нь маргашгүй үнэн.

Эдгээр баримтуудаас харахад, эмэгтэйчүүдийн эрх ядуу гэр бүлд илүү ихээр зөрчигдөж байгаа юм. Тиймээс, үнэхээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалъя л гэж байгаа бол юун түрүүнд “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын хамгийн эхэнд бичигдсэн “Орон бүрт ядуурлын бүх төрлийг арилгах” зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах ёстой нь харагдаж байна.

Хэдийгээр дэлхий нийт эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж, дуу хоолойг нь сонсдог болсон ч эмэгтэйчүүд гэмт хэрэг, хүчирхийллийн золиос болдог, хүн худалдаалах гэмт хэргийн гол бай хэвээр байна. Тиймээс хүйсийн тэгш эрхийн төлөөх тэмцэл цаашид ч олон жил “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, 2030 оноор хязгаарлагдахгүй, цаашид үргэлжлэх нь дамжиггүй.   

Анхны шанг татагсад...

Эмэгтэйчүүд улс орны жолоог атгаж байсан хамгийн эртний баримт МЭӨ 3000 онтой холбогддог. Анхны тэр эмэгтэйн нэрийг Шумерийн хатан хаан Ку баба гэх бөгөөд Месопотамийн хөндийд орших Ур хэмээх хот улсыг захирч байжээ. Үүнээс хойш харин шингэн дуутнуудын нөлөө мэдэгдэхүйц буурсан юм. Ардчилсан, бүгд найрамдах улсууд бүрэлдэж эхэлсэн ч дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө нэг улс эмэгтэй хүнийг сайдын төвшинд хүртэл үнэлж байгаагүй аж. Түүнээс хойш л Украин, ОХУ, Унгар, Ирланд зэрэг орнууд засгийн газартаа оруулах болжээ. Уншигч танд эмэгтэйчүүд удирдах төвшинд ажиллах шанг анхлан татсан түүхэн хувь заяатай эмэгтэйчүүдийг танилцуулж байна. 

Анхны сайд

Данийн улстөрч Нина Бэнг парламентаасаа ардчилсан зарчмаар сонгогдсон анхны сайд гэж тооцогддог. Тэрээр 1924-1926 оны хооронд улсынхаа Боловсролын сайдаар ажилласан юм. Их Британийн Маргарет Бондсфильд 1929-2931 онд Хөдөлмөрийн яамыг тэргүүлж, түүний араас залгасан юм. Энэхүү мэдээллийг авсан эх сурвалжид Д.Пунцаг гэгч эмэгтэй 1930 онд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд хаалтад “1920-иод оны үед Монгол Улсад хоёр ч эмэгтэй дэд сайдаар ажиллаж байсан байх магадлалтай” хэмээн тэмдэглэжээ.

Үүнээс хойш удирдах төвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь тогтмол өсч ирсэн ч маш удаан байв. Ялангуяа 1960 оноос өмнө эмэгтэй хүнийг Засгийн газрын гишүүнээр томилох явдал “өдрийн од” мэт ховор байжээ.

Ерөнхий сайд

Ширивамо Бандаранайке 1960 онд Шри Ланкагийн Ерөнхий сайдаар сонгогдож, Засгийн газрыг тэргүүлсэн анхны эмэгтэй хэмээн түүхэнд бичигджээ. Түүнээс зургаан жилийн дараа Энэтхэгт Индира Ганди, 1969 онд Израильд Голда Мейр нар Ерөнхий сайдаар томилогдсон байдаг.  Дээр нэр дурьдагдсан Ш.Бандаранайке 1970 онд дахин Ерөнхий сайд бол, нийтдээ 12 жил Засгийн газрыг тэргүүлжээ. Тэрээр энэ үзүүлэлтээрээ эмэгтэйчүүд дотроо хоёрдугаарт жагсдаг. Доминиканы Ерөнхий сайдын албыг 14 жил хашсан Дэйм Южиниа Чарльз нэгдүгээрт бичигддэг бол Их Британийн “Төмөр хатагтай” хэмэн алдаршсан Маргарет Тэтчер, Энэтхэгийн Индира Ганди нар 11 жил гэсэн үзүүлэлтээр удаалдаг байна. Дашрамд дурьдахад, Германы Канцлер Ангела Меркель 2013 оны сонгуульд ялалт байгуулснаар, хамгийн удаан хугацаанд Засгийн газар тэргүүлсэн эмэгтэй удирдагчдын жагсаалтыг тэргүүлэх нь ойлгомжтой болсон. Тэрээр 2005 оноос хойш 10 гаруй жил засаглаж байгаа билээ.    

Ерөнхийлөгч 

Аргентиний “поп” ерөнхийлөгч Хуан Пероны гурав дахь эхнэр Изабель Перон 1974 онд Ерөнхийлөгчөөр сонгогдон, төрийн тэргүүн болсон анхны эмэгтэй болжээ. Түүнээс өмнө Тувагийн Анчмаа Тока 1940 онд, Монголын “Сүхбаатарын” буюу Цэндийн Янжмаа 1953 онд Парламентын даргын албан тушаалд томилогдсон хэмээн түүхэнд үлджээ.  

Хамгийн хамгийн...

1999 оны сонгуулиар байгуулагдсан Шведийн Сайд нарын танхимд 11 эмэгтэй, есөн эрэгтэй сайд багтсан. Ингэснээр Засгийн газрын сайд нарынхаа талаас илүүг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн анхдагч улс болжээ. Түүний дараа 2007 онд Скандинавын бас нэгэн улс Финланд Засгийн газрын гишүүдийнхээ 60 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлж байв. 

Төр тэргүүлж буй шингэн дуутнууд

Нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь эдүгээ урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд ирснийг харуулах статистик мэдээллийг хүргэе. 2016 оны байдлаар, 193 эмэгтэй НҮБ-д улсаа төлөөлөн сууж байгаа бөгөөд 25 улс эмэгтэй төрийн тэргүүн, эсвэл ерөнхий сайдтай байна. Дани, Их Британи гэсэн хоёр улс хатан хаантай, Чили, Хорват, Эстон, Либери, Литва, Мальта, Маршаллын арлууд, Мавритани, Балба, Швейцарь, Тайвань гэсэн 11 улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй байна. Түүнчлэн Бангладеш, ХБНГУ, Намиби, Норвеги, Польш, Спрска, Аландын арлууд гэсэн долооон улс эмэгтэй Ерөнхий сайдтай байгаа юм (НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын “Womens in politics 2017” судалгаа).    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. EMEGTEI HUND NEG ERHTEN DUTUU BAIDAG N ZUGEER NEG HEREG BISH SURGAMJ

    0 0 Хариу бичих