Мальдивын парламент онц байдлын хугацааг сунгах шийдвэр гаргажээ

Мальдивын парламент онц хурал хуралдуулж, улс орондоо зарласан онц байдлын хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр  гаргажээ. Уг онц хуралд Мальдивын парламентын 85 гишүүний 40 нь сууснаас 38  гишүүн онц байдлын хугацааг сунгахыг дэмжсэн байна.

Парламентын дарга Абдулла Масех онц хурал эхлэхээс өмнө хэлэхдээ “Улс даяар онц байдалд байгаагийн улмаас Үндсэн хуулийн дагуу энэ удаагийн хуралд  оролцох парламентын гишүүдийн тоонд тусгай шаардлага тавиагүй юм” гэжээ.  

Мальдивт улс төрийн тогтворгүй байдал үүссэнээс энэ сарын 05-нд 15 хоногийн хугацаатай онц байдал зарласан юм. Онц байдлыг дахин сарын хугацаатай сунгасан нь олны анхаарлыг татаж байна. Учир нь онц байдал сунжирвал 392 мянга гаруй хүн амьтай, жилд 1.2 сая жуулчин хүлээн авдаг тус улсын аялал жуулчлалын салбар уналтад орж, эдийн засаг нь хүндэрч магадгүй гэсэн таамаглал байгаа юм.

Мальдивын сөрөг хүчний улс төрчид, тэдний дотор Ерөнхийлөгч асан Мохамед Нашид, Ахмед Адиб нарыг суллах шийдвэрийг тус улсын Дээд шүүх нь гаргаснаас болж Мальдивын улс төрийн байдал тогтворгүй болж эхэлсэн юм. Онц байдал зарласны дараа тус улсын Ерөнхийлөгч асан Момун Абдул Гаюмыг Засгийн газрыг түлхэн унагахаар завдсан гэдэг үндэслэлээр хүргэнийх нь хамтаар баривчилсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. MUNHNAR EEJ

    0 0 Хариу бичих